“Шинэчлэлийн 7 зорилт” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. /Төрийн ордны Их танхимд 2013.01.16 ны өдөр/
2013.01.17

Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа, Холбооны Газрын түүх

Байгууллагын түүх

2004 ОНЫ 10  ДУГААР САР

Дэлхийн улс орнууд 2000 оноос эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжлийн хурдасгагч үндсэн хэрэгсэл болох мэдээллийн технологийг ашиглан мэдлэг оюунд суурилсан мэдээлэлжсэн нийгэм байгуулах зорилт дэвшүүлж хэрэгжүүлж эхэлсэн түүхэн нөхцөл байдалд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар мэдээлэл, харилцаа холбоог төрийн бодлогын тэргүүлэх чиглэл хэмээн зөвшөөрч тус салбарын удирдлага тогтолцоог шинэчлэх шийдвэрийг гаргасан юм.

УИХ-ын 2004 оны сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинээр байгуулагдаж Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулах тухай Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 207 тоот тогтоол, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг батлах тухай Ерөнхий сайдын 2004 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 95 тоот захирамж тус тус гарч Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газар байгуулагдав.

Засгийн газрын 207 тоот тогтоол болон Ерөнхий сайдын 95 дугаар захирамжид шинээр байгуулагдсан агентлаг нь 27 хүний орон тоотой, бодлого төлөвлөлтийн хэлтэс, бодлогын хэрэгжилт зохицуулалтын хэлтэс, төрийн захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс гэсэн 3 нэгж бүхий зохион байгуулалтын бүтэцтэй байх, шууд харъяандаа Мэдээлэл, холбооны хөгжлийн төвийг байгуулж, бүтэц орон тоог батлахыг захирамжилсан.

БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЧИГ ҮҮРЭГ НЬ:

  • Төрөөс мэдээлэл, харилцаа холбоо, технологийн талаар баримтлах бодлого, хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулахад Ерөнхий сайдад бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
  • Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын үндсэн үйл ажиллагааг салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулахад чиглүүлсэнээр төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах;
  • Газрын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, ажлын байрны давхардлыг арилгаж, уялдаа холбоог сайжруулах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэн чадваржуулах замаар чадварлаг, цомхон алба болгох;
  • Байгууллагын зүгээс үзүүлэх төрийн үйлчилгээг соёлтой, чанартай, ил тод, нээлттэй, шуурхай болгох

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАР ХҮРЭЭ НЬ:

Тус газар нь төрийн болон төрийн бус байгууллагууд, салбарын аж ахуйн нэгж, байгууллагууд, олон улсын байгууллагууд, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллагууд, хандивлагч хөрөнгө оруулагч байгууллагууд, гадаад хамтын ажиллагаатай орнууд, иргэдтэй харилцах цар хүрээнд үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

УИХ-ын 2004 оны сонгууль, Засгийн газрын шинэ бүтэц батлагдахаас өмнө Дэд бүтцийн яамны Мэдээлэл, холбооны бодлого зохицуулалтын газар нь тус газрын чиг үүрэг буюу мэдээлэл харилцаа холбооны төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийг хэрэгжүүлж байв.

Тус газрын даргаар Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайдын 2004 оны 10 дугаар сарын 20-ны 94 тоот захирамжаар, дэд даргаар Жалавсүрэнгийн Бат-Эрдэнэ, Бат-Амгалангийн Болдбаатар нар Ерөнхий сайдын 2004 оны 10 дугаар сарын 28-ны 102 тоот захирамжаар тус тус томилогдов.

2004 ОНЫ 11 ДҮГЭЭР САР

МХХТГ-ын даргын 2004 оны 11 дүгээр сарын 16-ны 20 дугаар тушаалаар тус газрын харъяа Мэдээлэл холбооны хөгжлийн төвийн бүтэц, орон тоо, дүрмийг батлав.
“Цахим засаглал” мастер төлөвлөгөө боловсруулах арга хэмжээний хүрээнд БНСУ-ын Мэдээллийн технологийг дэмжих агентлагтай (КИПА) хамтран ажиллах санамж бичигт тус газрын дарга Ч.Сайханбилэг 2004 оны 11 дүгээр сард гарын үсэг зурлаа.

