Нийслэлийн цэвэр усны нөөц багасч, бохир зайлуулах байгууламж сүйрлийн ирмэгт иржээ
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнгөрсөн баасан гаригт УСУГ-ын ажилтай танилцав. Нэг хурал, уулзалтаас нөгөөд нисч явдаг түүнийг 14.00 цагт УСУГ-т очиход тус газрын удирдлагууд угтаж авав. Ж.Үнэн дарга нийслэлийн ихэнх байгууллагын дарга нарын тавьдаг байрны асуудлыг хөндөхөө мартсангүй. Мэргэжлийн хяналтынхан тэдний байранд акт тавьсан бололтой. Санал тавьсан нь ч, сонсож байгаа нь ч энэ асуудал бүтэхгүй гэдгийг мэдэж байгаа нь илт. Энэ яриаг Засаг дарга сонсоод л өнгөрөв.
Цэвэр усны түгээлт долоон тэрбумын алдагдалтай
Мэргэжилтнүүд хотын даргад нийслэлд цэвэр усны нөөц хомсдож байгааг танилцуулаад, хязгаарлагдмал нөөцөөр нийслэлийг хэрхэн хангаж байгаа, усны түгээлт, гарцыг компьютерээр яаж хянадгаа үзүүлэв. Тэдний яриагаар бол нийслэлчүүд найдвартай цэвэр ус хэрэглэж байгаа аж.
Гэхдээ тэдний санааг зовоож байгаа хоёр асуудал бий. Цэвэр усны нөөц худгууд байрладаг газрыг хувь хүн, компаниудад олгосон шийдвэрийг яаж зогсоохоо мэдэхгүй байгаа нь эхний асуудал гэнэ.
Цэвэр усны эх үүсвэр болсон худгуудын байрлаж буй газрыг тусгай хамгаалалтаас гаргаж "Дүнжингарав" компанид өгснөөс эхлээд цөөнгүй зөрчил байгаа аж. Сүүлд гэхэд Ж.Үнэн даргаас цэвэр усны нөөцийн бүсэд барилгаа барьсан дөрвөн өрх зөвшөөрөл хүсээд байгаа юм байна. Ж.Үнэн "Захирамжаа гаргуулаад ир" гээд буцаадгаа хотын даргад ярив.
УСУГ нь усны эх үүсвэрийн нөөцийн газартайгаа ноцолдож байх зуур хувь хүн, компаниуд дураараа худаг гаргах нь олширчээ. Нийслэлд байдаг албан ёсны 150 шахам худгаас хэд нь ямар асуудалтайг Нийслэлийн Засаг дарга гурван удаа асуугаад хариулт авч чадсангүй.
Нэг литр усыг өөрийн өртгөөс нь зургаа дахин хямдаар түгээдэг аж.
Учир нь тэр худгууд өөр газарт харьяалагддаг аж. УСУГ баталгаатай цэвэр усыг л худгуудад түгээх үүрэгтэй. Тэдэнд нийслэлийн хэмжээнд байдаг худгуудын тооноос өөр юм байхгүй гэнэ. Наад захын зураглал ч байдаггүй бололтой.
Харин худгуудыг паспорттой болгох шийдвэр гаргавал хаана, хэдэн худаг байгааг мэдэх боломжтой гэж тус газрынхан ярьж байлаа. Мэргэжилтнүүдийн санааг зовоож байгаа дараагийн асуудал бол усны үнэ юм. Тус газрынхан нэг литр усыг өөрийн өртгөөс нь зургаа дахин хямдаар түгээдэг аж.
Жилд долоон тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг ч, алдагдлаа хаанаас нөхдөгөө тайлбарласангүй. Алдагдал гэр хорооллоос гардаг гэнэ. Харин байшин хорооллоос нэг тэрбумын ашиг олдог байна. "Бат-Үүл даргаа манайх нэг өдөр хаалгаа барьчихвал битгий гайхаарай" хэмээн Ж.Үнэн дарга сүрдүүлэх, сануулахын завсар хэлээд авав.
Харин Засаг дарга "Нийслэлчүүд баталгаатай цэвэр усаар хангагдаж байна гэдэг сайн хэрэг. Та нар асуудалтай худгийн тоог хэлж чадахгүй юм байна. Яагаад цэвэр усны нөөцийн худгийн газрыг компанид өгдөг байна" хэмээн асуув.
