МАН-ынхан 2.9 сая төгрөгийн хандив цуглуулж, малчдад тусламж үзүүлэх гэнэ
МАН-ынхан төр засгаас өвөлжилт хүндэрсэн аймгуудад хохирол амсуулалгүйгээр тусламж үзүүлэхийг уриаллаа.
2012.12.25

МАН-ынхан 2.9 сая төгрөгийн хандив цуглуулж, малчдад тусламж үзүүлэх гэнэ

Зарим аймагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ж.Сауле, Намын байгуулалтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөгийн байдлаар 15 аймгийн 80 гаруй суманд 20-60 см зузаан цастай байгаа учир мал бэлчих газаргүй, зам хаагдаж, зуд болох аюултай байгаа аж.

Манай улсад  мал маллаж буй 140 мянган өрх байдаг юм байна. Тиймээс МАН-ынхан төр засгаас өвөлжилт хүндэрсэн аймгуудад хохирол амсуулалгүйгээр тусламж үзүүлэхийг уриаллаа. Мөн МАН-аас өвөлжилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэхээр 2.9 сая төгрөгийн хандив цуг­луулж, Онцгой байдлын газрын данс руу шилжүүлэхээр болжээ.

Ерөнхий сайдын мэдэлд улсын нөөцөд малчдад тусламж үзүүлэх 90-ээд тэрбум төгрөг байдаг аж.

Энэ хөрөнгөөс өвөлжилт хүндэрсэн аймгуудад нэн даруй түргэн тусламж үзүүлэхгүй бол зуд нүүрлэсний дараа тусламж хүргэх хүндрэлтэй байдгийг тэд дуулгалаа.

Улсын Онцгой байд­лын газраас 2009 онд малчдад туслах аяныг са­наачилж, Элчин сай­дуудад хан­дан, олон улсын бай­гуул­ла­гуудаас тусламж хүсч байсан аж. Энэхүү аянд олон улсын байгууллагууд маш идэвхтэй оролцсон байна. Тиймээс тэдний зүгээс “Төр засаг энэ зарчмаар ажиллах шаардлагатай” гэдгийг хэлж байв.

Арванхоёрдугаар сарын 21-нд дэлхий сөнөнө гэх цуурхлаар айлууд лаа, шүдэнз цуглуулсан. Тиймээс МАН-ынхан тэрхүү цуг­луулсан зүйлүүдийг малчдад хүргэх чиглэлээр ажил­лах боломж­той эсэхийг лавлахад УИХ-ын гишүүн асан Ц.Цэнгэл “Түүнийг зохион байгуулж болно. Гэхдээ лаа, шүдэнз цуглуулсан хү­мүүс өөрсдийн сайн дураар өгөх эсэхээ шийднэ” гэлээ. МАН-аас зохион байгуулж буй ажлыг дэмжиж буй хүмүүс “1921” утсаар холбогдож, хамтарч ажиллах боломжтой юм байна. Тэндээс цугласан мөнгийг  Онцгой байдлын газарт шилжүүлэх гэнэ.