2005 ОНЫ 5 ДУГААР САР

Бүх нийтийн компьютержүүлэлт хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарч “Нэг төгрөгийн интернэт аян”, “Компьютерийн үзэсгэлэн худалдаа” зэрэг арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулав.
УИХ, Засгийн газар, төрийн байгууллагуудын төлөөлөгчдийг оролцуулсан “Цахим засаглал” хэлэлцүүлэг семинарыг 2005 оны 5 дугаар сарын 05-нд Төрийн ордонд зохион байгуулж, “Цахим засаглал мастер төлөвлөгөө”-г Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид албан ёсоор гардуулав.

2005 ОНЫ 06 ДУГААР САР

МХХТ-ийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль”-ийг тус тус УИХ-аар 2005 оны 06 дугаар сарын 02-ны өдөр соёрхон батлуулав.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгийн шинэ загварыг Засгийн газрын 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 102 дугаар тогтоолоор батлуулав.

2005 ОНЫ 10 ДУГААР САР

Засгийн газрын 2005 оны 10 дугаар сарын 14-ний 216 дугаар тогтоолоор “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр батлагдаж хэрэгжүүлж эхэллээ.
Монгол Улсад мэдлэгт суурилсан мэдээлэлжсэн нийгмийг байгуулах эрхэм зорилготой, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт төрөөс баримтлах дунд хугацааны стратеги, зорилт, арга хэмжээг тусгасан энэхүү хөтөлбөрт 7 чиглэлийн 25 стратеги, 147 арга хэмжээг 2005-2012 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан.

Төрийн байгууллагууд, орон нутгийн мэдээллийн технологийн удирдах ажилтны ажлын чиг үүрэг, бүтэц орон тоо бий болгох тухай Ерөнхий сайдын 2005 оны 10 дугаар сарын “Мэдээллийн технологийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 105 тоот захирамжийг батлуулав.

2005 ОНЫ 12 ДУГААР САР

Тус газрын даргын 2005 оны 12 дугаар сарын 05-ны 136 дугаар тушаалаар Монгол Улсад телевизийн нэвтрүүлгийг тоон системээр дамжуулах, хөдөөгийн холбоонд CDMA-450 технологи нэвтрүүлэх, хөдөлгөөнт холбооны 3 дахь үеийн систем, GSM систем нэвтрүүлэхэд баримтлах чиглэлүүдийг батлав.

2006 ОНЫ 01 ДҮГЭЭР САР

Ерөнхий сайдын 2006 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 05 тоот захирамжаар Б.Болдбаатарыг Харилцаа холбооны Зохицуулах хорооны даргаар томилж, тус газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлөв.

2006 ОНЫ 2 ДУГААР САР

Засгийн газрын 2006 оны 02 дугаар сарын 13-ны “Улсын төсвийн хөрөнгөөр 2006 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт батлах тухай” 19 тоот тогтоол гарч телевизийн 4 сувгийн нэвтрүүлгийг орон даяар нэвтрүүлэх, хүлээн авах боломжийг бүрдүүлсэн “Орон нутгийг мэдээлэлжүүлэх” төслийг хэрэгжүүлэв.
Газрын даргын 2006 оны 02 дугаар сарын 28-ны 21 дүгээр тушаалаар “Монгол Улсад утасгүй суурин холбооны /WLL/ технологи нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”-ийг батлав.

2006 ОНЫ 6 ДУГААР САР

“Ази, номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага /APSCO/-ын конвенцийг соёрхон батлах тухай” хуулийг УИХ-д хэлэлцүүлж 2006 оны 06 дугаар сарын 08-ны өдөр батлуулав.
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх тухай асуудлыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж “Засгийн газрын тусгай сангийн тухай” хууль 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдав.

