УИХ-ын дэд дарга Н.Энхболд: Хоршоо бол хамгийн ардчилсан байгууллага юм
2012.04.19

УИХ-ын дэд дарга Н.Энхболд: Хоршоо бол хамгийн ардчилсан байгууллага юм

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт болсон Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын малчдын уулзалтад оролцлоо.

Энэ бүс нутагт гуч гаруй малчдын бүлэг нөхөрлөл ажиллан байгаль хамгаалах, хөдөлмөрөө хоршин цагаан идээ боловсруулах, эсгий эдлэл хийх зэргээр хамтардаг байна. Дашрамд дурьдахад Алтанбулаг сумын малчдын хамтарсан “Монгол эсгий” бүлэг энэ жил улсын тэргүүний бүлгээр шалгарсан байна.

Уулзалтад эдгээр бүлэг нөхөрлөлийн ахлагчид оролцож төрөөс малчдын хоршоог дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын талаар ярилцлаа. 2012 оныг Монгол Улсын санаачлагаар НҮБ-аас Олон улсын хоршоог дэмжих жил хэмээн зарласан билээ. Төв аймаг ч мөн энэ жилийг Хоршооны хөгжлийг дэмжих жил хэмээн зарлаж аймгийн хэмжээнд зургаан жишиг хоршоо байгуулах зорилго тавьсан байна.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболд болон ажлын хэсэгт ажилласан Монголын Хоршоологчдын Үндэсний Холбооны дэд тэргүүн Ц.Мягмар-Очир, Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Холбооны дэд тэргүүүн Д.Батмөнх нар Монгол мал хөтөлбөр, Малчдын талаар төрөөс баримтлах бодлогод хоршоог дэмжих үүгээр дамжуулан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын талаар танилцуулан малчдын асуултад хариуллаа. Малчид хоршооны татварын тайланг хэрхэн гаргах, нийгмийн даатгалын шимтгэлийг хоршооны гишүүдийн хэдэн хувь нь төлөх, бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан борлуулах талаар сонирхож байсан юм. Өнгөрсөн жилээс эхлэн үндэсний үйлдвэрт ноосоо тушаасан малчинд кг тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал олгож байгаа бөгөөд Төв аймгийн малчид нэг тэрбум төгрөгийн урамшуулал авсан байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.