Малаасаа илүү малчдадаа анхаарал хандуулах цаг иржээ
УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2013.01.21

Малаасаа илүү малчдадаа анхаарал хандуулах цаг иржээ

Сүүлийн үед өвөлжилт хүндэрч, зуд болсон тохиолдолд малын өвс, тэжээлийн хүрэлцээ, хангамжийн талаар хөндөж, малын осголт, хоргодолтод анхаарал хандуулах болсон. Энэ ч үүднээс улсын онцгой комисс болон Засгийн газрын нөөц сангаас малын өвс, тэжээлийн чанар, хүрэлцээнд онцгой анхаарал хандуулах болсон. Энэ хэрээр малчдын "эрүүл мэнд, хангамжийн асуудал орхигдож, малчид малаасаа зутруухан өвөлжиж, онд орох болсоор удаж байна.
Өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын гишүүн, сайдууд аймгийн Засаг дарга нартай хамтарч ажиллах гэрээ байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ үеэр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс малчидын өмнө тулгамдаж байгаа дээрх асуудлуудад хэрхэн анхаарч ажиллах, ямар бодлого баримталж байгаа талаар нь зарим асуултад хариулт авсан юм.

-Аймгийн Засаг дарга нартай хамтарч ажиллах гэрээ байгууллаа. Сүүлийн үед малчдаа гэхээсээ илүү малдаа анхаарал тавих болсон. Гэтэл малчид маань малаасаа зутруухан ондоо орох болж. Энэ байдлыг халахын тулд танай яам хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Манай яамныхан өнгөрсөн долоо хоногт Архангай, Булган, Сэлэнгэ аймгуудад томилолттой ажиллаад ирлээ. Томилолтынхоо хугацаанд аймаг болон сумдын удирдлагуудтай уулзсан. Уулзалтын явцад яг наад асуудлыг чинь хөндсөн. Зудтай байгаа үед малдаа анхаарал хандуулах нь зүйн хэрэг ч гэлээ сүүлийн үед хүнээ гэх сэтгэл нэлээд дутагдах болж. Тухайлбал, зуд, зурхантай байгаа газарт өвөлжиж байгаа хүмүүс эмнэлгийн тусламж авч чадахгүй, хоол, хүнсний дутагдалд орж байна. Тиймээс малдаа биш малчиддаа анхаарал хандуулах цаг болсон.

Зөвхөн малын өвс, тэжээлхэн гэдэг үүднээс асуудалд хандахгүй байхыг анхааруулсан.

Энэ ч үүднээс томилолтоор ажиллах хугацаандаа аймгийн удирдлагуудад энэ чиглэлээр заавар, зөвлөгөө, үүрэг өгсөн байгаа. Ялангуяа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, хүүхдүүд гэсэн нийгмийн эмзэг хэсгийнхэнд түлхүү анхаарах чиглэл өгсөн байгаа.

Учир нь хүн гэдэг үнэт капитал тэнд байгаа гэдгийг бид мартах ёсгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн тусламжийг цаг тухай бүрт нь тэдэнд хүргэхийг үүрэг болгосон. Аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулах үеэрээ ч энэ талаар тэдэнд сануулсан. Энэ талаар цаашид авах маш олон арга хэмжээг авах шаардлагатай байна.