Цахим ертөнцийн дайн буюу Хятадын “дайралт”
Нью-Йорк Таймс сониныг хакерджээ. Ямар улс нь хакер хийчихэв. Их Британи, Орос, Солонгосоос биш. Хаалттай гэгдэх Хятад улсаас хакерджээ. Энэ бол албаны хүмүүсийн мэдээлэл. Тус сонины хамгийн нууц гэгддэг архивын серверт халдан нууц үгийг нь эвдэж, хэрэгтэй материалуудыг бүрэн устгажээ. АНУ-ын хамгийн нэр хүндтэй, үндэсний бренд болж чадсан энэ сонины архив хойд хөршид чухам ямар хэрэгтэй байв.
Нью-Йорк Таймс сониныг хаалттай гэгдэх Хятад улсаас хакерджээ.
Иймэрхүү мэдээллүүд цацагдаж, АНУ-ын тагнуулын төв газар хөдөлгөөнд орж байх хойгуур өөр нэгэн сонин ийм төрлийн халдлагад өртжээ. Энэ бол АНУ-ын хөрөнгийн зах зээлийн тухай шуурхай мэдээлж байдаг Wall Street Journal. Хэргийн эзэн нь дахиад л хятад. Гэхдээ зорилго нь тодорхойгүй.
Дайралт угтаа үүгээр дуусахгүй. Алдарт Times сэтгүүлийн Хятадын удирдагч Вен Жиабаогийн тухай бичсэн мэдээ, материалыг блокложээ. Яг иймэрхүү халдлагыг сүүлийн таван жилийн турш хийж байсан ч блоклох аргыг арай ашигладаггүй байсан аж. “АНУ бол Хятад улсын хувьд томоохон өрсөлдөгч. Тийм ч учраас бид цахим материал сэлтийг илүү нарийвчилсан нууцлалтай болгох ёстой. Хэрвээ тэгэхгүй бол үндэсний аюулгүй байдалд ч аюул учруулж болно” гэж төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Петр Веласко ярьжээ.
Мөн удалгүй Wall Street Journal сэтгүүлийн хувьцааны мониторингийн хэсэг болоод сүүлийн таван жилийн туршид бэлтгэсэн мэдээ, материалын серверт нэгдэж зарим мэдээллийг нь блоклосон байна.
Яг энэ үйл явдалын дараа АНУ-ын засгийн газраас БНХАУ-ын удирдлага руу асуулга хүргүүлсэн ч тодорхой мэдээлэл ирээгүй байна. Харин БНХАУ-ын гадаад харилцааны яамны төлөөлөгч “Эх нутагаа хамгаалахын тулд бид юу ч хийхэд бэлэн. Гэхдээ энэ нь өөр бусад улсын эрх ашгийг зөрчихгүй гэдгийг сануулах хэрэгтэй” гэсэн бичиг ирүүлжээ.
Хятад юунаас сүрдэв..
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн талаар таагүй ойлголт олон нийтэд төрүүлвэл олон улсын тавцанд нэр хүнд нь унана. Нэр хүнд унах бүр эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө. Чухам энэ л шалтгаанаар Хятад улс АНУ руу хакерчдын армийг илгээдэг байж болох талтай. Хамгийн үр дүнтэй арга нь хэвлэл мэдээллийн байгууллагын дотоод сүлжээнд нэвтрэх.
Хэрвээ дотоод сүлжээнд нь амжилттай нэвтэрч чадвал АНУ хятадын тухай хэрхэн төсөөлж байгааг амархан хяначихаж болно.
Гэхдээ энэ удаад хятадын эдийн засгийн тухай хэрхэн мэдээлснээс хамааран блок хийсэн байна.
Таймс сэтгүүлийн Хонг Конг дахь салбарт Вен Жиабаогийн тухай асуудал дэвшүүлсэн өгүүллийг олонд танигдсан автор болох Дэвид Барбоза бүтээдэг. Хамгийн гол нь түүний бичсэн өгүүлэл нь ямар нэгэн шалтгаанаар “сэглэгдэж”, хятадтай холбоотой хэсэг нь алга болчихдог байж. Таймс сэтгүүлд халдсан гэх шуугианд энэ ч бас орчихсон байгаа. “Цахим шуудангийн орчинд хувийн мэдээллийг хамгаалах технологийн шийдэл үнэхээр тааруу байгаа. Ялангуяа хакердах, сүлжээнд хууль бусаар нэвтрэх ажилд асар их хэмжээний хөрөнгө зарцуулдаг Хятад шиг улсууд байгаа нөхцөлд үүнийг хаа, хаанаа анхаарах цаг ирсэн. Тийм учраас тэд хүссэн мэдээ, материалыг засах, хуулах, блоклох чадвартай байгаа юм” гэж Таймс сэтгүүлийн эрхлэгч Жилл Абрэмсон ярьжээ.
