Ц.Отгонбагана: Хууль бусаар томилогдсон удирдлагуудыг солино
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана
2013.02.27

Ц.Отгонбагана: Хууль бусаар томилогдсон удирдлагуудыг солино

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганатай өнөө маргаашгүй ажлаасаа чөлөөлөгдөх гэж байгаа цэцэрлэг, сургуулиудын удирдлага, сонгон шалгаруулалт, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн талаар ярилцлаа.

-100 гаруй сургууль, цэцэрлэгийн удирдлагыг хална гэсэн мэдээлэл гарах болсон. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар авмаар байна?

-Юун түрүүн албан ёсны тоо дурдахад нийслэлийн 27 цэцэрлэг, 64 сургуульд хууль бусаар томилогдсон захирал ажиллаж байгаа юм. Сонгон шалгаруулалтгүйгээр, шууд утгаараа хууль бусаар томилогдсон эдгээр захирал, эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах гэж байна. Ирэх долоо хоногоос энэ ажил хуулийн хүрээнд эхэлнэ. Уг нь сонгон шалгаруулдаг журам байсан юм билээ. Гэхдээ журмын хэрэгжилт туйлын хангалтгүй байж.

-Огт хэрэгжүүлдэггүй байсан гэж үү?

-Нэгдүгээрт хууль зөрчиж томилдог байж. Өмнөх журамд сул ажлын байр гарахад тухайн ажлын байрны захиалгыг Нийслэлийн боловсролын газарт өгч байж сонгон шалгаруулалт болдог байсан. Хуучин журамд хэн захиалга өгөх, хэдий хэр хугацаанд зарлах нь тодорхойгүй байсан учраас эрх бүхий албан тушаалтнууд энэ ажлын байранд өөрийн хүнийг томилдог байдал үүссэн.

Тиймээс сул ажлын байрыг хэн зарлаж байх талаар шинэ журамд тодорхой оруулж өгсөн. Ингээд бодохоор нийслэлийн төрийн өмчит цэцэрлэг, сургуулиудын гуравны нэгийг хууль бусаар албан тушаалд очсон хүмүүс удирдаж байсан байгаа биз. Мөн Боловсролын тухай хууль шинэчлэгдэж нийслэлийн Засаг дарга сургууль цэцэрлэгийн эрхлэгчдийг томилж, чөлөөлдөг болсон болохоор энэ нь сонгон шалгаруулалт явуулах бас нэг шалтгаан болсон юм.

-Сонгон шалгаруулалтыг ямар дүрэм журмаар явуулах вэ. Гол нь хэр зэрэг нээлттэй, шударга болох бол?

-Шалгаруулалтын журмыг шинэчлэн боловсруулж өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж батлуулсан. Шинэ журмыг албан ёсоор гаргалаа. Сонгон шалгаруулалтыг нийслэлийн Боловсролын газар зохион байгуулж нийслэлийн Засаг дарга тэнцсэн нэр дэвшигчдийг батламжлах юм. Ингэхийн тулд одоо ажлаа хийж байгаа 27 сургуулийн захирал, 64 цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлнө. Сул ажлын байр гарснаас хойш 10 хоногийн дотор тухайн ажлын байранд сонгон шалгаруулах журамтай.

Гурваас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалт явуулах сургууль, цэцэрлэгийн эцэг эхэд зар хүргэнэ. Хүссэн эцэг эх оролцоод зогсохгүй тухайн нэр дэвшигчид дүн тавих бололцоотой.

Нэр дэвшигчдээс гурван төрлийн шалгалтыг авна. Нэгдүгээрт төрийн албан хаагчдаас авдаг нийтлэг сорилын шалгалт. Нэр дэвшигч 40 асуултын 25 ба түүнээс дээш асуултад зөв хариулсан бол дараагийн шалгалтад тэнцэх учиртай. Хоёрдугаар шатад нэр дэвшигч тухайн цэцэрлэг, сургууль дээр нээлттэй хичээл заана. Энэ шалгалтын гол онцлог нь эцэг эхчүүдэд нээлттэй. Гурваас доошгүй хоногийн өмнө сонгон шалгаруулалт явуулах сургууль, цэцэрлэгийн эцэг эхэд зар хүргэнэ. Хүссэн эцэг эх оролцоод зогсохгүй тухайн нэр дэвшигчид дүн тавих бололцоотой. Мэдээж нөгөө талаас мэргэжлийн баг заах аргын шалгалтад оролцоно.

