Шадар сайд болон сангийн сайд нар орон нутагт ажиллажээ
Тэд орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн тулгамдсан асуудлыг сонсч, газар дээр нь шийдвэрлэхийг зорьсон байна. Шадар сайд, Сангийн сайд нартай Булган аймгийн таван сумын Засаг дарга, эрүүл мэндийн төвийнхөн уулзалт хийсэн байна. Аймгийн хэмжэнд 16 сумын 2.5 сая мал өвөлжиж байгаа аж. Тэшиг, Хутаг-Өндөр, Хангал, Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур зэрэг найман суманд өвөлжилт хүндэрснийг аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат дуулгав. Орон нутагт ажиллах үеэрээ Шадар сайд өөрийн харьяа мэргэжлийн хяналт, онцгой байдал, стандарт хэмжилзүйн газрын газрын албан хаагчидтай уулзсан бол Сангийн сайд Ч.Улаан орон нутгийн санхүүч, эдийн засагч нартай уулзалт зохион байгуулжээ.
Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур сумын түргэний машин эвдэрснээр хөдөөгийн малчдын эрүүл мэндийн үйлчилгээ бүрмөсөн зогсчээ.
Тиймээс эмч нар иргэдийнхээ машиныг гуйж хэрэглэж байгаа аж. Шадар сайд уг байдлыг яаралтай шийдвэрлэж өгөхөө амласан учир удахгүй Дашинчилэн, Баяннуур сумынхан түргэн тусламжийн машинтай болох нь. Мөн энэ үеэр ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд Сангийн сайдаас "Хүний хөгжил сан"-гаас олгож байсан нэг сая төгрөгийн үлдэгдлийг хэзээ олгох болон 21 мянган төгрөгөө аваагүй иргэд хэрхэн авах талаар лавласан байна. Сангийн сайд тэдэнд "Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 340 мянган төгрөгийг энэ сардаа багтаан олгоно" гэж мэдэгдсэн байна. Мөн "Хүний хөгжил сан"-гаас олгосон 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн мөнгийг сар шинээс өмнө олгохоор болсноо мэдэгдлээ.