Сайтуудын ассоциаци сэтгэгдлийн асуудлаа шийддэг алхам руу явах биз
МШХХТГ-ын дарга Ц.Жадамбаа
2013.01.22

Сайтуудын ассоциаци сэтгэгдлийн асуудлаа шийддэг алхам руу явах биз

Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ц.Жадамбаагаас дараахь тодруулгыг авлаа.

-Орон нутаг хэвлэл захиалгыг хүргэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс сүүлийн хоёр жил Засгийн газраас тэрбум төгрөгийн татаасыг "Монгол шуудан" компанид өгч төвийн хэвлэлийн хүргэлт үйлчилгээг саадгүй явуулсаар ирсэн. Харин энэ Засгийн газар, танай байгууллага асуудалд яаж хандаж байгаа вэ?

-Алслагдсан аймаг, сум, сууринд шуудангийн давтамжийг хүргэх зорилгын хүрээнд жилд тэрбум төгрөг өгч байсан юм билээ. Ингэхдээ урсгал зардлаар биш хөрөнгө оруулалт хэлбэрээр олгож өдөр тутмын сонины 15 хувийн шимтгэлийг таван хувь, долоо хоног тутмын сонины 18 хувийн шимтгэлийг таван хувь болгосон байсан. Энэ ажлын гэрээ гуравдугаар сарын 1-нээс дуусгавар болохоор байгаа. Гэхдээ дөрөв дэх засаглал болсон хэвлэл хүргэлтийг яаж саадгүй явуулах вэ гэдэг асуудал дээр анхаарал хандуулж байна. Зарим судалгааг хийж аль болох орхигдуулахгүй байхаар ажиллаж эхэлсэн. Гуравдугаар сарын 1-нээс өмнө нэгдсэн нэг шийдэлд хүрэх байх. Гэхдээ энэ шимтгэлийг улсын төсөвт суулгаж өгснөөр "Монгол шуудан" компанийн шуудан хүргэлтийн ажил маш их алдагдалд орсон байдаг. Хэдийгээр "Монгол шуудан" алдагдал хүлээдэг ч гэсэн иргэдийн хэвлэл захиалга, сонины хүргэлтийн үйлчилгээг тасалдуулахгүй байх үүднээс шийдлийг хайж байна. Хугацаа хараахан дуусаагүй байгаа.

-Ер нь шуудан хүргэлтийн систем нь үнэтэй байна уу. Сонин үйлдвэрлэлийн орлогын ихэнх хувийг "Монгол шуудан" банкны хүргэлт үйлчилгээнд зарцуулсаар байгаа?

-Би дээр хэлсэн. "Монгол шуудан" компани алдагдалтай ажилладаг гэж. Төрөөс өгсөн мөнгө ч тэр, сониноос төлсөн мөнгө ч тэр бүгд зарлага болж дуусдаг. Шууд хэлбэл ашиг гээд хэлчих зүйл гардаггүй юм байна лээ. Алдагдал хүлээлгэх болсон гол шалтгаан нь хүргэлт, үйлчилгээний зардал. Тэгэхээр энэ компанийг тогтвортой ажиллуулж, иргэд уншигчдын эрхийг эдлүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжихэд төрөөс өгч байсан мөнгө ихээхэн үүрэг гүйцэтгэж байсан. Энэ байдлыг алдагдуулахгүйн тулд, цаашид хэрхвэл зохих вэ гэдэг дээр судалгаа хийгдэж байгаа. Судалгаанаас гарсан саналыг холбогдох газруудад нь уламжлаад цаашаа явна. Гэхдээ яг өмнөх шигээ шимтгэлийг өсгөөд явна гэж ойлгохгүй байна.

-Өмнө нь өгч байсан тэрбум төгрөгөө өгөхгүйгээр асуудлыг шийднэ гэсэн үг үү?

-Өгнө. Өгөхдөө яаж өгөх вэ. Хаанаас ямар, гаргалгаатай байх юм. Ямар ажилд нь зарцуулбал зохих юм гэх мэтээр зохицуулах ажил ихтэй. Энэ бүхэн яригдаж байна.

Гуравдугаар сарын 1-н гэхэд асуудал тодорхой болно. Тухайн өдөр л хуучин системээр татаасгүй явахуу. Төрөөс дэмжлэг үзүүлсэн байх уу гэдгийг шййдчихсэн байна.
-Энэ асуудалд төр анхаарахгүй бол ихэнх сонинууд хүргэх үйлчилгээнийхээ өмнө сөхрөх байх?

-Ихээхэн хүнд байдалд орно. Тэгэхээр ийм байдал гаргуулахгүй гэж үзэж байгаа. Төр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүрэх хариуцлагаа үүрээд иргэдийнхээ гарт сониноо хүргэх л хэрэгтэй.

-Түүнээс гадна Засгийн газрын тогтоолын дагуу танай газрын хийж байгаа "Сэтгэгдлийг зохицуулах" ажлыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ширүүхэн шүүмжилсэн. Төрийн тэргүүн саналаа хэлчихлээ та нар одоо яах гэж байна?

-Яг одоо Ч.Сайханбилэг даргын өрөөнд Монголын сайтуудын ассоциацийн удирдлагуудтай уулзах гэж байна. Энэ асуудлаар ярина. Ерөнхийлөгчийн хэлснийг "Олон улсад хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн бүртгэлжүүлэлтийн асуудлаа өөрсдөө шийддэг гэсэн гаргалгаагаар явбал яасан юм" гэж байна гэж; ойлгосон. Тэгээд ч Сайтуудын ассоциацийнхан өөрсдөө энэ асуудлаа шийдье гэж хэлсэн. Үүнийг нь л хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналын дагуу асуудал шийдэгдэх байх. Ер нь олон улсад СNN, ВВС гээд бүх байгууллага бүртгэлжүүлэлхээ хийсэн байдаг. Тэгэхээр манайхан ч гэсэн энэ журмаар асуудлаа шийдчихэж болох биз.