Ц.Отгонбагана: Хятадын тусламж шийдэгдээгүй тул сургууль баригдах нь тодорхойгүй байна
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.03.21

Ц.Отгонбагана: Хятадын тусламж шийдэгдээгүй тул сургууль баригдах нь тодорхойгүй байна

Өнгөрсөн өвөл нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын дөрвөн сургуулийн сурагчид хичээллэх байргүй үлдэж, ойролцоох зарим сургуулийн байрыг хувааж хичээллэсэн юм. Тодруулбал, гуравдугаар сургуулийн сурагчид 4, 16 дугаар сургуулийн нэг давхарт хичээллэж байна.

Сургуулийнх нь байрыг нураах шаардлагатай хэмээн акталсан 3, 11, 38, 73 дугаар сургуулиуд багтсан. Нийслэлийн хэмжээнд он удаан жил үйл ажиллагаа явуулсан 27 сургууль, цэцэрлэгийн барилгыг нураах шийдвэрийг НМХГ-аас гаргаад байгаа. Гэвч эдгээр сургууль өнөөдрийг хүртэл акталсан хичээлийн байрандаа сургалт, хүмүүжлийн ажлаа явуулсаар байна. Харин акталсан сургуулийн барилгуудыг энэ хавар засварлаж, ирэх намрын хичээлийн шинэ жил гэхэд ашиглалтад оруулах ёстой.

Акталсан сургуулийн барилгуудыг хэзээ барьж эхлэх талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.

-Хичээлийн байраа нураалгах шийдвэр гаргуулсан гуравдугаар сургуулийн барилгыг хэзээ барьж эхлэх вэ?

-Нийслэлийн 3, 11 дүгээр сургуулийн барилгыг барих хөрөнгө улсын төсөвт суусан. Тухайн барилгын барилга захиалагч нь БШУЯ учраас тендерийг тэндээс зарлах учиртай. Гэхдээ барилгыг гүйцэтгэх компани өөрөө барилгыг буулгах чиг үүрэгтэй байгаа. Бусад сургуулийн хувьд санхүүжилт нь БНХАУ-аас орж ирэх ёстой.

Хятадаас орж ирэх тусламжийн асуудал шийдэгдээгүй учраас буулгах асуудлыг ярьж байгаа. Харин сургуулийн байр барих асуудал шийдэгдээгүй.

Засварын ажил эхлэх болоогүй бйна.

-Эхлээд нураах ёстой дөрвөн сургуулиас гадна 27 сургууль, цэцэрлэгийн барилгыг нураах нь зүйтэй гэж өнгөрсөн намар НИТХ-аар үзэж байсан. Тэдгээр сургуулийн асуудал шийдэгдсэн үү?

-Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр газар хөдлөлтийн үед тэсвэрлэхгүй гэсэн 30 гаруй сургууль, цэцэрлэгүүд байгаа. Эдгээр сургуулийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ. Хөрөнгө шийдэгдээгүй учраас буулгах асуудлыг яриагүй байна.

-Эхэлж барих хоёр сургуулийн зураг төслийг энэ сарын 1 гэхэд гаргана гэж байсан. Зураг төсөл бэлэн болсон уу?

-Зураг төсөл бэлэн байгаа. Одоо сургуулийг буулгах төсөл хийгдэнэ. Энэ ажил тендер шалгаруулсны дараа эхэлнэ. Захиалагч нь БШУЯ учраас тэндээс тендер сонгон шалгаруулна.