Ц.Жадамбаа: “Смарт бокс” буюу нийтийн хайрцгийг хэрэглээнд нэвтрүүлнэ
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбааг “Ярилцах танхим“ булангийнхаа энэ удаагийн дугаарт урьж, салбарынх нь талаар сонирхолтой ярилцлага өрнүүлсэн юм.
-Та Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын албан тушаалыг аваад хэр удаж байна вэ?
Энэ газрын шинэ удирдлага ажлаа авснаас хойш үндсэндээ найм орчим сарын хугацаа өнгөрч байна шүү.
-Энэ хугацаанд ямар, ямар ажлыг амжуулав?
Манай байгууллагад үндсэн чиглэл гэж байдаг л даа. Энэ хүрээндээ Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулан хүмүүст хүргэхэд маш ойлгомжтой байлгах үүднээс бодлогын долоон үндсэн чиглэлийг баталсан.
Энэхүү чиглэлүүдээ бодит ажил болгохоор бэлтгэл ажлаа хангаад явж байна. Тухайлбал, энэ сард бид нэлээд ачаалалтай ажиллаж байна. Жил бүрийн долоодугаар сард холбоочдын баяр гэж болдог байсныг Засгийн газраас тогтоол гаргаж, мэдээлэл, харилцаа холбооны салбарын баяр болгож, жил бүрийн тавдугаар сарын сүүлчийн долоо хоногт хийж байхаар тогтсон. Энэ хүрээнд энэ жилийн баярыг 24-нд хийхээр болоод байна.
Энэ утгаараа бид мэдээллийн технологийн хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын хаах нь, аль түвшинд явж байна вэ.
Тиймээс бид баяраа угтаж нэлээд ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, спортын өдөрлөгөө хийж, сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис, шатар, болон кибр спортынхоо аваргыг шалгарууллаа. Нөгөөтэйгүүр, баяраа угтан хийх гэж байгаа хамгийн чухал арга хэмжээний нэг нь долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа “ICT экспо 2013” юм.
-Ямар учраас хамгийн чухал арга хэмжээний нэгээр “ICT экспо 2013”-ыг нэрлэж байгаа юм бэ?
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд мэдээллийн технологийн шийдэл, өөрсдийн нэвтрүүлж байгаа программ хангамж, бүтээгдэхүүнээрээ өрсөлддөг болчихлоо. Энэ нь цаагуураа улсынхаа эдийн засгийн хөгжилтэй салшгүй холбоотойг хүн бүр мэдэх болсон.
Энэ утгаараа бид мэдээллийн технологийн хөгжлөөрөө дэлхийн улс орнуудын хаах нь, аль түвшинд явж байна вэ. Манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд ямар шинэ технологи нэвтрүүлэв гэдгийг “ICT экспо”-гийн үеэр тайлагнадаг уламжлалтай болсон. Мөн бидний ирээдүй хаашаа явж байна вэ гэдгийг олон нийтэд танилцуулдаг учир жил бүрийн “ICT экспо” олны анхаарлын төвд байдаг гэж хэлж болно.
Энэ удаа дээрх уламжлалын дагуу болж байгаа ч хиймэл дагуулын чиглэл рүү анхаарлаа хандуулж байгаагаараа онцлогтой юм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцохын хажуугаар олон сонирхолтой ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа.
“ICT экспо 2013”-ын үеэр манай фэйсбүүк хуудаст байршиж, хамгийн олон хүний санал авсан “Harlem shake” болон “Flash mob” бүжгийн уралдааны ялагчийг тодруулна.
Мөн кибр спортын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн, хурдан шивэлтийн зэрэг мэдээллийн технологийн онцлогтой тэмцээнүүд болохоос гадна энэ чиглэлийн эрдэм шинжилгээний хурлыг ч зохион байгуулна.
Нөгөөтэйгүүр, “ICT экспо 2013”-тай уялдуулаад “КАНСАТ” буюу бичил хиймэл дагуул бүтээж, хөөргөх үндэсний анхдугаар уралдааныг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор монголд анх удаа зохион байгуулах гэж байна.
Энэхүү уралдаан маань сонирхсон хүн бүрт нээлттэйгээр ирэх ням гарагт Яармагийн Морин тойруулгын төвд 10 цагт болно. Энэ үеэр чөлөөт пуужин хөөргөлтийн болон нисэх загварын үзүүлбэрүүдийг ч сонирхуулахаар төлөвлөөд байгаа.
-Та сая энэ салбарын хувь заяаг тодорхойлох бодлогын долоон үндсэн чиглэлийг боловсруулсан гэсэн. Энэ талаараа тодруулахгүй юу. Танай салбар цаашид хэрхэн хөгжих төлөвтэй байгаа нь хүн бүрт сонирхолтой байгаа байх?
Орлогын бүтцээр зах зээлд эзлэх хувь
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Засгийн газрын тохируулагч агентлаг гэдэг утгаараа бодлогоо боловсруулдаг, бүх зүйл нь нээлттэй болсонд би хувьдаа их баяртай байгаа. Бидний үндэсэн нэгдүгээр зорилт бол хиймэл дагуул хөөргөх юм.
2016 оны эхний улиралд багтааж бид тандалт судалгааны болон харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөнө гэсэн зорилтыг тавьсан байгаа.
Энэ бол үндэсний эрх ашгийг хамгаалахад үнэлж барашгүй хувь нэмэр оруулах чухал асуудал гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч байгаа. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн топ компаниуд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өөрсдийн давуу талыг танилцуулаад явсан.
