Аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр гудамж талбайг тохижуулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар холбогдох байгууллагуудтай хамтран «Хөгжлийн төлөө түншлэл» нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтын чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа.
Уулзалтын үеэр хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан 62 байршилд хэрэгжих бүтээн байгуулалтыг тус бүрт нь төсөл болгон хувийн хэвшлийнхэнд санал болгосон юм. Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлээс цөөн асуултад хариулт авлаа.
-"Хөгжлийн төлөө түншлэл" хөрөнгө оруулалтын уулзалтад аж ахуйн нэгжүүд хэрхэн хандаж байна вэ?
"Хөгжлийн төлөө түншлэл" хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр
-Манай улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлага дээшилж байна. Үүний хүрээнд хувийн хэвшлийнхэн нийслэл хотоо тохижуулах санал, санаачилга гаргаад ажил хэрэг болгосон жишээ олон бий.
Харин энэ удаагийн уулзалтад «МСS», «Алтан тариа», «Улаанбаатар банк», «Бодь» зэрэг компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хотынхоо хөгжлийн төлөө гудамж талбайг тохижуулах ажилд хөрөнгө гарган оролцъё гэсэн санал тавьж байна.
Энэ санаачилгыг дэмжиж, дорвитойхон ажил хэрэг болгох үүднээс 62 байршилд хэрэгжих бүтээн байгуулалтыг тус бүрт нь төсөл болгон хувийн хэвшлийнхэнд санал болгож байгаа юм.
-Аж ахуйн нэгжүүдээс өөрсдийн хөрөнгөөр тохижилтын ажил эхлүүлсэн томоохон жишээ дурдаач?
-Улаанбаатар хотын гудамжийг тохижуулах ажлыг өмнө нь гадаадын улс орнууд их хийдэг байлаа. Тухайлбал Сөүлийн гудамжийг солонгосчууд, Анкарагийн гудамжийг туркүүд тохижуулж өгсөн.
«Улаанбаатар банк» гэхэд өөрсдийн хөрөнгөөр Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж байна.
«Оюу толгой» компани гудамжны тохижилтод 500 сая төгрөг хандивласан.
Өнөөдрийн уулзалтад гадаадын ЭСЯ-дын төлөөлөгчид, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд ч гэсэн оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
-Тохижилтын ажлыг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн урамшуулал үзүүлэх үү?
-Үгүй ээ. Тэд ч гэсэн авахгүй гэдгээ хэлсэн.
Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газраас тэдгээр аж ахуйн нэгжийн дурсгалын самбарыг байрлуулах нь зүйтэй гэсэн санал оруулсан. Үүнийг би бодож байгаа. Яагаад гэвэл компаниуд өөрсдийн тохижуулсан гудамжиндаа том том самбар байрлуулчихвал олон нийт тэр компанийн өмч юм байна гэж ойлгочих вий гэж болгоомжилж байна.
-Нийслэл хотын 62 байршилд хэрэгжих бүтээн байгуулалтыг тус бүрт нь төсөл болгосон гэж байсан. Үүнд нийт хэдэн төгрөг шаардлагатай вэ?
-Бид зөвхөн гудамж талбайн стандартыг гаргаж байгаа. Мэдээж хотын төвийн хүн ихээр явдаг гудамжинд их хөрөнгө зарцуулах нь ойлгомжтой.
Харин бидний гаргасан стандартын дагуу аж ахуй нэгжүүд өөрсдийнхөө боломждоо тулгуурлан төслөө сонгож авах юм. Сайн дураараа сэтгэлээсээ хийж байгаа учраас дорвитойхон хөрөнгө оруулах компаниуд олон байна.