2006 ОНЫ 7 ДУГААР САР

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын 85 жилийн ойн баяр болов.
Энэ баяраар МУ-ын Ерөнхийлөгчийн 2007 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 247 дугаар зарлиг гарч тус газрын мэргэжилтэн Нансалжав “Монгол Улсын гавъяат холбоочин” цол, тэмдгээр, дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, зөвлөх Л.Банзрагч, хэлтсийн дарга Г.Басанжав, нягтлан бодогч Д.Нямсүрэн, мэргэжилтэн Н.Баатарсүрэн, МХХХТ-ийн дарга Д.Долгорсүрэн нар “Алтангадас” одон, ахлах мэргэжилтэн Т.Наранмандах, мэргэжилтэн Д.Сарантуяа, Г.Энхбаяр, Ц.Ганболд нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнуулав.

Дэлхийн банкны 10 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхлэв. Тус газрын харъяанд төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулав.

Ерөнхий сайдын 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаар захирамжаар тус газрын дэд даргаар Лувсангийн Баяраа томилогдов.

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны ”КОЙКА” байгууллагатай хамтран “Төрийн байгууллагын энтерпрайз, архитектур боловсруулах” төслийг хэрэгжүүлж, гүйцэтгэлийн тайланг Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид 2006 оны 7 дугаар сарын 05-ны өдөр танилцуулж хүлээлгэж өгөв.

2006 ОНЫ 8 ДУГААР САР

Мэдээлэл холбооны салбарт бүтцийн өөрчлөлт хийж эхлэв.
Засгийн газрын 2006 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Холбооны сүлжээний төрийн өмчит компани байгуулах тухай” 186 дугаар тогтоол гарч тус байгууллагын харъяа Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн төв болон Монголын Цахилгаан холбоо ХК-ийн түрээсээр ашиглаж байгаа суурь, салбар сүлжээний тоног, төхөөрөмж, барилга байгууламжийг түшиглэн зөвхөн сүлжээний үйлчилгээ явуулах чиг үүрэгтэй, төрийн өмчит Мэдээлэл, холбооны сүлжээ ХХК байгуулагдав.

Мэдээлэл, харилцаа холбооны салбарт 2004-2006 онд хэрэгжүүлсэн томоохон ажлуудын талаар “Мэдээлэл, харилцаа холбооны салбар 2004-2006 он” товхимлыг англи, монгол хэл дээр бэлтгэж хэвлүүлэв.

2006 ОНЫ 10 ДУГААР САР

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2006 оны 10 дугаар сард тус байгууллага дээр айлчлан ирж салбарын үйл ажиллагаатай танилцав.

2006 ОНЫ 12 ДУГААР САР

Тус газрын даргын 2006 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр тушаалаар “Монгол Улсад утасгүй холболтын систем нэвтрүүлэхэд баримтлах чиглэл”-ийг батлав.
Мэдээлэл харилцаа холбооны хөгжлийн төвийн 10,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Монгол улсын баруун болон баруун хойд чиглэлд 1630 км шилэн кабелийн дамжуулах сүлжээ, Арвайхээр-Даланзадгад-Мандалговь чиглэлд 700 км сүлжээг тус тус ашиглалтанд оруулав.

Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 311 дүгээр тогтоолоор Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтад мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг нэвтрүүлэх чиглэл батлагдав.

2007 ОНЫ 6 ДУГААР САР

Дэд дарга Л.Баяраа өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, Ерөнхий сайдын 2007 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 59 дүгээр захирамжаар Жиймэнгийн Сансар дэд даргаар томилогдов.

2007 ОНЫ 7 ДУГААР САР

Салбарын бүтцийн өөрчлөлттэй холбогдуудан Монгол Улсын Засгийн газар болон БНСУ-ын Кореа Телеком компанитай 2015 он хүртэлх 20 жилийн хугацаатай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулав.
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Засгийн газрын мэдээллийн нэгдсэн төв байгуулах” төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг 2007 оны 7 дугаар сарын 16-21-ний өдрүүдэд хийж, харилцан тохиролцооны бичигт хоёр тал гарын үсэг зурав.

Ази, Номхон далайн Цахилгаан холбооны байгууллага /АНДЦХБ/, Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/ байгуллагуудтай хамтран Ази, Номхон далайн орнуудын Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын олон улсын бага хурлыг 2007 оны 7 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Их тэнгэр цогцолборт зохион байгуулав.

