Ж.Бат-Эрдэнэ: Шинэ технологи, шинэ бизнес бол бидний ирээдүй
2013.05.10

Ж.Бат-Эрдэнэ: Шинэ технологи, шинэ бизнес бол бидний ирээдүй

"Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнийг “Ярилцах танхим” -ынхаа  энэ удаагийн зочноор урьж ярилцлаа.

-“Монголын цахилгаан холбоо” ХК-ийг хүмүүс суурин утасны үйлчилгээ үзүүлдэг компани гэдгээс өөрөөр төдийлөн сайн мэддэггүй. Танай компани ямар төр­лийн үйл ажиллагаа явуулдаг талаар ярилцлагаа эхэлбэл ямар вэ?

-Монголын цахилгаан холбоо”  ХК бол Монголын мэдээлэл, харилцаа холбооны ууган компани юм. Манай компанийн үндсэн үйлчилгээ суурин утас байдаг учраас хүмүүс түүгээр нь түлхүү мэддэг байх. Манай компани суурин утасны 100 мянга гаруй хэрэглэгчтэй. Суурин утаснаас гадна бид өөр дөрвөн төрлийн үйлчилгээг үзүүлдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ. Бидний үзүүлдэг хоёр дахь үйлчилгээ бол интернет.

Манай компанийн интернетийн сүлжээ монгол орныг хэрсэн байдаг учир манайхтай ижил төр­лийн үйчилгээ үзүүлдэг ком­паниудаас бид харьцангуй давуу талтай. “Монголын цахилгаан холбоо” компа­нийн 54 хувийг Монгол Улсын Засгийн газар, 40 хувийг БНСУ-ын “КТ” корпораци эзэмшдэг бөгөөд үлдсэн зургаан хувийг нь нээлттэй хувьцаа хэлбэрээр Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалдаг юм. Тиймээс манай компанийн нийгмийн хариуцлага, ил тод байдал хангалттай өндөр хэмжээнд байдаг юм.

Энэ оны эхнээс манай компани интернетийнхээ хурдыг гурав дахин нэмж, үнийг нь хоёр дахин хямдруулсан. Цаашид интернетийнхээ үйлчилгээг улам боловсронгуй болгохоор ажиллаж байна. Манайхаас үзүүлдэг гуравдах үйлчилгээ бол кабелийн телевиз юм. “Нэйшнл кабель” гэсэн кабелийн телевизийн эрх бидэнд байдаг ч үйлчилгээ нь одоохондоо ийм ч түгээмэл биш байгаа. Улаанбаатар хот болон 11 аймагт үйлчилгээгээ хүргэж байна.

Цаашид энэхүү үйлчилгээгээ улам өргөжүүлэн технологийн шинэчлэл хийж, утасгүй кабелийн телевиз рүү шилжих бодлогыг боловсруулаад байна. Дараагийн үйлчилгээ маань олны нэрлэж заншсанаар 109 буюу 1109 гэсэн лавлагаа юм. Энэхүү үйлчилгээний бусдаас ялгарах гол онцлог нь Монгол Улсын өнцөг булан бүрт лавлагаа хүргэж чаддагт оршдог. Хамгийн сүүлд нь бид олон улсын ярианы 001 гарцаар дэлхийн улс орнуудад ажиллаж, амьдардаг монголчуудаа энд байдаг ар гэрийнхэнтэй нь холбох үйлчилгээг үзүүлж байна.

-Танай компани дээрх үйлчилгээнүүдийг үзүүлдэг гэдгийг өнөөдөр л таниас сонсож байна. Тиймээс надтай ижилхэн ойлголттой олон хүн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна?

-Манай компанийн талаар төдийлөн сайн мэддэггүй гэгдэж байгаа хүмүүс нь ерөнхийдөө залуус байгаа юм. Энэ нь харилцаа холбооны салбар дахь уламжлалт бизнес болох суурин утас орчин үеийн залуусын хэрэгцээг хангаж чадахгүй болсны нэг тод илрэл гэж хэлж болно.

Олон улсын түвшинд суурин утасны үйлчилгээ сүүлийн 10 гаруй жилд тогтмол буурч байгаа. Өнөөдрийн байдлаар энэ үйлчилгээ бууралтынхаа хамгийн доод түвшинд хүрсэн гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл, харилцаа холбооны салбарт дан ганц суурин утасны үйлчилгээгээр өрсөлдөх боломжгүй болсон гэсэн үг. Тиймээс манай компанид уламжлалт бизнесээ хадгалахын сацуу шинэ технологид тулгуурлан шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх шаардлага тулгараад байна. Иймээс ч манай компанийн ирээдүй бол шинэ технологи, шинэ бизнес юм. Үүний тулд миний бие, шинэ удирдлагын багтайгаа хамтран зургаан сарын турш эрчимтэй ажиллаж байна.

