Ж.Бат-Эрдэнэ: Бидэнд том зорилт бий
"Монголын Цахилгаан Холбоо" ХК гүйцэтгэх захирал Ж.Бат-эрдэнэ
2013.04.15

Ж.Бат-Эрдэнэ: Бидэнд том зорилт бий

Зарим байгууллагад тэс өөр мэргэжлийн хүн даргаар очдог. Таны тухайд Ж.Бат-Эрдэнэ мэргэжлийн хүн, ямар ч гэсэн ажлаа сайн мэднэ гэдэг юм билээ?

- Миний эзэмшсэн мэргэжил программист гэж болно системийн инженер. Энэ салбарт 17 дахь жилдээ ажиллаж байна. 1996 онд Дэд бүтцийн хөгжлийн яам гэж байхад энэ салбарыг хариуцсан мэргэжилтнээр ажилд орж байсан. Тэр үед ихэнхи цагаа Монгол улсад мэдээллийн технологийг яаж хөгжүүлэх вэ гэдэгт зориулж байлаа. Ер нь 1996 он их онцлогтой жил байсан, Датаком компани анх удаа зөвхөн е-мэйл хэрэглэх түвшинд интернэтийг оруулж ирж байсан, мэдээллийн технологийн салбарын хувьд Монгол улсын иргэн бүрийг е-мэйл хаягтай болох зорилт тавьж байсан.

Өнөөдөр  байдал өөр болсон. Тэр үеэс л Монгол улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт ажиллаж, хөгжилд нь хувь нэмрээ оруулахын төлөө бие сэтгэлээ зориулж явна даа. Дэд бүтцийн хөгжлийн яаманд Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бодлого зохицуулалтын газар байгуулагдахад газрын даргаар ажилласан, дараа нь агентлаг байгуулагдсан, эхлээд орлогч даргаар, дараа нь даргаар нь ажиллалаа. Одоо Монголын цахилгаан холбоо компани гэсэн том айлд ирээд ажиллаж байна.

-Та МШХХТГ-ын даргаар ажиллаж байгаад “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирал боллоо. Таны албан тушаал жаахан буурсан уу?

-Албан тушаал ээлж, эрэмбэ, дараатай гэдгийг ойлгодог, түүнийг авч, өгч сурсан хүн. Яамны газрын дарга байсан, ажлаа өгч үзсэн, дараа нь эргээд томилогдсон. Энэ бол байдаг л зүйл. Ер нь аливаа ажлыг хийнэ гэдэг тухайн хүнээс гадна баг хамт олноос ихээхэн хамаардаг. Тийм учраас албан тушаал өгсөж уруудах нь хүний амьдралын, ялангуяа төрийн  ажил хийж байгаа хүнд байдаг л асуудал. Эмзэглээд байх юм огт байхгүй. Ийм зүйлийг даван туулаад ирсэн болохоор албан тушаал буурчихлаа, өгсчихлөө гээд миний зан хувираад, ярьдаг юм өөрчлөгдөөгүй. Төрөөс хүлээлгэсэн үүргийг зөв аваад явах эр зориг, мэдлэг чадвар надад бий гэж бодож байна. Намайг албан тушаал бууруулж томилсон асуудал биш, тодорхой зорилготой томилж байгаа түүнд нь хүрч ажиллах боломж бололцоог хайх хэрэгтэй.

Би ОХУ-д сургууль төгссөн,  Германд магистрын зэрэг хамгаалсан, өөрийнхөө эзэмшсэн чиглэл болох сүлжээний аюулгүй байдлаар Америкт суралцсан. Миний мэдэх, чадах зүйл ойлгомжтой учраас би хаана ч, хэзээ ч үнэ цэнээ алдахгүй мэргэжилтэн байхын төлөө ажиллаж ирсэн. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар маш эрчимтэй өөрчлөгдөж байдаг салбар. Энэ салбарт хүн өөрчлөлтөд байнга бэлэн байж, шинэ соргог зүйлс, технологийн дэвшлийг олж мэдэж, уншиж өөрийгөө боловсруулж явахгүй бол дорхноо хоцрогддог. Тийм учраас энэ салбарын хөгжилтэй аль болох зэрэгцээд явахыг хичээдэг. Ер нь манай салбарт ажиллаж байгаа хүмүүс бүгд л тийм байдаг болов уу. Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар хөгжлөөрөө манай нийгэм, эдийн засгийн салбаруудаас хамгийн түрүүнд нь явж байгаа. Дэлхийд ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ шинээр нэвтэрч байна, тэр манай улсад маш богино хугацаанд орж ирж байна. Зарим талаараа бусад орноос түрүүлсэн зүйл ч Монголд зөндөө байдаг.