Бага хуралд Япон, Филиппин, БНЭУ, БНХАУ зэрэг 20 улсын 90 гаруй төлөөлөгчид оролцсон томоохон арга хэмжээ болов.

2007 ОНЫ 11 ДҮГЭЭР САР

“Монгол Улсын Засгийн газраас тус газраас санаачилсан “Хүүхэд бүрт зөөврийн компьютер” төслийг дэмжиж АНУ-ын “Хүүхэд бүрт нэг зөөврийн компьютер” (“One laptop per Child”) ашгийн бус байгууллагатай хамтран ажиллах гэрээг 2007 оны 11 дүгээр сард байгуулав.

2007 ОНЫ 12 ДУГААР САР

Олон улсын интернэтийн урсгалын хурд, багтаамжыг 2004 онтой харьцуулахад 33 дахин /78 Мб/сек-2,5 Гбит/сек/, интернэтийн урсгалын бөөний үнийг 15 дахин дахин /2300 ам.дол-150 ам.дол/ бууруулав.
Монгол Улс үүрэн телефон холбооны 1 сая хэрэглэгчтэй болж, бүх сумдад үүрэн телефон холбооны сүлжээ, үйлчилгээ нэвтрэв.

2008 ОНЫ 1 ДҮГЭЭР САР

Ерөнхий сайдын 2008 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 04 тоот захирамжаар “Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох” үндэсний хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий байнгын ажиллагаатай Үндэсний хороо байгуулагдаж, тус газрын төлөөлөл бүрэлдэхүүнд нь оров.

2008 ОНЫ 2 ДУГААР САР

Микрософт компанийн төлөөлөгчидтэй уулзалт хийж хамтран ажиллахаар тохиролцов.

2008 ОНЫ 4 ДҮГЭЭР САР

“Монгол Улсад бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох” Үндэсний хөтөлбөр Засгийн газрын 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаар тогтоолоор батлагдаж хэрэгжиж эхэллээ.

2008 ОНЫ 6 ДУГААР САР

Дарга Ч.Сайханбилэг УИХ-д нэр дэвших болсон тул Ерөнхий сайдын 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 205 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдөж, Ерөнхий сайдын 2008 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 219 дүгээр захирамжаар Жиймэнгийн Сансар тус газрын даргаар томилогдов.

2008 ОНЫ 12 ДУГААР САР

Засгийн газрын бүтэц өөрчлөгдөж Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор тус газрын нэр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинээр баталж, Мэдээлэл, шуудан харилцаа холбоо, технологийн газар болов.

2009 ОНЫ 01 ДҮГЭЭР САР

Ерөнхий сайдын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар захирамжаар тус газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг өөрчлөн батлав.
Энэхүү бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт шуудангийн салбарыг /хуучин ЗТАЖЯ-ны бүтцэд байсан Шуудангийн газар/ тус газрын болон салбарын бүтцэд нийлүүлэх, салбарын мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээг хөгжүүлэх, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх зэрэг 3 зорилт чиг, үүрэг шинээр нэмэгдсэн.

Газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 тоот тушаалаар байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлав. Энэ тушаалаар тус газар нь төрийн захиргааны удирдлага, хамтын ажиллагааны хэлтэс, бодлого төлөвлөлтийн хэлтэс, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс, статистик, мэдээлэл, хяналт-шинжилгээний хэлтэс гэсэн 4 хэлтэстэй, 39 орон, тоотой байх бүтцийг баталж, нийт 37 ажилтныг хавсралтаар томилсон. Мөн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн бүтцэд “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн ажлын алба буюу Системийн нэгтгэлийн албыг байгуулав.

2009 ОНЫ 05 ДУГААР САР

Харилцаа холбооны тухай хуульд 2008 оны 12 дугаар сарын 18-нд орсон нэмэлт өөчлөлт, Засгийн газрын 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 151 дүгээр тогтоолыг үндэслэн мэдээлэл, харилцаа холбооны салбарын “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан”-гийн /БНҮҮС/ үйл ажиллагаа тус газрын чиг үүрэгт хамаарах болов.
Тус газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мэдээлэл, харилцаа холбооны салбар-Экспо” үзэсгэлэнгийн арга хэмжээний үеэр өсвөр үеийнхний дунд анхны “е-Спорт тоглоом” уралдааныг амжилттай зохион байгуулав.