-Шинэ үйчилгээнүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэлээ. Энэ талаараа тодруулахгүй юу. Өнгөрсөн хугацаанд шинэ удирдлагын багийнхан юу хийж амжуулав аа?

-Дээр дурьдсан үйлчилгээнүүдийнхээ шинэчлэлийг хийсний дараа манай компани гурвалсан үйлчилгээ буюу суурин утас, интернет, телевизийнхээ үйлчилгээг хэрэглэгчиддээ нэг дор хүргэхээр ажиллаж байна. Энэ бол цоо шинэ асуудал биш, бид өнөөдөр үзүүлж байгаа үйлчилгээгээ өргөтгөсөн хэлбэрээр хэрэглэгчдэдээ хүргэх л юм шүү дээ. Мөн хөдөлгөөнт холбооны үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр холбогдох судалгааг бид хийж байна. Хэрэглэгчид энэ төрлийн үйлчилгээг өмнө нь манайх нэвтрүүлж байсныг санаж байгаа байх. Утасгүй суурин утасны үйлчилгээ гээд 50-тай дугаарууд байсан даа.

-Энэ бүхнийг дагаад бүтэц, зохион байгуулалтдаа ч нэлээд өөрчлөлт оруулах шаардлагатай болох байх. Ер нь төрийн өм­чит компаниудыг данхайсан бүтэцтэй, үрэлгэн гэх зэргээр шүүмжилдэг шүү дээ?

-Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын хэмжээний компанийн бүтцэд компанийнхаа үйл ажиллагааг дөхүүлэх ажлыг өнгөрсөн хугацаанд хийлээ. Энэ бүх өөрчлөлтийг дагуулаад шинэ бүтэцдээ таарсан менежментийг ч бий бол­гож чадсан. Манай компани энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудаас хамгийн олон ажилтантайд тооцогддог л доо. Харилцаа холбооны салбарт уламжлалт үйлчилгээ үзүүлдэг компаниудын бүтэц нүсэр байдаг нь энгийн л үзэгдэл. Гэхдээ шинэ удирдлагын багийнхан ажлын байрны тодорхойлолтыг нарийвчлан гаргаж чадсан.

Энэ хүрээнд бид компанийн хамгийн гол үнэт зүйлийг хүн гэж үзээд ажилчдынхаа ур чадварыг дээшлүүлэх ажлуудыг нэлээд хийж байна.

Тухайлбал, долоо хоног бүрийн баасан гарагт ажилтнууддаа зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Үүндээ орон нутгийн ажилчдыг ч видео хурал хэлбэрээр холбогдон хамруулж байгаа. Мөн ажилтнуудынхаа цалинг салбарын дундаж хэмжээнд хүргэх зорилтоо үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна. Нөгөөтэйгүүр, ажлаа сайн хийж байгаа хүмүүсийг урамшуулах шинэ тогтолцоог бий болгосон нь бидний хийж буй ажлын үр дүн.

-Энэ бүх шинэчлэлийг хийхийн тулд нэлээд хэмжээний хөрөнгө, санхүүгийн асуудал яригдах байх. Үүнийг хэрхэн шийдэх гэж байна вэ?

-Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд “Монголын цахилгаан холбоо” компанид техник тех­нологийн шинэчлэл, бизнесийн чиг­лэлээр хөрөнгө оруулалт хийсэн тохиолдол бараг байхгүй юм. Хөрөнгө оруулалт хийхэд хамгийн гол үүргийг хувьцаа эзэмшигчид гүйцэтгэдэг.

Өөрөөр хэлбэл, манай тохиолдолд энэ нь нэг талаас Монголын Засгийн газар, нөгөө талаас “КТ” корпораци гэсэн үг. Тиймээс дээрх шинэчлэлийг хэрэг­жүүлэхэд шаардагдах санхүүжилт, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхийн тулд бид өнгөрсөн хугацаанд хоёр чиглэлээр ажиллалаа. Нэгдүгээрт, “Монголын цахилгаан холбоо” компанийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хэтийн төлвийн талаар Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр Ерөнхий сайдын захирамжаар “КТ” корпорацитай хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулж, удирдамжийг батлуулсан.

Ажлын хэсгийнхэн уг корпорацитай таван чиглэлээр хэлэлцээр хийгээд хэд хоногийн өмнө ирлээ. Хэлэлцээрийн үр дүнд “КТ” корпораци манай компанид хөрөнгө оруулалт хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн. Үүний дагуу хоёр талаас хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Үр дүн нь ирэх зургаадугаар сард болох компанийн ТУЗ-ийн хурлын үеэр гарах болно. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг Засгийн газарт танилцуулж, шаард­лагатай ажлуудыг эхлүүлнэ.

