Төр хувийн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох ёсгүй
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Д.Оюунхорол
2012.12.20

Төр хувийн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох ёсгүй

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярилцав.

 -Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төс­лийг буцаалаа. Та үүнийг зөв гэж үзэж байна уу. Алдаа, оноотой асуудал олон байсан болохоор ийм шийдвэрт хүрэх шиг боллоо?

-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль нэлээд удаан хугацааны турш хэлэлцэгдэж байгаа. Энэ удаад ч бас гишүүд янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Ардчилсан нийгмийн амин сүнс болсон чөлөөт хэвлэлийн үүрэг өнөөдөр маш их байгаа. Тийм ч учраас сайн хууль гараасай гэж хэвлэлийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын эзэд, сэтгүүлчид, ер нь ний­гэм даяараа хүлээж байна. Хуулийн төслийн тухайд гэвэл саяны хэлэлцүүлгийн явцад бидэнд дахиж эргэн харах шаардлагатай олон асуудал гарсан учраас буцаалаа. Нөгөө талаас энэ хуулийг өргөн барьсан субъект нь өөрөө “Редакцийн бие даасан  хараат байдлыг хангах тухай” зүйл, заалтаа бүхэлд нь татаж авсан.

Тиймээс хуулийг бүхэлд нь өөр хооронд нь уялдуулах шаардлага бий болсон.

-Ерөнхийлөгчийн зөвлөх Со­сор­маагийн буцаах санал тавьсан тэрхүү наймдугаар зүйлээс болоод гишүүд нэлээд маргалдлаа. Үнэхээр редакцийн үйл ажиллагааг хөрөнгө оруулагч эздээс нь хараат бус байлгах гэж байгаа нь зөв мэт боловч сэтгүүлч эзэдтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хэр­хэх вэ гэдэг нь тодорхойгүй байлаа, тийм үү?

-Манай хэвлэл мэдээллийн бай­гууллагынхан УИХ-ын гишүүдэд хандаж бичсэн захидлыг нь би сонин хэвлэл дээрээс уншсан. Тэдний хамгийн их эмзэглэж байгаа зүйл нь хувийн өмч, бизнест нь шууд халдахуйц хуулийн заалтууд оруулж ирсэн явдал юм. Яагаад сэт­гүүлч эзэнтэй хэвлэл мэдээллийн байгууллага байж болохгүй гэж. Хэвлэлийн байгууллагынхны хувийн өмчид иймэрхүү байдлаар халдсан хуулийн заалтуудыг оруулж ирсэнд нь манай хэвлэлийнхэн нэлээд бухимдсан бололтой. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны саяны хурлаас тэр заалтыг оруулсан субъект нь өөрөө татгалзаж, эргүүлэн татсан учраас энэ зөрчил арилах байх. Бид сая хуулийн талаар нэлээд ярьсан. Засч залруулчихмаар олон асуудал гарч ирсэн. Энэ бүгдийгээ сэтгүүлчидтэй өөрсөдтэй нь ярилцаж, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэдтэй нь уулзан зовлон жаргалыг нь сонсож байж хуулиа боловсруулах юм бол цоорхой багатай, амьдралд хэрэглэгдэж болохуйц ойр, зохицуулалт сайтай болгож чадна.

-Хэвлэл мэдээллийн байгуул­лагууд зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулдаг тухай та байнгын хорооны хурал дээр онцолж байсан. Тэгэхээр өнөөдөр /өчигдөр/ буцаагдсан хуулийн төсөл дээр үнэхээр хувийн өмчид төр халдах гэсэн оролдлого харагдаж байв уу?

-Манай улсын эдийн засаг зах зээлийн жамаар хөгжсөөр өдийг хүрсэн. Хэвлэлийн зах зээл ч бас үүнтэй яг адилхан. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бизнесийн үйл ажиллагаагаа өөрсдийнхөөрөө төлөвлөн явуулж байгаа. Ингэхдээ шударга өрсөлдье гэж хэлж байна. Энэ зарчмаараа л байгаа. Ингээд байхад нь эдгээр байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд төр оролцоод байхаар тэр хүмүүс яаж дуртай байх вэ дээ. Манай сонин, телевизүүд гэдэг чинь хэвлэл мэдээллийн зах зээлд шударгаар өрсөлдөх боломжийг эрэлхийлж байгаа хувийн өмчит аж ахуйн нэгж л гэсэн үг шүү дээ. Тэдний энэ үйл ажиллагаанд төр хутгалдан орж, зохицуулах гэж оролдож байгаа нь буруу. Харин ёс зүйтэй, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын төлөөх нийтлэг эрх ашгаа хамгаалах, үүнийг алдагдуулахгүй байх, нийгмийг зөв зүгт чиглүүлж залахуйц мэдээллийг түгээдэг байх, ингэхийн тулд шударга өрсөлдөөний үндсэн дээр ажиллах ёстой. Тийм байгаасай гэж би хувьдаа боддог.

