Путин ба дэлхий дэх Оросын нэр хүнд
Владимир Путин: ОХУ-ын Ерөнхийлөгч
2013.03.04

Путин ба дэлхий дэх Оросын нэр хүнд

Владимир Путин гурав дахь удаагаа ялалт байгуулсан Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний жилд зориулан Оросын төрийн бус судалгааны байгууллага болох “Левада-төв”  тус орны иргэдийн дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгын зорилго нь төрийн тэргүүний явуулж буй үйл ажиллагаанд  үнэлэлт өгөхийг  тэднээс хүссэн байна.

Санал асуулгад оролцогчдын 65 хувь нь Владимир Путины бодлогыг сайшааж байгаагаа мэдэгджээ. Энэ нь  төрийн суртал нэвтрүүлгийн нөлөөтэй холбоотой юм гэж “Левада-төв”-ийн захирал Лев Гудков  хэлсэн  байна.

Санал асуулгад оролцогчдын 65 хувь нь Владимир Путины бодлогыг сайшааж байгаагаа мэдэгджээ.

Путин юуны өмнө “хүндэтгэл хүлээсэн аугаа их гүрний статусыг Орост авчирч  чадсан” гэж санал асуулгад хамрагдагсдын 36 хувь нь үзжээ. Тэдний 28 хувь нь цалин, тэтгэвэр, нийгмийн тэтгэлэг  нэмсэнд, 24 хувь нь салан тусгаар санаа бодлыг гэтлэн давж, улс орон тарж бутрахаас сэргийлсэн нь, харин 11 хувь нь хууль, дэг журмыг бэхжүүлсэн нь Путины гавъяа гэж үзэж байна.

Харин эсрэгээр санал өгөгсдийн ихэнх нь ерөнхийлөгч нийгмийн баялгийг жирийн хүмүүст ашигтайгаар шударгаар хуваарилж чадаагүй, Орост хууль, дэг журмыг бэхжүүлж чадахгүй байна гэж үзжээ.

Сонгуулийн өмнө өгсөн амлалтаа Путин хэрхэн биелүүлж байгаа  талаар оросын иргэдийн санал зөрсөн  байна. Ерөнхийлөгч сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлж байгаа гэж  47 орчим хувь нь үзэж, харин 36 хувь нь тэр амлалтаа биелүүлэхгүй байна гэж мэдэгджээ. Энэ нь хүмүүс Путиныг чухамхүү юу амласныг санахгүй байгаатай холбоотой юм гэж Лев Гудков цохон тэмдэглэсэн байна.

Америкийн Жорж Мэйсоны их сургуулийн улс  төр судлалын профессор Марк  Катц санал асуулгын дүнг  тайлбарлажээ.  “Орос аугаа их гүрний статусаа буцаан олсныг оросын иргэдийн 36 хувь нь л Путины гавъяа хэмээн үзэж байгаа нь надад гайхал төрүүлж байна. Бусад нь ийм гавъяатай гэж үзэхгүй  байгаа буюу эсвэл оросын жирийн иргэдийн амьдралын тухай ярьж байгаа нөхцөлд аугаа их гүрний стутасыг их ач холбогдолтойд үзэхгүй байна хэмээн хэлж болно. Тиймээс  үнэндээ Путин Оросыг иргэдийнх нь үзэж байгаагаар, үнэхээрийн сайхан орон болгох нь түүний үнэлэмжид ч төдийгүй энэ орны хувьд  илүү чухал байх болно” гэж  профессор Катц хэлсэн байна.