Ногоон байгууламжийг хувийн хэвшлийн мэдэлд өгье
Сүүлийн үед төрийн хувийн хэвшлийн түншлэлийн талаар хүчтэй анхаарах болж, энэ чиглэлийн хурал семинарыг төрийн байгууллагын зүгээс зохион байгуулах болсон.
Харин энэ удаад Монголын бизнесийн зөвлөлөөс санаачлан энэ сарын 27-нд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааны арга зам ба тогтвортой хөгжлийн үр ашигтай бизнес туршлагын талаар санал солилцож, төр болон хувийн хэвшлийн хооронд ярилцлага зохион байгуулав.
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэ хотын ногоон хөгжлийн шинэлэг санаа болох агаарын тээврийн талаар танилцуулсан юм.
Түүний дараа Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайд С.Оюун байгаль орчинд төрөөс баримтлах бодлого, хувийн хэвшлийн түншлэх арга замын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Түүний хэлснээр Засгийн газрын түвшинд ойг хувьчлахаар тогтоол гарсан бөгөөд “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журам”-ыг баталжээ.
Энэхүү журмын гол зорилго нь ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний ажлыг төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлийг шалгаж хүлээж авах, тэдгээрийг санхүүжүүлэх, иргэн өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн газартаа, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр тарьж, ургуулсан таримал ой, модыг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх, ойн санд шилжүүлэх харилцааг
Шангрелла барилгын урд талын талбай
зохицуулахад чиглэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл иргэн, аж ахуйн нэгжийн хувийн хөрөнгийг ойжуулалтын ажилд зарцуулах хэд хэдэн хөшүүргийг шинээр бий болгосноороо онцлог болжээ. Тухайн иргэн, нөхөрлөл, ААН, байгууллага нь өөрийн хөрөнгөөр ойжуулалт хийвэл төр худалдаж авах юм. Гэхдээ тодорхой газруудад тарьж ургуулсан мод, бий болсон ой, төгөл, зурвасыг худалдан авах ажээ. Төрийн өмч, нийтийн эзэмшил гэсэн нэрийн дор олон зүлэг ногоо, мод бут эзэнгүйдэж, хатаж хорчийж өнгө зүсээ алдаж байгааг бид бүгд мэднэ. Тиймээс олон улсын жишгээр энэ бүгдийг эзэнтэй болговол олон асуудал шийдэгдэх юм.
Энэ үеэр Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхантай ярилцлаа.
-Өнөөдрийн арга хэмжээний онцлог юу вэ. Нийгмийн салбарт чиглэсэн үйл ажиллагаанд бизнесийн байгууллагууд хэрхэн хамтрах боломжтой вэ?
Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан
Гол нь эрх зүйн орчин, бодлогын орчин тодорхой байвал бизнесийн байгууллага ашигтай үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах боломжтой эсэхийг харна.
Мэдээж хэрэг монгол хүн бүр, бизнесийн байгууллаг бүр сайн сайхны төлөө ажиллана. Бид монголдоо хүн шиг сайхан амьдрахыг хүсч байна. Хэрвээ ногоон байгууламжийг байгуулаад тэрийгээ ашиглаад бизнесийн үйл ажиллагаа тогтвортой явуулах боломжтой бол сайн хэрэг.
Үүний тулд хамгийн чухал нь төрөөс ямар бодлого баримтлах вэ, түүн дээр ямар хууль дүрэм барьж ажиллах вэ гэдэг нь тодорхой, нээлттэй байхаас хамаарна.
Бизнесийн боломж гэдэг нь хаана ямар ажил үйлчилгээ явуулах боломжтой вэ гэдгийг л харах явдал. Бидний өнөөдрийн ярьсан асуудал том боломж гэвэл том.
Манай бизнесийн орчин бусад улстай харьцуулахад хамаагүй нээлттэй. Энэ орчинд бид шинэ санаа гаргаж, шинэлэг байдлаар байдлаар ажиллавал бүх зүйл сайхан болно.
-Ойг хувьчлах асуудлыг ярилаа. Ойг хамгаалж, ургуулж арчлах асуудал хувьчилж авсан компани, аж ахуй нэгжийн мэдэлд очно. Энэ нь хэр үр дүнтэй вэ?
Ер нь аливаа юм эзэнтэй байвал сайн хамгаалагдана. Бид ой модоо ариун дагшнаар үлдээе гээд орхихоор нэг нөхөр очоод модыг нь огтлоод явчихдаг. Хэрвээ эзэнтэй хамгаалах хүнтэй бол тэгэж чадахгүй.
-Төр хувийн хэвшлийг харилцааг сайжруулж, хамтарч ажиллах нь нийгмийн олон салбарт үгүйлэгдэж байна. Одоо хамтрах боломжтой ямар салбар байна вэ?
Ой мод, ус ашиглавал төлбөрөө төлж, хувьд шилжүүлэх алхмууд хийгдсэн байна. Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн үндэс нь нэг талаас нь байгалиа хамгаалж, нөгөө талдаа бизнес хийх боломжийг хэлж байгаа юм.