-Энэ салбарын хууль эрх зүйн зохицуулалтыг та гардаж хийж байсан хүний нэг. Ер нь мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын бодлого зохицуулалт ямар түвшинд байгаа бэ?

МШХТГ-ын даргаар ажиллаж байхдаа Өрх бүрт шуудан хөтөлбөр, Радио телевизийг тоон системд шилжүүлэх хөтөлбөр, Цахим гарын үсгийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан.

- Харилцаа холбооны тухай хууль 1996 онд батлагдсан, дараа нь Радио долгионы хууль батлагдсан. Мөн 2001, 2008 онд Харилцаа холбооны хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. МШХТГ-ын даргаар ажиллаж байхдаа  Өрх бүрт шуудан хөтөлбөр, Радио телевизийг тоон системд шилжүүлэх хөтөлбөр, Цахим гарын үсгийн тухай хуулийг УИХ-д өргөн барьж батлуулсан. Энэ салбарт хийгдсэн ихэнх эрх зүйн зохицуулалт, бодлогод гар бие оролцсон гэж болно.

Монгол улсын анхны Мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх үзэл баримтлалыг 2001 онд батлуулаад хэрэгжүүлж байлаа. Энэ нь 2010 он хүртэл хэрэгжүүлэх хөтөлбөр байсан. Дараачийнх нь “МУ-ын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт төрөөс 2020 он хүртэл баримтлах бодлого”-ийг бусад салбарын бодлоготой уялдуулан  боловсруулж, Засгийн газраар оруулан УИХ-д өргөн барьсан.

Энэхүү үзэл баримтлал нь 2001 онд гарсан үзэл баримтлалаасаа тэс ондоо. Анх 2001 онд үзэл баримтлал батлагдаж байх үеийн нийгмийн сэтгэл зүй, хүмүүсийн мэдлэг, ур чадвар, салбарын хөгжлийн түвшингээс болоод  зөвхөн энэ салбартаа чиглэсэн бодлого байсан бол 2011 онд боловсруулсан бодлогын баримт бичиг энэ салбараас гадна  бусад салбаруудтай уялдсан агуулгын хувьд өргөн  баримт бичиг болсон.

-Таныг УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах гэдгийг мэдэхгүй хүн цөөн. Та хоёр ажил төрлийн тал дээр  хэр харилцаатай байдаг вэ?

-Бид эцэг, эхээс есүүлээ. Манай гэрийн хүмүүжил, аав ээжийн зааж сургасан олон зүйл биднийг хүн болоход тусалсан юм даа. Хүн болно гэдэг тийм амархан зүйл биш. Харагдаж байгаагаараа хүн болчихдог ч юм биш. Манай ах дүү нар бүгдээрээ дээд сургууль төгссөн. Өнөөдөр манай гэр бүлд шинжлэх ухааны гурван ч доктор байна. Ер нь хүн аливаа зүйлийг өөрийнхөө хэм хэмжээнд байлгахыг хичээх хэрэгтэй. Миний хийсэн үйлдэлд Ж.Батзандан хариуцлага хүлээнэ гэж юу байхав. Манай гэр бүлд туурга тусгаарласан бол биеэ даагаад амьдар, амьдралаа бод гэдэг л зарчимтай. Ж.Батзандан бид хоёрыг улс төрийн зорилгоор ч гэдэг юм уу хамаатуулж зарим хувь хүн, улс төрийн байгууллагууд янз бүрээр л бичдэг юм. Үүнд нь эмзэглээд байдаггүй.

-Монголын Цахилгаан холбоо гэх энэ том байгууллагын өнөөгийн дүр төрх ямар байна бэ?

-МЦХ  ХК үйлчилгээгээ 23 аймаг хот, 150-иад суманд хүргэдэг, 1000 гаруй ажилтантай асар том аж ахуйн нэгж. Гэвч манай компанид өөрийн сүлжээ алга. Хэрэглэгчдэд очиж байгаа сүлжээг Мэдээлэл холбооны сүлжээ компаниас түрээсэлдэг. Шинэ хэрэглэгч холбохын тулд заавал тийшээ хандана. Өнөөдөр МЦХ-нд өөрийн гэсэн байр алга. түрээсийн байранд байгаа. Техник технологийг шинэчлэх хэрэгтэй, үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй байна.

МЦХ ХК үйлчилгээгээ 23 аймаг хот, 150-иад суманд хүргэдэг, 1000 гаруй ажилтантай асар том аж ахуйн нэгж.

МЦХ-ын тоног төхөөрөмжийг сайжруулах, дэд бүтцийг байгуулах, үйлчилгээгээ сайжруулах ёстой. Бид үндсэн бизнесээ яаж сайжруулах вэ, зөв хөрөнгө оруулалтыг яаж бий болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Аймгийн төвүүд дээр ажиллаж байгаа ЕWSD станцыг анх 1997 онд суурилуулж байсан, манай төв дээр байгаа E10 станцыг сүүлийн 3 жилийн турш огт унтраалгүй ажиллуулж байна.