Хариуд нь Ж.Үнэн "Өмнө нь гаргачихсан шийдвэр. Одоо тэд нар яагаад гаргасан гэдэгтээ тайлбар хийхгүй байхаа" гэв. Харин Засаг дарга Э.Бат-Үүл "Тэр шийдвэр гаргасан хүмүүс усгүй болбол өөрсдөө ч сүйрнэ гэдгээ мэддэггүй юм байх даа. Газрын асуудлыг шийднэ.
Цэвэр усны үнийг эсвэл чөлөөлөх, эсвэл үнийн зөрүүг танай байгууллагад өгөхөөс өөр аргагүй. Бид нийтийн тээврийн үнийн зөрүүд 60 шахам тэрбум төгрөг өгч байгаа. Энэ бүлэг чинь нийслэлийн хүн амын 20 хүрэхгүй хувь нь. Гэтэл нийслэлийн нийт хүн амын хэрэглэж байгаа цэвэр усны түгээлтийг хэвийн хангахад долоон тэрбумыг гаргачихаж болно" гэж байлаа.
Засаг дарга цочирдов
Засаг даргын дараагийн айлчлал Нийслэлийн төв цэвэрлэх байгууламж. Айлчлаад байхаар газар биш аж. Толгойтод байрладаг энэ байгууллагын хашаанд ороход л аймшгийн үнэр хамар цоргиж угтав. Засаг дарга хашаанд орж ирээд машинаасаа буухдаа "Би Канадад үүнээс том цэвэрлэх байгууламжид орж байсан. Ийм үнэр байхгүй байсан даа" гэж байлаа.
Цэвэрлэх байгууламжийн хүчин чадал өнөөдөр дээд цэгтээ тулжээ.
Тус байгууллагынхны ярьж буйгаар бол муухай үнэр нь харин ч эрс багасаад байгаа нь энэ гэнэ. Анх удаа л ийм том дарга тэдний хашаанд үзэгдэж байгаа аж. УСУГ-ын байшин нь нурах, өрөнд орох, нөөцийн газраа алдах зэрэг зовлон Төв цэвэрлэх байгууламжийн зовлонгийн дэргэд юу ч биш гэнэ.
Ж.Үнэн дарга ч үүнийг тооцсон бололтой нийслэлийн Засаг даргад чамгүй ноцтой мэдээлэл бэлджээ. Тэдний ярьж буйгаар бол цэвэрлэх байгууламжийн хүчин чадал өнөөдөр дээд цэгтээ тулжээ. Маргааш нэг дусал бохир нэмэгдэхэд нийслэл бохирт живэхэд бэлэн байгаа аж.
Одоогийн ашиглаж байгаа байгууламжийг засварлах, өргөжүүлэхэд шинийг барьснаас их хөрөнгө шаардана. Тэгээд ч засах нь бүү хэл, засварлах зургийг гаргах мэргэжилтэн олдохгүй зургаан жил болж байгаа юм байна.
Бохироор дамжин ирэх хаягдал, химийн элементийн хэмжээ стандартаас хэдэн арав дахин нэмэгджээ. Гэхдээ ажилчид, мэргэжилтнүүд энэ бүхнийг аргацааж өдөр хоногийг өнгөрөөж чадаж байгаа аж. Үүнээс өөр шийдэж чадахгүй байгаа нэг асуудал гэвэл бохироор дамжин ирж байгаа хром гэдэг химийн бодис.
Үүнийг хэн ч, яаж ч чадахгүй байгаа гэнэ. Энэ нь утаа, хөрсний бохирдлоос илүү хөнөөлтэй юм байна. Тус байгууллага өдөрт 150 мянган тонн бохир ус цэвэрлэж байхад, дэргэд нь байгаа цахилгаан станцууд өдөрт 60-70 мянган тонн дэлхийн стандартын хүнсэнд хэрэглэх цэвэр ус ууршуулж суудаг байна.
Инженерүүд саарал усаа цахилгаан станцуудад өгөх, шинээр цэвэрлэх байгууламж барих санаагаа хотын даргад тайлбарлав. Шинэ байгууламжид 380 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарчээ. Энэ байгууламжийн ашиглалтын зардал одоогийнхоос гурав дахин бага боловч, хүчин чадал нь хоёр дахин их байх гэнэ.
Бохироосоо метан ялгаруулж өөрийн цахилгаан, дулааны ихээхэн хэсгийг хангана, усны цэвэршилт нь дэлхийн стандартад нийцэхээр, хаягдал маш бага гарна, байгаль орчин бохирдуулахгүй зэрэг олон давуу талтай аж.