Волл Стрийт Жорнал, Нью-Йорк Таймс, Таймс сэтгүүлүүдэд халдсан нь ганцхан зорилготой байсан. Вен Жиабаогийн тухай мэдээллүүдийг онцлон хакерджээ.
Таймс сэтгүүлийн тухайд ажилчны хувийн компьютерийг хамгаалах, сүлжээний нууц үгийг байнга солих, хакердсан мэдээллийг цаг алдалгүй гаргахын тулд 53 хүнийг ажиллуулдаг. Гэсэн хэдий ч дотоодын болон гадаадын дайралтаас хамгаалж чадахгүй байгаа юм. Ялангуяа өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тус байгууллагын ажилчид болоод цахим дайралтаас хамгаалах албаныхан хүч нэмэгдүүлэн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн цахим нөөцөд нь хамгаалалт хийжээ. Гэсэн хэдий ч Хятадын зүгээс тодорхой хэмжээний дайралт үзүүлсэн гэдгийг албаны хүмүүс баталж байгаа.
Хакердах ажиллагааны эхлэл
2010 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр. Дэлхийн бүх веб сайтуудын мэдээллийн урсгалын 15 хувь нь өөрчлөгдөж, хэсэг хугацаанд доголдов. Хэргийн гол эзэн нь Хятадын төрийн мэдлийн ChinaTelecom компани байжээ. Тус компанийн мэргэжилтнүүд дэлхийн бүх интернэт сүлжээний сервер рүү нэвтэрч 18 минутын хугацаанд саатал гарсан юм. Энэ нь замын хяналтын системд хүртэл нөлөөлж өндөр хөгжилтэй орнуудын зам хэсэг хугацаанд “түгжирсэн” билээ. Олон нийт үүнийг жирийн л нэг замын түгжрэл гэж харж байсан үнэндээ энэ нь Хятадын кибер халдлага гэдгийг мэдээгүй байсан юм.
Хятадын төрийн мэдлийн ChinaTelecom компанийн мэргэжилтнүүд дэлхийн бүх интернэт сүлжээний сервер рүү нэвтэрч 18 минутын хугацаанд саатал гаргаж байсан.
Хэрэг гарсаны дараа жил АНУ-ын Эдийн засгийн хяналт шинжилгээний хорооноос “Манай талын бүх эдийн засгийн мэдээлэл “блоклогдсон” байсан бөгөөд хөрөнгийн зах зээлийн тухай мэдээллүүд бүгд хэн нэгний компьютер рүү хуулагдсан байсан” гэж мэдээлэл хийсэн билээ. Угтаа АНУ-ын цэргийн болон төрийн чухал, чухал сайт руу хакердсан байсан бөгөөд Сенат, Холбооны мөрдөх товчоо, Тагнуулын төв газар, Цагаан ордон, Пентагоны бүх мэдээлэл ямар нэгэн хэмжээгээр “хэн нэгний” гарт орсон байлаа.
Мөн АНУ-ын төдийгүй дэлхийн томоохон компаниуд болох Dell, Yahoo, Microsoft, IBM компанийн цахим хаяг руу хакердсан бөгөөд бүх хэрэгтэй мэдээлэл, тэр ч бүүхэл хувьцааны индексд нь хүртэл нөлөөлжээ. Энэ бүх хэргийн учиг нь Хятад байх юм гэж хэн ч санасангүй. Хятадын засгийн газрын оролцоотойгоор явагдсан олон улс руу “хакердсан” анхны ажиллагаа нь энэ байж. АНУ-ын Тагнуулын төв газрын мөрдлөгийн үр дүнд дайралт хийсэн өдрийн Cisco компанийн хувьцааны үйл ажиллагаанд хүртэл нөлөөлсөн гэдэг нь батлагдав.
Хөрөнгийн зах зээлд болж буй бүх ажиллагаа компьютерт суурилагдсан байдаг тул Хятадын дайралт тусгай сүлжээ рүү нь хүртэл нэвтэрсэн байна. 2008-2009 оны Google, Juniper Networks, Adobe Systems зэрэг компанийн дотоод мэдээлэл болон хувьцааны индексэд нь хүртэл нэвтэрч өөрсдөдөө хэрэгтэй гэсэн бүх мэдээллээ Хятад улс авч чаджээ. Тухайлбал Google компанийн хайлтын системийн сервер рүү нэвтрэн Хятадтай холбоотой сэдвүүдээс хамгийн ирэлттэйг нь олсон бөгөөд чухам үүнээс шалтгаалж Хятад улсад Google-ыг “хаасан” билээ.