Монголд улстөрчдийн нөлөө бүхий сэтгүүл зүй байгаа
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2013.01.22

Монголд улстөрчдийн нөлөө бүхий сэтгүүл зүй байгаа

УИХ-аар хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа.

-Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуу­лийн төслийг тухайн сал­барын удирдлагад  бүх  ха­риуцлагыг үүрүүлэх гэсэн хууль болох нь гэж үзэж байна. Хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүний хувьд энэ талаар ямар бо­долтой байна вэ?

-Ерөнхийлөгч уг хуулийн төслийг өргөн барьсан. Уг хуулиар сэтгүүлчдийг  эз­дийн дарамтаас  чөлөөтэй   байлгаж, хаана хаанаа ха­риуц­лагатай байя гэдэг зарч­им барьж байгаа. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийг үндэслэлгүй гүтгэн дором­жилдог явдлыг таслан зог­соох, улстөрчид, төрийн бай­гууллагын ажилтнууд сэтгүүлчдийн эрх, хэвлэл мэ­­­дээллийн байгууллагын бод­­­логод нөлөөлөхийг оролд­дог явдлыг хязгаарлаж, чөлөөт сэтгүүл зүй хөгжих бололцоог нээхийг зорьсон хууль.

-Тэгвэл хэвлэл мэдээл­лийн байгууллагын удирд­лагууд хувийн бизнест нь хэтэрхий  оролцож, тэдний эрх ашгийг зөрчсөн  хууль болох нь гэж яриад байгаа л даа?

-Миний бодлоор тухайн байгууллагын эзэд бизнесийн ашгаа л бодох хэрэгтэй. Харин сэтгүүлчид яг өөрийн­­хөө итгэл үнэмшил, мэд­­­­­рэмжээрээ асуудалд хан­­­­даж бичиж, нийтэлж, нэвт­­­­рүүлдэг байх ёстой. Гэх­дээ ямар нэгэн байдлаар хэн нэгнийг зохиомлоор гүт­гэж, доромжилж болохгүй. Хуулийн төслийн гол санаа нь энд л байгаа.

-Хуулийн төслийн бас нэг чухал заалт нь Эрүү­гийн хуулийн 110, 111 дүгээр заалт буюу гүтгэлэг доромжлолтой холбоотой заалтыг өөрчилж, тухайн сэтгүүлчид эрүүгийн ха­риуцлага үүрүүлэхгүй, тор­гох шийтгэл оногдуулахаар хуульд тус­гасан. Ер нь, уг заалтаар ихэвчлэн сэт­гүүлчид ял хүлээдэг. Тэгэ­хээр энэ заалтыг өөрч­лөх нь хэр зүйтэй вэ?

-Хэвлэл мэдээлэл ард­чилсан байх ёстой. Хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр хан­­гагдсан байх учиртай. Үүнийг нь төрөөс ямар нэгэн хэл­бэрээр цензурдэхгүй байх хэрэгтэй. Гэхдээ мэдээ ма­те­риалууд нь бодит ба­римтад тулгуурлаж, шүүх хя­нал­тын байгууллагад очоод унадаггүй байх ёстой гэж ойлгодог. Энэ хуулийн хүрээнд сэтгүүлчдийн зөвлөл бай­гуулагдаж байгаа. Зөвлөлөөр тухайн сэтгүүлчийг шүүх хяналтын байгууллагаар шал­гуулахгүйгээр өмгөөлж, хамгаалах эрх зүйн орчинг бий болгоно. Өөрөөр хэлбэл, тухайн зөвлөл сэтгүүлчийг шүүхэд очихоос нь өмнө эвлэрүүлэн зуучлуулах аж­лыг хийнэ. Мөн сонинд гарч буй мэдээ материалын хариуцлагыг тухайн редакци хүлээх ёстой.    

-Хэвлэл мэдээллийн аливаа гүтгэлэг, доромж­лолд УИХ, Засгийн газрын гишүүд их өртдөг. Тиймээс УИХ-ын гишүүд энэ заал­тыг өөрчлөх нь буруу гэж үзэж байна. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Гол асуудлыг сэтгүүлч­дээс илүү улстөрчид хийдэг. Өөрөөр хэлбэл, улстөрчид өөрсдөө хэвлэл мэдээллийн байгууллагатай болчихсон. Тиймээс сэтгүүлчид тэдний даалгавраар ямар нэгэн дов­толгоо хийдэг. Үүнийг л хуулиар хязгаарлая гэдэг санаа явж байгаа.  