Тэгэхээр ирэх намар гэхэд бид суу­рин утас хэрэглэгчиддээ интернетийхээ үйлчилгээг давхар хүргэх боломжтой болно. Бид оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх хэмжээний ашиг олох зах зээл, боломжийг олж харсан учир энэхүү ажлыг эхлүүлж байгаа юм. Амжилттай хэрэгжинэ гэдэгт ч итгэлтэй байна. Хоёрдугаарт, “МХС” компаниас үндсэн болон туслах кабелийг өөртөө шилжүүлэх ажлыг эхлүүллээ. Ингэснээр манай компани өөрийн гэсэн сүлжээтэй болно гэсэн үг.

Засгийн газар энэхүү сүлжээг үнэлээд өөрийн хөрөнгө оруулалтад тооцоод оруулах боломжтой юм. Ингэж чадвал манай компани одоогийнхоосоо хэд хэдэн давуу талтай болно. Тухайлбал, шинэ хэрэглэгчийг холбох, сүл­жээний гэмтэл засах зэрэг асуудлыг хугацаа алдалгүй шийддэг бол­но. Мөн зардал буурч улмаар хэрэглэгчдэд хямд үйлчилгээ үзүүлэх боломжтой болох юм.

-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд ямар нэгэн хэлбэрээр хөрөнгө оруулалт хийгдээгүй байсан гэлээ. Ямар учраас тэр юм бол оо. Өмнөх удирдлагуудын үйл ажиллагаатай холбож үзэж болох болов уу?

-Өмнөх удирдлагуудын үйл ажиллагааны талаар би юу хэлэх вэ дээ. Олон л бэрхшээл байсан байх. “Монголын цахилгаан холбоо” компанийг хувьчлах тухай асуудлыг төр засгийн түвшинд олон жил ярьж холбогдох шийдвэрүүд ч удаа дараа гарч байсан. Хувьчилна гэдэг асуудлыг байнга ярьж, бодлогын хэмжээнд хүрчихсэн байсан нь хөрөнгө оруулалтад сөр­гөөр нөлөөлсөн болов уу гэж ажиглагддаг.

Бидний зүгээс холбогдох газруудад “Монголын цахилгаан холбоо” компанийг 2013-2016 онд хувьчлах компаниудын жагсаалтаас хасаж өгөөч” гэсэн тодорхой хүсэлтийг хүргүүлээд байгаа. Хэрэв одоо хувьчлах юм бол ямар ч үнэд хүрэхгүй шүү дээ. Ийм байдлаар хувьчилбал хувьцаа эзэмшигчдэдээ ашиг биш алдагдал л авчирна.

Мөн энд ажиллаж байгаа олон зуун ажилтан, харилцаа холбооны салбартаа ч хохиролтой. Харин ашигтай, орлоготой болсон хойно нь үнэд хүргэж хувьчилбал бүх талд хэрэгтэй гэж бид үзэж байгаа юм. Монголын цахилгаан холбоо компанийг хөгжүүлэх бодитой бололцоо бидэнд байгаа. Бидэнд маш сайн түнш байгаа учир бид үүндээ 100 хувь итгэлтэй байгаа юм.

-Энэ бүх шинэчлэл хэрэгжээд ирэхээр танай салбарт үйл   ажиллагаа явуулдаг хувийн компаниуд янз бүрийн эсэргүүцэл гаргах байх гэж бодож байна. Тухайлбал, “Төр хувийн хэвшлийнхнийг намнах гэж байна” гэх ч юм уу?

-Харилцаа холбооны салбарт хувийн хэвшил бий болж хөгжихөд “Монголын цахилгаан холбоо” компанийн зүгээс тухайн үедээ үзүүлсэн тус, хувь нэмэр асар их байсан гэдгийг тэд мартаагүй байгаа. Тиймээс манай салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн зүгээс янз бүрийн эсэргүүцэл гарахгүй байлгүй дээ.

Ер нь төрийн өмчит компани муу ажилладаг, дампуурдаг гэсэн ойлголт байж болохгүй шүү дээ. Мэдээж төр бизнесийг зохицуулалттай хэлбэрээр хөгжүүлэх нь ойлгомжтой. Тийм ч зорилгоор энэ салбарт Харилцаа, холбооны зохицуулах хороо гэж бий. Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани нарийн зохицуулалттай байдаг учир тийм асуудал гарахгүй байх гэж найдаж байна.

Төрийн оролцоотой, гадаадын хөрөнгө оруулалттай, нээлттэй хувьцаа эзэмшигчтэй манай  компанийн бизнесийн загвар нь олон улсын жишигт нийцсэн зөв хэлбэр юм. Тиймээс манай компани цаашдаа өсөж дэвжээд явах нь харилцаа холбооны салбартаа ч, хувьцаа эзэмшигчдэдээ ч ашигтай. Монгол улсын эрх ашигт ч нийцнэ гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.