Эцэг эх болон шалгалтын багийн нийлбэр оноогоор хоёрдугаар шатны шалгалтыг дүгнэх юм. Харин гурав дахь шалгалт нь нэр дэвшигч тухайн сургууль, цэцэрлэгийг хэрхэн хөгжүүлэх талаараа дунд болон урт хугацааны төлөвлөгөөгөө танилцуулна. Тэгээд удирдагч хүнд байх чанар, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчдэд байх мэргэжлийн чадвартай эсэхийг нь ярилцлагаар шалгах юм. Шалгалтаар 100 оноо авахаас 65 ба түүнээс дээш оноо авсан шалгуулагч тэнцсэнд тооцно. Ингээд нийслэлийн Засаг даргад хоёроос доошгүй нэр дэвшигчийг санал болгох юм.

-Танай байгууллага энэ ажлыг зохион байгуулах юм байна. Шударга болж чадах болов уу. Ажил болгож сонгон шалгаруулалт явуулдаг мөртлөө анхнаасаа товлогдсон хүн томилогддог тохиолдол төрийн албанд бишгүй л бий шүү дээ?

-Сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгчдийг сонгон шалгаруулах журамд орсон шинэ зүйл бол гурван төрлийн шалгалтыг гурван өөр ажлын хэсэг авна. Сорилын шалгалтыг нийслэлийн Боловсролын газраас томилогдсон ажлын хэсэг авах бол заах арга, ур чадварын шалгалтыг нийслэлийн Боловсролын газрын арга зүйчид, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн болон бусад мэргэжлийн байгууллага, эцэх эхийн төлөөллөөс бүрдсэн бүрэлдэх үүн шалгана.

Харин хөтөлбөр, ярилцлагын шалгалтын ажлын хэсэгт нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн боловсролын хэлтэс, сургууль, цэцэрлэгийн болон эцэг эхийн төлөөлөөс бүрдсэн таваас доошгүй гишүүн багтаж байгаа. Гол нь шалгаруулалт иргэдийн оролцоонд тулгуурлаж явагдах болохоор ямар нэг “но” орлоо гэх хар байхгүй. Хэдэн хүн нэг өрөөнд сууж байгаад дүгнэчихдэг, дүнг нь дээш доош нь татдаг шалгалт болохгүй. Тэгээд ч эцэг эх, төрийн бус байгууллагын төлөөлөл болон комиссын гишүүдийг хүртэл ашиг сонирхлын зөрчилгүй байлгах үүднээс тухайн нэр дэвшигчтэй холбоотой эсэх талаар нь мэдүүлэг авч байж ажлын хэсэгт оруулах юм.

-Олон хүний ажил, амьдралтай холбоотой асуудал яригдаж байгаа болохоор дараа нь ямар нэг сөрөг үр дагавар гарвал хэн хариуцлагыг нь үүрэх вэ. Шинэ удирдлага томилогдох хүртэл тухайн байгууллагыг хэн хариуцах вэ?

-Мэдээж сургалтын үйл ажиллагаанд ямар нэг байдлаар нөлөөлөхгүйгээр энэ ажлыг зохион байгуулна. Тухайн сургууль, цэцэрлэгийн ажил, сургалтад ямар нэг өөрчлөлт гаргахгүй. 100 гаруй хүнийг ажлаас чөлөөлж байгаа нь хууль хэрэгжүүлэхийн тулд хийж байгаа ажил. Хүсвэл энэ хүмүүс сонгон шалгаруулалтад оролцож болно шүү дээ. Хөдөлмөрийн хуулиар тэтгэвэртээ гарч, ажлаа хүлээлгэж өгөх хүмүүс ч байна.

-Тэтгэврийн насны хэчнээн хүн энэ албан тушаалд сууж байна?

Нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 60 хувь нь цэцэрлэгт явж байна.

-13 сургууль, цэцэрлэгийн удирдлага байна. Мөн шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэгийн удирдлагыг сонгон шалгаруулна. Өмнө нь шинээр ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагыг түр үүрэг гүйцэтгэгчээр томилдог байсан. Харин энэ журмаар шинэ сургууль, цэцэрлэгийг улсын комисс хүлээж авахад удирдах хүнийг сонгон шалгаруулсан байх юм.