Цэвэрлэх байгууламжийн хамгийн том бэрхшээл нь арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал юм байна. Дээрх хаягдлыг бүрэн цэвэрлэж чадахгүй байгаагаас нийслэлийн баруун өмнөд хэсгийн Туул голоос тэжээгдэж байгаа их хэмжээний талбайг иргэд сонирхохгүй байгаа гэнэ.
Энэ бүхнийг сонссон Засаг дарга Э.Бат-Үүл "Хятадад нийлүүлж байгаа түүхий эдийг цэвэрлэх гэж нийслэлчүүд ингэж баларч байгаа юм уу. Ийм байхад нийслэлийг өргөжүүлэх, шинэ суурьшлын бүсийн тухай ярих боломжгүй болж байна. Наад бохир чинь Сонгино, Шувуунд хүн амьдрах нөхцөлгүй болгоно. Хүн бүү хэл мал сүйднэ. Юун эрүүл мах, сүү. Ямар хорлонтой зохион байгуулалт вэ" гэв.
Дараа нь бид цэвэрлэх байгууламжийн хоёр барилгаар орж үзэх гэсэн боловч гаднаас ирсэн хэн ч амьсгал давхцаад, хамар цоргиод орж чадсангүй. Харин ажилчид нь огт тоосон шинжгүй орж, гарцгаах юм. Сонирхолтой нь хуулиар тэдэнд жаахан сүүнээс өөр юм хялайлгадаггүй гэнэ. Хүнд, хортой нөхцөлд тооцогддоггүй бололтой.
Хотын мэрийн эдийн засаг
Дараа нь тэрээр цэвэрлэх байгууламжийнхнаас шинэ байгууламж барих мөнгөө хэрхэн босгох гэж байгааг сонирхов. Япон, БНСУ гээд хөрөнгө оруулах, урт хугацааны зээл олгох сонирхолтой газрууд байгаа гэсэн хариу сонсов.
Хаа газар сонсдог хариулт тул тэрээр "Та нар 380 тэрбум төгрөг гээд гадна, дотнынхныг айлгаад байна. Байдал ийм ноцтой болчихоод байхад яаравчлахгүй бол горьгүй. Сэтгүүлчид байдал ноцтой байгааг нийслэлчүүдэд илэн далангүй хэлэх хэрэгтэй.
Олон жил мөнгө, төсөв яриад суугаад байвал хэрэгжихгүй. 380 тэрбум төгрөг чинь бөөндөө их сонсогдоод байгаа юм. Ж.Үнэн дарга өнөө, маргаашгүй хөтөлбөр боловсруулаад НИТХ-д оруулаад ир. Хөтөлбөрөө батлаад төлбөр, тооцоог жил бүрийн төсөвт суулгаад явчихвал энэ чинь аймаар тоо биш.
Маргааш нэг дусал бохир нэмэгдэхэд нийслэл бохирт живэхэд бэлэн байгаа аж.
Нийслэл жилд 38 тэрбум төгрөг бохирын асуудлыг шийдэхэд хөнгөхөн гаргачихна. Хурлаар баталчихвал гадныхан ч санаа зовох юмгүй мөнгө өгнө. Төлбөр нь найдвартай болчихно. Бид татвар төлөгчдөөс үнэн хэрэгтээ давхар татвар аваад байгаа юм.
Албан татвар гэж хуулиар аваад, хэрэглээний үнэ гэж өсгөж аваад байна. Зарим юмыг зааглах хэрэгтэй. Цэвэр усны хангамж, бохирын цэвэрлэх байгууламж гэдэг утгаар онцгой анхаарах хэрэгтэй. Энэ хоёрыгоо тавиад туучихвал юун бусад асуудал, хэдэн зуун сая ам.доллар гаргах хэрэгтэй болно.
Зардлын менежмент, ашиглалтын менежмент гээд олон аргуудыг яваандаа хэрэглээд ирэхээр иргэддээ ч дарамтгүй төлбөр хийгээд байх боломж гарна. Та нар хөтөлбөрөө цаг алдалгүй хуралд оруул. Бид тэр арьс ширний үйлдвэрүүдийн асуудлыг шийднэ. Ийм аймшгийн хэмжээнд байж болохгүй" гэснээр Засаг дарга Э.Бат-Үүл дараагийн ажилдаа яаран одов.