2009 ОНЫ 06 ДУГААР САР

Газрын даргын 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар тушаалаар тус газрын орон тоо, бүрэлдэхүүнийг шинээр батлав.

2009 ОНЫ 8 ДУГААР САР

БНСУ-ын Засгийн газрын тусламжаар Үндэсний дата төвийн барилга, тоног, төхөөрөмжийг ашиглалтанд оруулж 2009 оны 08 дугаар сарын 14-ний өдөр албан ёсны нээлтийг хийв.

2009 ОНЫ 10 ДУГААР САР

Төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг, шалгалтад 2009 оны 10 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд хамрагдаж “Маш сайн” буюу 93,6% дүн авч улсын хэмжээнд III дугаар байр эзлэв.

2010 ОНЫ 01 ДҮГЭЭР САР

Тус газрын мэргэжилтэн Н.Баатарсүрэн “Мэдээллийн технологийн оны хүн” шалгаруулалтад шилдэг инженерээр шалгарч өргөмжлөл хүртэв.

2010 ОНЫ 02 ДУГААР САР

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус газарт айлчилж салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонсож, цаашид анхаарах асуудлууд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар даалгавар өгөв. Энэхүү уулзалтад газрын удирдлагууд /Ж.Сансар, Ө.Одгэрэл, Б.Амгаланбат, А.Мөнхбат, Х.Болдмандал/, ХХЗХ-ны дарга О.Болдбаатар, МТҮП-ын захирал О.Сүхбаатар, РТС УТҮГ-ын дарга Т.Гантөмөр, Үндэсний дата төвийн дарга Ч.Золбаяр, МХС ТөХК-ийн захирал С.Адъяасүрэн, Монгол шуудан ТөХК-ийн захирал О.Шаалуу, МЦХ ХК-ийн Ерөнхий хэлтсийн дарга О.Болдсайхан, Мобиком ХХК-ийн захирал Н.Болор, Скайтел ХХК-ийн захирал А.Ганболд, Рейлком ХХК-ийн захирал Маргад-Эрдэнэ зэрэг салбарын байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл оролцов.
Энэ уулзалтын үеэр хот хооронд, хөдөө орон нутгийн телефон ярианы үнэ тариф ялгаваргүй байх шинэ тарифыг баталгаажуулсан 3 талт гэрээ байгуулж улс даяар мөрдүүлж эхлэв.

“Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээ, Бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцооны цаашдын хандлага” сэдэвт мэдээллийн технологийн удирдах ажилтны анхдугаар уулзалт зөвөлгөөн зохион байгуулж, төрийн байгууллагын мэдээллийн технологийн удирдах ажилтнуудад үндсэн сүлжээ, бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоо, цахим засаглал, хамтын ажиллагаа зэрэг сэдвээр танилцуулга хийж харилцан санал солилцов.

2010 ОНЫ 03 ДУГААР САР

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хүрээнд “IT ambassador” буюу “Мэдээллийн технологийн элч төлөөлөгч” томилон хамтарч ажиллах санаачилгыг тус газраас гаргаж анхны элч төлөөлөгчөөр Япон улсын иргэн Казуаки Матоваг томилон гэрчилгээ олгох ёслол зохион байгуулав.
Өсвөр үе, хүүхэд залуучуудын мэдээллийн технологийн мэдлэгийг нэмэгдүүлэх, чадвар, хэрэглээг сайжруулах зорилгоор БСШУЯ, “Батжаргал сан” ТББ, МТҮП-тай хамтран “Шилдэг цахим хуудас-2010” уралдааныг дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарлаж дүгнэв.

2010 ОНЫ 04 ДҮГЭЭР САР

Тус газрын 2 дахь дэд даргаар А.Мөнхбат, БХЗХ-ийн даргаар Ж.Зоригтбаатар, Системийн нэгтгэлийн албаны даргаар Г.Нямдорж нар томилогдов.