-Ажлаасаа чөлөөлөгдөж байгаа 100 гаруй албан тушаалтнаас энэ байдлыг эсэргүүцсэн хандлага гарч байна уу?

-Нийслэлийн Засаг даргын орлогч, манайхаас ч гэсэн энэ талаар удаа дараа мэдэгдсэн байгаа. Хүн өөрийгөө ямар байдлаар албан тушаалд очсоноо мэдэж байгаа шүү дээ. Захирлуудын уулзалт зэрэг хурал зөвлөгөөнөөр байнга яригдаж байгаа зүйл. Ер нь хууль хэрэгжиж байгааг харуулсан, хууль бус сонгон шалгаруулалтад хийж байгаа зохицуулалт учраас ямар нэг эсэргүүцсэн хандлага одоогоор илрээгүй.

-Сонгон шалгаруулалтад орохыг хүсэгчид ямар шаардлагыг хангах вэ?

-Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэн боловсролын салбарт 5-аас доошгүй жил ажилласан, багшлах эрхтэй, заах арга зүй сайтай, санхүүгийн болон хууль, эрх зүйн тодорхой мэдлэгтэй байх шаардлагатай. Мөн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багшийн мэргэжилтэй байх, үүнийгээ дипломын дээд болон бакалавраас дээш боловсролын зэргээрээ нотлох ёстой. Мэдээж тавигдах шаардлагад удирдан зохион байгуулах, хамт олныг манлайлах чадвар орсон байгаа.

-Эдгээр сургууль, цэцэрлэгийг удирдах шинэ хүнийг сонгон шалгаруулах, томилох ажил хэзээ дуусах вэ?

-45 хоногийн хугацаанд сонгон шалгаруулах ажил цэгцэрнэ.

-АТГ, Мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулж байгаа зарим сургуулийн удирдлагын албан тушаалд бас сонгон шалгаруулалт явуулах уу?

-Манайд энэ талаар ямар нэг гомдол санал ирж, бидний зүгээс шалгуулсан зүйл алга.

Өнгөрсөн жил хүүхдүүдээс хандив мөнгө авсан, мөнгө хураасан асуудлаар зарим нэг сургуулийн удирдлага АТГ-т шалгуулсан.

Зарим нь буруугүй нь тогтоогдсон. Ганц хоёр сургуулийн удирдлага шалгуулаад явж байгаа. Зөв бурууг нь дэнсэлсний дараа ажлын байранд нь үлдээх эсэхийг нь авч хэлэлцэнэ. Цаашид Боловсролын тухай шинэ хуулиар боловсролын байгууллагад аттестачлал явуулах юм. Уг нь ийм журам байсан. Бас л биелүүлдэггүй байж. Аттестачлалын дүнгээр хангалтгүй дүн авсан сургууль, цэцэрлэгийн удирдлагыг солино.

-Нийслэлд энэ онд шинээр хэчнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад орох вэ?

-Саяхан хоёр сургууль ашиглалтад орлоо. Удахгүй хоёрыг нь улсын комисс хүлээж авна. Ирэх намар гэхэд таван сургууль шинээр ашиглалтад орно. Одоо бол төрийн өмчийн 122 сургууль, 190 цэцэрлэг байгаа.

-Шинэ, цэгцтэй хотыг бүрэлдүүлэхэд сургууль цэцэрлэгийн байшин барилга, байршил чухал үүрэгтэй гэдгийг хотын удирдлагууд онцолж байгаа. Шинээр сургууль, цэцэрлэг барихад ямар бэрхшээл тулгарч байна вэ?

-Нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 60 хувь нь цэцэрлэгт явж байна. Хотын цэцэрлэг, сургуулийг хангалттай болгоно гэвэл одоогийн байдлаар 300 гаруй барилга шаардлагатай байна. Сургууль, цэцэрлэгийн байр, спорт заал, дотуур байр нэмж барихад газрын асуудал үнэхээр хүнд байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр шинээр барих сургууль, цэцэрлэг зайлшгүй тусгагдсан. Нийслэлийн удирдлага, Боловсролын газар бол хотын зах руу нэмж сургууль барья гэж байгаа юм. Үүнийг дагаад хүүхдийн автобусны хүртээмж ч нэмэгдэнэ. Энэ онд 21 сургууль, 36 цэцэрлэг шинээр баригдаж эхэлнэ. Мөн дөрвөн спорт заал шинээр барих талаар ярьж байна.