-Ер нь Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд тусгах шаардлагатай хамгийн гол зүйл нь юу вэ?

-Миний бодлоор энэ хуулиар нэг л зүйлийг маш ойлгомжтойгоор томъёолж өгөх ёстой. Мэдээж хэрэг, чөлөөт зах зээлийн зарчмаар хэмжигддэг ардчилсан нийгэмд хэв­лэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг явуулж байгаа. Бид үүнийг зөв хөндөж харах ёстой. Энэ чинь хувийн хэвшил гэсэн үг шүү дээ. Мэдээллийг үйлдвэрлэж, нийгэм, олон нийтэд цаг алдахгүйгээр шуурхай хүргэж байгаа газар гэж би хувьдаа ойлгодог. Тиймээс хэвлэлийн зах зээл нь бие дааж үйл ажиллагаагаа явуулах боломжоор бид хангах ёстой. Ийм сэтгүүл зүйг хөгжүүлэхэд дэм тус болохуйц хуулийг боловсруулах хэрэгтэй гэсэн үг. Тийм учраас байнгын хороогоор хэлэлцсэн хуулийн төсөл дээр эргэж харах асуудал олон гарлаа.

"Энэ бол нийгэм, уншигч, үзэгчдээ хүндэтгэсэн ёс суртахуунтай сэтгүүл зүй юм. Үүнийг бий болгож чадвал нийгэм зөв замаар хөгжихөд их хэрэгтэй гэж би хувьдаа боддог"

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаатай холбогдуулан зохиогчийн эрхээс эхлээд олон асуудал хөндөгддөг. Эдгээр нь хуулийн төсөлд тусгагдаж чадсан болов уу?

-Мэдээллийг үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүд нь тийм ч олон биш. Манай мэдээллийн сайтуудын нэлээд хэсэг нь нэг, нэгээсээ мэдээ, материалаа хуулах маягаар ажилладаг. Үүнээс болж оюуны өмчийн тухай ярих шаардлага бий болдог. Түүнчлэн мэдээллийг түгээхэд ажилагдаж буй процессын алдааг засч, залруулах ёстой. Олон улсын жишгийн дагуу хариуцлагатай, зохицуулалттай, ёс зүйтэй сэтгүүл зүй, хэвлэлийн бай­гууллагыг бий болгохын тулд илүү нухацтай хэлэлцмээр байна.

Манай хэвлэлийнхэн ч бас ам дамжиж олон нийтэд тархсан баримт дээр үндэслэж мэдээллээ боловсруулдаг баймааргүй байна.

Тийм ёс зүйг төлөвшүүлэх хэрэгтэй. Тухайн хүнтэй нь холбоотой мэдээлэл авлаа гэж бодоход өөрөөс нь тодруулж, нягтлах үүргийг хүлээх ёстой. Энэ бол нийгэм, уншигч, үзэгчдээ хүндэтгэсэн ёс суртахуунтай сэтгүүл зүй юм. Үүнийг бий болгож чадвал нийгэм зөв замаар хөгжихөд их хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Тиймээс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн асуудал дээр нэлээд нухацтай хандах ёстой гэдгийг дахиад хэлмээр байна.

-Тухайлбал ёс суртахуунтай холбоотой ямар асуудлыг хуулинд тусгаж өгвөл зүгээр вэ?

-Хөдөө орон нутагт явж байхад иргэдээс маш олон санал ирдэг. “Бид телевизээ үзэх гэхээр маш их реклам гардаг. 15 минут кино, 15 минут реклам гэх мэт” гэж. Тэгээд өвөө, эмээ нар нь үзэж байсан хэсгээсээ мартчих гээд байна хэмээн гомдоллож байсан. Өрөвдмөөр ч юм шиг зүйл их ярьдаг. Тийм учраас телевизүүдийг үзэгчдээ хүндэтгээсэй гэж бодож байна. Хэдийгээр энэ нь хувийн компанийн бизнес боловч үзэгчдийн эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Ядаж хүний анхаарал 3-5 минут төвлөрдөг гээд бодоод үзэхээр 15 минутын реклам хүмүүсийг ямар их залхаадаг вэ гэдэг нь тодорхой. Энэмэтчилэн ёс зүйтэй холбоотой асуудлуудыг хариуцлагатай сэтгүүл зүйг бий болгох зүйлийн жагсаал­тандаа оруулж, хуульчлаасай гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, үзэгч, уншигчдаа эрхэмлэн дээдэлж, тэдэнд зөв мэдээллийг өгдөг байгаасай гэсэн үг. Нэг ёсондоо энэ бол үйлчилгээ шүү дээ. Хэвлэл мэдээллийн бай­гууллагууд төрөөс таван төгрөгний ч татаас авдаггүй. Тэгж л үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ өнцгөөс л би хэвлэлийн асуудалд хандаж байна.