2010 ОНЫ 05 ДҮГЭЭР САР

Тус газрын дарга Ж.Сансар БНСУ-ын Харилцаа холбооны хороотой хамтран ажиллах санамж бичигт Сөүл хотноо 2010 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурав. Энэхүү санамж бичиг нь хоёр орны мэдээлэл харилцаа холбоо, радио, телевизийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой хамтын ажиллагааны баримт бичиг боллоо.
Тус байгууллага нь Монгол Улсад цахим засаглал хөгжүүлэх, цахим худадлаа, цахим эрүүл мэнд, цахим боловсролын үндэс суурь, дэд бүтцийг байгуулах, мэдээллийн технологийн дэвшлийг амьдралд нэвтрүүлж хялбар, шинэ хэрэглээг бий болгох үйл ажиллагааг нэдсэн арга зүй, удирдлага зохицуулалтаар хангаж мэдээлэлжсэн нийгэм байгуулах их бүтээн байгуулалтад чухал байр суурийг эзэлж байна.

2010 ОНЫ 10 ДУГААР САР

“Радио Телевизийн өргөн нэвтрүүлгийг системийн тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр” боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

2010 ОНЫ 11 ДҮГЭЭР САР

“Цахим гарын үсэг” -ийн хуулийн төслийг боловсруулж УИХ -д хэлэлцүүлж дэмжигдлээ.

2010 ОНЫ 12 ДУГААР САР

МШХХТГ-аас “Мянганы хөгжлийн зорилт” -уудыг биелүүлэхэд НҮБ-ын дэргэдэх Ази Номхон Далайн Хөгжлийн төлөөх Мэдээлэл Харилцааны Технологийн Сургалтын Төвтэй /UN-APCICT/ хамтран багц төслүүд хэрэгжүүлж байгаа билээ. 2010 оны 11 сард уг төслийг хэрэгжүүлж буй 17 түншлэгч байгууллагуудаас МШХХТГ шалгаран НҮБ-ын шагнал авлаа.

2011 ОНЫ 01 ДҮГЭЭР САР

2011 оны 01 сарын 19 -ний Засгийн газрын хуралдаанаар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын орлогч дарга Ж.Бат-Эрдэнийг газрын даргаар томиллоо.

2011 ОНЫ 05 ДУГААР САР

2011 оны 05 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Төрийн ордонд болсон “Мэдээлэл, харилцаа холбооны улсын зөвлөгөөн” амжилттай болж өндөрлөлөө.Уг зөвлөгөөнд дотоод, гадаадын 800 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд “Монгол Улсын Мэдээлэл, харилцаа холбооны талаар 2021 он хүртэл төрөөс баримтлах бодлого”-ын төслийг хэлэлцлээ.

2011 ОНЫ 12 ДУГААР САР

2011 оны 12 сарын 15 -ний Улсын Их Хурлын хуралдаанаар “Цахим гарын үсгийн тухай” хуулийг баталлаа.

2012 ОНЫ 04 ДҮГЭЭР САР

2012 оны 04 сарын 04 -ний Засгийн Газрын 101 тоот тогтоолоор “Цахим засаг” үндэсний хөтөлбөр батлагдлаа.

2012 ОНЫ 05 ДУГААР САР

Ерөнхий сайдын 81-р захирамжаар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын бүтцэд Сансрын технологийн хэлтэс шинээр байгууллаа.

2012 ОНЫ 08 ДУГААР САР

УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинээр байгуулагдаж Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 06 тоот тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг- Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар татан буугдаж, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар нэртэйгээр байгуулагдаж, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг батлах тухай Ерөнхий сайдын 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 26 тоот захирамжаар батлуулав.

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын зохион байгуулалтын бүтэц:

а) Шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийн газар /Мэдээллийн технологи, инновацийн хэлтэс болон Сансар, радио холбооны хэлтэстэй/;

б) Бодлогынхэрэгжилтийгзохицуулах газар /Төсөл хөтөлбөрийн хэлтэстэй/

в) Төрийн захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар;

г) Хяналт-шинжилгээний газар /Статистик, мэдээллийн хэлтэстэй