Шадар сайд Д.Тэрбишдагва
2013.02.21

УИХ-ын дарга З.Энхболд, Шадар сайд Д.Тэрбишдагва нар Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа

Хүн амын суурьшил ихтэй, хотын төвөөс алслагдсан гэр хороолол буюу Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ашиглалтад орсон Канад технологиор баригдсан 170-р цэцэрлэгтэй танилцав. Тус цэцэрлэг нь Баянхошууны зүүн салаа 104-р сургуулийн баруун талд байрладаг байна.

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо 11 мянган хүн амтайгаас 2-5 настай 1025 хүүхэд байдаг аж. Эдгээрээс зөвхөн 140 нь л өнөөдөр тус цэцэрлэгт хамрагдаж, сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа. Тус цэцэрлэгийн эрхлэгч Х.Барнан хэлэхдээ “Бид хорооныхоо үлдсэн 900 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэхийг хичээж ажиллаж байгаа. Хорооны иргэдээсээ санал авахад нэмж 24-ийн бүлэг, яслийн бүлгүүдийг байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн. 

Сонгинохайрхан дүүрэгт 44700 орчим хүүхэд байдаг. 26 сургууль, 57 цэцэрлэгтэй. Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 60, сургуулийн насны хүүхдүүдийн 76,8 хувь сургууль, цэцэрлэгт хамрагдсан.

Канад технологийн модон барилга нь цаг хугацааны хувьд ч хүүхдийн эрүүл ахуйн хувьд ч аль аль талаараа сайн. Энэ цэцэрлэгийн байраа 2011 оны 8 дугаар сард хундамыг нь цутгаад гурван сарын дотор угсараад дуусчихсан байсан. Манай цэцэрлэг 5800 орчим метр квадрат талбайтай. Дахин өргөтгөл бариулах, 620 хүүхдийн дунд сургуулийг бариулах хүсэлтээ гаргаад бүх судалгаа, материалаа холбогдох албаны хүмүүст хүргүүлсэн байгаа. Эндээ жижиг хэмжээний сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулчихвал Сонгинохайрхан дүүргийн бусад сургууль цэцэрлэгийн ачааллыг нилээд хөнгөлөх боломжтой болно. Гагцхүү газрын асуудлыг нэн яаралтай шийдэх шаардлагатай байна” гэлээ. 

Цэцэрлэгийн хувьд тохижилт сайн, халаалт нь ирчихсэн байсан юм. Энд өвлийн улиралд хүүхэд даарна гэдэг асуудал байдаггүй, дулаанаа тохируулах боломжтой юм байна. 360 сая төгрөгөөр баригдсан, 560 метр квадрат энэ байгууламжид 4 бүлэгт тус бүр 35 хүүхэд суралцаж, 26 ажилтан ажиллаж байгаа аж. Харин өргөтгөл барихаар товлосон газрыг яаралтай шийдэж өгөхийг УИХ-ын дарга З.Энхболд, Шадар сайд Д.Тэрбишдагва нар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болголоо. Учир нь 170 дугаар цэцэрлэгийн хашаанд 500 хүүхдийн цэцэрлэг барих боломжтой газрыг "Дэлхийн зөн" олон улсын байгууллага эзэмшилд байдаг байна.

Цэцэрлэгийн ажилчид гаднах орчноо сайхан тохижуулжээ. Сагсан бөмбөгийн талбай байгуулсан нь ойр орчмын залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд нь тусалдаг гэж байлаа.

УИХ-ын дарга З.Энхболд “Энэ жил нийт 25 цэцэрлэг барих төлөвлөгөөтэй байгаа. Канад технологиор Нийслэлд анх удаа баригдсан цэцэрлэг ямархүү байдалтай байгааг өнөөдөр үзэхээр ирсэн. Маш дулаахан, тохилог, хүүхдэд таатай орчин бүрдсэн байна. Энэ онд баригдах цэцэрлэгүүдийг ийм технологиор барих бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна” хэмээгээд сургууль цэцэрлэг барих бүрдээ шинэ стандарт гаргах шаардлагагүй. Бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж чадахгүй гэхдээ аль боломжтой бүхнийг хийхийг зорьж байгаагаа илэрхийллээ.

Одоогийн байдлаар 5 сургууль, 4 цэцэрлэрлэгийн барилгын ажил дууссан байна. Цаашид хөдөө орон нутгаас шилжин ирэх хөдөлгөөнийг зохицуулж чадвал тус дүүргийн хэмжээнд 11 сургууль, 19 цэцэрлэг нэмж барихад боловсролын асуудал шийдэгдэх талаар Сонгинохайрхан дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Одонтунгалагтуул тайлбарлаж байв.