Дэлхийд нэр хүнд бүхий компаниуд монголыг тоож байна гэдэг нь бид зөвхөн уул уурхайн ордоороо бус мэдээллийн технологиороо ч дэлхийн анхаарлын төвд байгаагийн нэг баталгаа юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ойрын хугацаанд шийдвэрээ гаргах байх.
-Тэгэхээр энэ чиглэлээр ямар компанитай хамтарч ажиллахаа шийдчихсэн гэсэн үг үү?
Энэ бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд шийдэх асуудал. Тэгээд ч нууцын зэрэглэлд хамаарах учир энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй.
-Бодлогын үндсэн чиглэлийн тань хоёр дахь нь юу юм бэ?
Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа яам, агентлаг бүр өөрийн гэсэн цахим вант улстай болчихоод “цахим засаглалыг хөгжүүлэх ёстой” гэж яриад байх болж. Цахим засаглал гэдэг бол бүх зүйлийг нэг цэгт төвлөрүүлээд иргэнд үйлчилгээ үзүүлэхийг хэлдэг.
Бид энэ бүхнийг хийхийн тулд агентлагтаа бүх зүйлийг төвлөрүүлж, яам агентлагын үзүүлэх үйлчилгээг иргэнд түргэн шуурхай байдлаар хүргэхээр ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл, иргэн төрийн үйлчилгээг автомат машины тусламжтайгаар авч чадах боломжтой болно гэсэн үг. Тухайлбал, та өөрт хамгийн ойр байгаа мэдээллийн технологи ашигласан автомат машинаар дамжуулж төрийн үйлчилгээг авах боломжтой болох юм. Одоогийн байдлаар бид хүн их төвлөрдөг 17 газарт дээрх машиныг суурилуулахаар төлөвлөсөн. Энэ ажил долоодугаар сарын 1 гэхэд дуусах байх.
Энэ бүхнийг бид гарч ирээд гэнэт хийчихсэн юм биш гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Манай газрын өмнөх удирдлагууд энэ ажлын бэлтгэлийг хангасан байсан. Тиймээс бид энэ бүхнийг түргэн шуурхай хийх боломжтой болсон юм.
Бидний дараачийн зорилт бол орон нутагт өндөр хурдны интернэтийг Улаанбаатар хотын хэрэглэгчдийн авдаг үнэ ханшаар хүргэх байсан. Бид энэхүү зорилтоо өрхийн суурин утасны сүлжээгээр дамжуулаад хэрэгжүүлээд эхэлчихсэн байгаа. Энэ нь орон нутгийн иргэдийг төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжоор хангах зорилгыг агуулж байгаа юм.
Ихэнх хүний мэдэж байгаагаар телевизүүдийг тоон системд шилжүүлэх нь бидний дараагийн зорилт. Тэгвэл тав дахь зорилт маань оюуны бүтээмжтэй өндөр цалинтай ажлын байр бий болгох гэж байгаа. Хүний нөөцийг бодлогын хэмжээнд гаргаж, Монгол хүний бүтээсэн программыг бий болгох юм.
Үүгээрээ дамжуулж Монгол Улсын эдийн засгийг тэлэх асуудлыг ч ярих цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тиймээс IT паркийг хэдхэн компани бойжуулдаг инкубатор төдийхнөөр биш, инновацийг дэмждэг сантай шинэ бүтээгдэхүүн гаргадаг байгууллага болгож өөрчлөх гэж байна. Энэ ажил маань ч эхэлчихсэн байгаа.
Үүнтэй уялдуулж зургаа дахь зорилтоо тодорхойлсон байгаа. Энэ нь мэдээлэл, харилцааны чиглэлээр олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах юм.
Хамгийн сүүлчийн зорилтоо бид “Шууданд суурилсан дэвшил” гэж нэрлэсэн. Захидал бичдэг, түүнийг нь хүргэж өгдөг байдал өнөөдөр зогсонги байдалд орчихлоо. Тухайлбал, энэ төрлийн үйлчилгээ өдөр тутмын сонин, төрийн мэдээллийг хүргэх зармаар л тодорхойлогдож байна шүү дээ.
Тиймээс энэ нөхцөл байдлыг нь харгалзаж үзээд олон улсын стандартыг нэвтрүүлэх ёстой гэж үзсэн юм. Монгол Улсын хаягжилтын асуудлыг шийдээгүй байгаа энэ үед “Смарт бокс” буюу нийтийн хайрцгийг хэрэглээнд оруулах гэж байна. Үүнийг тодорхой тайлбарлаж өгье.
Тухайлбал, хөдөөнөөс хэн нэгэн нь хотод байгаа хүнд илгээмж явуулахдаа “Монгол шуудан”-д аваачиж өгнө. “Монгол шуудан” тухайн хүнтэй нь хамгийн ойр байгаа “Смарт бокс”-д илгээмжийг нь хийхэд тэр хүний гар утсанд код ирэх юм.
Хайрцаган дунд байх цахилгаан самбарт тухайн хүн гар утсанд нь ирсэн кодыг хийснээр таны илгээмж байгаа хайрцаг нээгдэж илгээмжээ авах маягаар асуудлыг шийдэх юм. Энэ үйлчилгээг ирэх есдүгээр сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Санхүүжилтын асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Ерөнхий сайдын багцаас гаргаж байгаа. Шуудангийн үйлчилгээг хүн бүрт хүргэх нь бүх нийтийн үүрэг гэгддэг шүү дээ.
Ярилцсанд баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.