Хэрэв эдгээр станцууд гэрэл цахилгаан болоод бусад шалтгаанаар унтрах юм бол бүх мэдээллийн бааз устаж алга болно. Ийм л нөхцөл байдалтай байна, үүнийг өөрчлөх шинэчлэлт хэрэгтэй. Хэрэглэгчдэд хүрдэг замаа богиносгоё. Засгийн газар, МШХХАгентлаг, ТӨХ бидний байдлыг ойлгож сайн дэмжиж байгаа.

Бид өнөөдөр нэг хэрэглэгчийг холбох гэж 7-10 хоног зарцуулж байна. Ийм нөхцөлд бизнес хийнэ гэдэг маш хүнд. Кореа телекомтой хэлэлцээ хийх Засгийн газрын ажлын хэсэг гарсан. Энэ хүрээнд МЦХ компанийн ажлыг яаж сайжруулах вэ гэдгээ ярина. Монголын цахилгаан холбоо гэдэг нэр нь өөрөө их үнэ цэнэтэй,  олон улсад хүлээн  зөвшөөрөгдөж танигдсан нэр. Өнөөдөр Mongolia Telecom-ийн бизнесийг сайжруулах хэрэгтэй байна. Бид стратегиа боловсруулж байгаа.  Тэр боловсруулсан стратегийнхаа дагуу ажиллахад энэ компанийг богино хугацаанд бизнесийн хэвийн түвшинд авчирч чадна гэдэгтэй итгэлтэй байна.  

-Монголын цахилгаан холбоо компани гадаадын  хөрөнгө оруулалттай хэрнээ төрийн өмчит, бас хувьцаа эзэмшигчидтэй гээд үнэхээр олон талт компани юм.

-Тиймээ. МЦХ гэдэг өөрөө хамтарсан хөрөнгө оруулалттай компани. Өнөөдөр МЦХ ХК-ны 40 хувийг Кореа телеком, 54 хувийг Монголын Засгийн Газар, 5,4 хувийг нь жижиг хувьцаа эзэмшигчдэд эзэмшдэг хувьцаат компани юм. Хувь нийлүүлэгчдийнхээ хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг тогтвортой хөгжүүлэх, боловсон хүчнээ чадавхжуулах гээд бидэнд хийх ажил их байна.

-Монголын цахилгаан холбоо  ХК-ийг “живж байгаа Титаник” гэдэг. Нүсэр бүтэцтэй, орлого зарлага нь их, нэгэн хэвийн тогтсон газарт та өөрчлөлт хийж байгаа. Зарим залуус дэмждэг, зарим нь алдвал том алдана гэж хаширлах юм билээ?

-Намайг ажлаа хүлээж авахад МЦХ компани нь хөгжлийн бодлого, стратеги  байхгүй, дүрэм журам нь тодорхойгүй, ажилчдын  ажлын байрны тодорхойлолт нь маш учир дутагдалтай, хүний нөөцийн мэдээллийн сан огт байхгүй байсан. Энэ бүх юмыг цэгцлэхээр ажиллаж байна. Үнэнийг хэлэхэд бид зарим ажил хийдэггүй хүмүүсийг ажлаас нь чөлөөлж байгаа.

Энэ компани өнөөдөр гурван муу имижтэй болсон байна. Хамгийн мэдлэг, чадваргүй хүмүүс нь энэ компанид үлдсэн, мэдлэгтэй чадвартай нь өндөр цалинтай бусад компани руу явчихдаг. Бас манай компанийг салбартаа хамгийн бага цалинтай гэдэг. Зарим хүмүүс энэ компанийг живж байгаа Титаник гэхийг цөөнгүй сонссон. Бизнесийн ашиг орлого нь жил бүр унаж ирсэн. 2012 онд үндсэн бизнес нь алдагдалтай гарсан. Эдгээр байдлыг засахын тулд бүсээ чангалж олон шийдвэртэй арга хэмжээг авахаас өөр арга алга.

-Монголын цахилгаан холбоо ХК-д улстөрчид өөрийнхөө хүнийг “шахдаг”, нэг ажлыг олон хүн хувааж хийдэг гэсэн шүүмжлэл гардаг. Энэ үнэн үү? Мобиком, Скайтел хоёртой харьцуулахад хамаагүй олон ажилтантай байх.

Харин Мобиком, Скайтел зэрэг компаниуд манайхаас харьцангүй цөөн ажилчидтай ч хэд дахин илүү орлоготой.