-Ардчилсан намынхан чөлөөт сэтгүүл зүйг бий болгосон мөртлөө өнөөдөр засгийн эрхэнд гарчихаад сайтын сэтгэгдлийг хаана, кабелын телевизэд цензур тогтооно гэж ярьж байна. Ингэх нь хэр зөв шийдвэр вэ?

-Сайтуудын сэтгэгдлийг хаана, хянана гэдэг бүтэхгүй асуудал. Монгол орон ард­чиллын үлгэр жишээ орон гэж ойлгогдож байгаа. Ард­чилсан  гэгдэж буй зарим оронд тодорхой хэмжээгээр мэдээллийг нь хаах явдал байдаг л юм билээ. Энэ хууль батлагдсанаар сэтгүүлчийн эрхийг боомилж, хаах асуудал байхгүй гэж ойлгож болно.

Хамгийн гол нь, хаа хаанаа хариуцлагатай байя гэдэг зарчмыг ярьж байгаа.

Зарим сонинд нэг хүн очоод тэр тэгсэн юм гэнэ ээ гээд ярихад  түүнийг нь сэтгэлийн хөөрлөөр эсвэл хэн нэгний захиалгаар нийтэлдэг. Уг нь тухайн эх сурвалжаас ямар баримт, нотолгоо байгааг нь шаардаж байж, түүнийг нь үндэслэж бичих ёстой.

-Хууль батлагдсанаар хэвлэл мэдээллийн эрх чө­лөө бүрэн утгаараа хэрэг­жих болов уу. Манайд хэв­лэл, мэдээллийн эрх чөлөө байна уу?

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль эрх зүйн орчин, төрийн бай­гууллага гэхээсээ илүү улстөрчдийн хэтэрхий ха­раа, нөлөөнд орсон сэтгүүл зүй хөгжиж байна. Өөрөөр хэлбэл, хэвлэл, мэдээллийн ар талд улстөрчид ямар нэгэн хэмжээгээр  байж л байгаа. Нам намаараа, үзэл бодлоороо талцаад нэгнийгээ гутаан доромжилдог. Мөн сайн зүйл хийлээ гэхэд хараар будаж, болохгүй зүйл хийснийг нь зохиомлоор  цайруулж, нэр хүндийг нь өсгөдөг. Ард түмэн үнэн бодит мэдээллийг олон өнцгөөс авахыг хүсч байгаа. Тэгэхээр энэ хуулиар ард түмний хүсч буй үнэн бодит мэдээллийг олон өнцгөөс хүргэхийг хүсч байна. Энэ хуулийг муу хууль гэж үзэхгүй байгаа. Аливаа зүйл тодорхой хэмжээнд байх ёстой.Тухайлбал, манайхан төрийн хар хайрцагны бодлого, үндэсний эрх ашиг гээд ярьдаг. Үндэсний эрх ашиг гэдэг хайрцган дотор л бүх үйл ажиллагаагаа явуулах ёстой. Үүнээс цааш давж болохгүй.

-Хуулийн анхны хэлэл­цүүлгийн үеэр УИХ, Зас­гийн газар, нутгийн өөрөө удирдах  байгууллага өөрийн мэдлийн  хэвлэл мэ­дээллийн хэрэгсэлтэй байж болно гэдэгт гишүүд санал зөрөл­дөж байсан. Таны хувьд алийг нь дэмжиж байгаа вэ?

-Нутгийн өөрөө удирдах байгууллага явуулж буй үйл ажиллагаа, хурлаа олон нийтэд мэдээлэх ёстой. Гэх­дээ үүнийг далимдуулаад айм­гийн ИТХ өөрийн хэвлэл мэдээллийн  хэрэгсэлтэй байж  болохгүй. Энэ нь тө­рийн  мөнгийг эрх баригчид өөрийн тал­даа зарах гэсэн ойлголт. Тиймээс үүнийг болиулах хэрэгтэй. Аймаг орон нутагт хувийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд зөндөө бий. Эдгээрээр дамжуулаад ИТХ дүрэм журам үйл ажиллагаагаа сурталчлах боломжтой.