-Цаад эзэд, хөрөнгө оруулагчдын тухай нэлээд хөндөж байгаа. Харин хэн хэдэн хувийг эзэмших эрхтэй вэ гэдэг нь бас л тодорхойгүй байх шиг?

-Тухайн хэвлэл мэдээллийн бай­гууллагын хэдэн хувийг нэг аж ахуйн нэгж эзэмших эрхтэй вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Энэ бол манай жижиг улсад хяналттайгаар лиценз зөвшөөрлөө олгох үйл явцын нэг хэсэг. Ийм байвал зүгээр шүү дээ. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй хүн тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүх­лээр нь эзэмшинэ гэж улайраад байх боломжгүй болгоно гэсэн үг. Бид бол тусгаар тогтносон улсын иргэд. Мэдээллийн зах зээлийн хэдэн хувийг хаанаас үйлдвэрлэж байгаа вэ гэдгээ мэдэх эрхтэй хүмүүс. Энэ бүгдийг хянаж чадахаа больчих вий гэж би хувьдаа болгоомжилдог учраас цаашид үүнийг анхаарж, хяналттай болгох ёстой гэж үзэж байна. Үүнийгээ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд тусгаж өгөх нь зүйтэй.

-Хэвлэлийн байгууллагуудыг санхүүгийн хувьд бие дааж чадахгүй байгаа учраас аль нэг мөнгөтэй хүнээс хараат байгаад байна гэдэг дээр гишүүд нэлээд ярилцсан. Үүнийг зохицуулахын тулд яах ёстой вэ?

-Хэвлэл мэдээллийн байгуул­лагууд олноороо бий болсны дараа зах зээлийн жамаараа зарим нь хаалгаа барьдаг. Өнөөдрийн байдлаар долоо хоног тутмын сонингууд маш цөөхөн болж байна. Өдөр тутмын сонингууд ч бас аяндаа цөөрөх хандлагатай байна. Олон сэтгүүл гарч байгаа. Тэд ч бас зах зээлийн зарчмаараа л явна. Интернэтийн орчинд мэдээлэл солилцоо хурдацтай хөгжиж байна. Цахим ертөнцөөс мэдээллээ авдаг залуучууд олноороо бий болж бай­гаа. Өөрөөр хэлбэл, өчигдрийн юм өнөөдөр байхгүй болж байна. Ийм үед хуулийн зохицуулалтыг уян хатан хийх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр санхүүжилтын механизмд нь төрөөс дэмжлэг үзүүлэхгүй байж үйл ажиллагаанд нь хутгалдаж орно гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс эзэд нь хэвлэлийн байгууллагынхаа ажлыг хэвийн явуулах боломжийг нь хангаж өгөх нь зүйтэй юм. Тэд өөрсдөө ямар менежментээр ажиллаж, сайн сэтгүүлчээ хэдэн төгрөгөөр цалинжуулах вэ гэдгээ шийдэг.

-Ер нь дөрөв дэх засаглал гэдэг сэтгүүл зүйн гол үүрэг. Үүнийгээ биелүүлэх боломжоор хангаж өгөх нь хуулийн төслийн гол зорилго болж таарна, тийм үү?

-Монголын улс төр дэх өнөөд­рийн дүр зургийг хэвлэлийнхэн л хамгийн бодитойгоор гаргаж ирж мэдээлдэг. Тухайлбал улс төрд гарч байгаа олон урвалтыг би мэддэг. Хэвлэлийнхэн ч бас энэ талаар сайн бичдэг. Олон түмний үнэт зүйлийг үгүй хийж, булингартуулж байгаа зүйлийг сэтгүүлчид хараад чимээгүй байж чаддаггүй. Тэд олон нийтэд мэдээлдэг. Тэгэхээр энэ бүхэн нь манай сэтгүүлчид дөрөв дэх засаглалын үүргээ сайн биелүүлж байгаагийн нэг илэрхийлэл гэж би боддог юм.

 -Ярилцсанд баярлалаа.