-Би ажил авсан анхныхаа өдрөөс л “Ажил хийдэг, ажил хийдэггүй хоёр хүн адилхан цалин авна гэж байхгүй” гэж хэлсэн. МЦХ ХК-д яг өнөөдөр 1160 хүн ажиллаж байна. Орлого 24  гаруй тэрбум, зарлага нь бас төдий хэмжээнийх. Харин Мобиком, Скайтел зэрэг компаниуд манайхаас харьцангүй цөөн ажилчидтай ч хэд дахин илүү орлоготой. Ажил хариуцсан хүн хийх юмаа хийх ёстой, хийж чадахгүй бол явах л ёстой.

Зөвд зөөлөн бурууд хатуу хандах нь буруу зарчим биш байх. МЦХ-ны орон нутаг дахь салбарт 24-40 хүн ажиллаж байгаа бол  Мобиком, Скайтел зэрэг компаниудын нэг салбарт  5-7 хүн ажиллаж байна. МЦХ компани нийгмийн өмнө хүлээсэн үүргээ давуулан биелүүлж байгаа.  Давуулан биелүүлж байгаа дотор нь даварсан хүмүүс бас байна. Компанийн дүрэм журмаар ажиллах ёстой гэж бодож байна.  

-Цомхотгол хийлээ гэж хэл ам гардаг уу?

-Бид энэ компанийн бизнесийг тогтвортой болгохын төлөө ажиллах ёстой. Компанийн бизнес доголдоод эхэлбэл хаа хаанаа тогтворгүй болно. “Одоо 24 ажлын байран дээр 84 хүн буюу 1 хүний ажлыг 3-4 хүн хийж байна. Уучлаарай аттестчлал явуулна. 24 ажлын байранд 24 хүн л ажиллуулах ёстой биздээ. Шалгалтанд тэнцээгүй хүмүүсд сул цалин өгөөд ажиллуулах  хөрөнгө мөнгөний бололцоо байхгүй. Энэ нь нуугаад байх зүйл биш, бахархаад байх ч зүйл  биш.

Цаашдаа зардлаа бууруулахдаа цомхотгол гэхээсээ илүү хэн юу чадаж байна гэдгээр нь шалгаруулахаас өөр арга байхгүй. МЦХ компани дээр бизнесийнх нь зөв орчинг бий болгоод өрсөлдөх чадвартай компани болгохын тулд бид дотоод бүтэц,  зохион байгуулалтаа сайжруулах талаар нэлээд ажил хийж байна. Энэ бол тоондоо биш хийх ажлынхаа хүрээнд тохирсон хүмүүсийг ажиллуулъя гэж буй хэрэг.

-Та бүхний энэ оны стратеги төлөвлөгөөний гол зорилт юу бэ?

-Бидэнд том зорилт бий. Энэ компанийн үндсэн бизнес нь суурин утас.  Суурин утас бүгд уначихсан. Суурин утасны лиценз аваагүй л болохоос өрсөлдөгч компаниуд маань бүгд суурин утасны үйлчилгээ нэвтрүүлчихсэн. Жишээлбэл IPTV байна. Гурвалсан үйлчилгээ үзүүлж байна, суурин утастай, телевиз, дээрээс интернэт гээд. Хэрэглэгчид дээр очоод төхөөрөмжийг үнэгүй суурилуулж өгч байна. Ийм нөхцөлд манай компани бусадтай өрсөлдөж оршин тогтнохын тулд бид зөв  бодлого гаргаж хэрэгжүүлэх ёстой. Бид ойрын үед маркетингийн томоохон бодлого явуулж байна. Хэрэглэгчдэд ADSL дээр суурилсан суурин утсыг үнэгүй өгөх, үнэгүй суурилуулах чиглэл рүү явна.  

2013-2014 онд ямар шинэчлэл хийж, ямар бизнесийн орчин бий болгохоос компанийн маань ирээдүй, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн ирээдүй хамаарна.

Бидний явуулж байгаа менежментийн шинэчлэлт зарим хүнд таалагдахгүй байж магадгүй. Энэ компанийн бизнес, ашиг орлого нь хэвийн түвшинд байх ёстой. Болж өгвөл энэ зах зээлээс илүү ашиг олох боломжтой, ажилчид маань өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй. МЦХ компани төрийн өмчит компанийн хувьд хамгийн өргөн хүрээнд чанартай үйлчилгээг иргэддээ үзүүлэх ёстой.

Сумдад хамгийн хямд интернэтийн үйлчилгээг манайх үзүүлж байгаа. Цаашид манайх интернэтийн бизнес дээр тулгуурлана. Уламжлалт бизнесээ арай өөр түвшинд хүргэнэ. Энэ компанийг өрсөлдөх чадвартай, ашиг орлоготой, ажилтнуудынх нь цалин хангамж өндөр, амьдрал нь өөдрөг, зовхи нь өөдөө болгож чадвал миний энд ирсэний хэрэг бүтэж байгаа нь тэр юм.