Баянзүрхчүүд “Төрийн үйлчилгээний цахим машин”-аа угтан авлаа
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.06.19

Баянзүрхчүүд “Төрийн үйлчилгээний цахим машин”-аа угтан авлаа

Шинэчлэлийн Засгийн газар төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэдэг болоход анхаарч ажиллаж байгаа билээ. Үүний нэг жишээ “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу “ТҮЦ машин” эхний хэсгийг ашиглалтад оруулсан явдал юм.

Иргэд энэхүү “ТҮЦ машин”-аас Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой санал гомдлоо өгч болохоос гадна, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, оршин суугаа хаягийн тодорхойлт, гэрлэлт бүртгэлийн тухай лавлагаа, сонин захиалга, цахилгааны төлбөрөө төлөх зэрэг үйлчилгээг авах боломжтой юм.

Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг нууцлалын өндөр зэрэгтэй кодоор баталгаажсан үнэт цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дууриалгах, хуулбарлах боломжгүй гэдгийг Мэдээлэл технологи, шуудан харилцаа, холбооны газраас онцолж байгаа.

Харилцаа холбоо

2013-2014 онд энэ төрлийн нийт 230 ширхэг машин ажиллах аж. Одоогоор нийт 17 цэгт энэ машины суурилуулсан. Өнөөдөр энэхүү “ТҮЦ машин”-ны нээлтийн арга хэмжээг 17 цэгт нэгэн зэрэг хийсэн юм.

Баянзүрх дүүрэгт гурван цэгт “ТҮЦ машин” суурилуулаад байна. Тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг 18 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах “Цэцэндэлгэржин” худалдааны төвд байрлуулсан “ТҮЦ машин”-ны нээлтийн арга хэмжээнд оролцсон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Тэргүүний техник технологийг ашиглаж иргэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай авах боломжтой болсонд баяртай байна.

Цаашид Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар иргэдийг энэхүү машиныг ашиглахад дадлагжуулах, тэдний санаа бодлыг сонсож илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллах шаардлагатай байна” гэлээ. Ийнхүү төрийн үйлчилгээ дөт болж иргэд ч сэтгэл хангалуун байна.