2013.01.08

Сү.Батболдын Засгийн газраас нэг их наяд тэрбум төгрөгийн бондын өртэй хоцорчээ

Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүдэд нээлттэй мэдээлэл хийсэн. Тус мэдээлэлд Ардын намын бүлэг оролцоогүй. Энэ талаар бүлгийн дарга Н.Энхболд тайлбарлахдаа: “Мэдээллийн цагт ирц хамаардаггүй. Чуулган дээр ярих тусдаа асуудал. Харин бид Ерөнхий сайдад бичгээр долоо хоногийн өмнө хүсэлт гаргасан. Бүлгийн хурал дээр мэдээлэл өгөх байх аа” гэсэн.

Ерөнхий сайд цаг үе, хаврын бүтээн байгуулалттай холбоотой дөрвөн асуудлаар мэдээлэл хийв.  

Ерөнхий сайд Н.Алтанхуяг

Тэрээр ярихдаа “Одоогийн байдлаар 15 аймгийн 55 суманд өвөлжит хүндрэлтэй байгаа ажээ. Сарын өмнөөс зохих байгууллагуудаас санал аван, улсын чанартай автозам, давааг нээлттэй байлгаж, цас цэвэрлэх ажил дээр анхаарч ажилласан нь амжилттай хэрэгжжээ.

Нэг сарын өмнөөс зохих байгууллагууд санал аваад засгийн газраас санал оруулаад улсын чанартай автозам, давааг нээлттэй байлгах тал дээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар улсын чанартай автозам даваа бүх зам нээлттэй байгаа. Өчигдөр аймгийн засаг дарга нартай нээлттэй цахим хурал хийсэн. Хөвсгөл аймагт хэдэн зам боогдсон байгаа үүнд маргаашийн засгийн газрын хурал дээр ярина” хэмээв.  

55 суманд тодорхой хэмжээний өвс тэжээлийг нэмэгдүүлэх ажээ. Нэг хэсэг хугацаанд эрчим хүч доголдсон. Ер нь эрчим хүчний салбар хүндхэн байдалтай байгаа юм. Үүний шалтгаан нь нэгдүгээрт хүчин чадал хүрэлцэхгүй, хоёрдугаарт гэр хороололд байгаа дэд станцууд муудсан учир тодорхой хэмжээний хязгаарлалт хийх болжээ. Эдгээр асуудлыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Дэд станцуудыг шинэчлэх, сэлбэх ажлыг хийж эхэлжээ. Дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг 100 мегаваттаар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Ерөнхий сайд өвөлжилтийн дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс тавиад байсан 1,5 тэрбум ам.долларын Чингис бондын талаарх асуулгад хариулт өглөө.

Засгийн газрын бонд гаргах шийдвэрийг УИХ гаргаж, 2013 онд 1,5 тэрбум ам.долларын бонд арилжаалах эрхийг олгосон

Чингис бондын асуудлаар Үндэсний аюулгүй байдлаас гаргасан зөвлөмжийн дагуу ажиллаж байгаа гэв. Бодлогын зөвлөл гарчээ. Ямар хэмжээний төсөлд хөрөнгө оруулалт хийх вэ гэдгийг шийдэх үүднээс төслийн хүрээгээ гаргажээ.  Юуны түрүүнд шинэ төмөр зам барих, МИАТ компаний паркийг шинэчлэх, нефть боловсруулах үйлдвэр барих, Эрдэнэс Тавантолгойд хөрөнгө нэмэх, аймгуудын дэд бүтцийг сайжруулах, Сайншандын аж үйлдвэрийг барих, нүүрсний орд түшиглэж цахилгаан станц барих, нийслэл хотын цахилгаан станцыг сайжруулах, зургаан аймгийн УБ-тай хатуу хучилттай замаар холбох зэрэг 20 гаруй төслийг тэргүүлэх чиглэлээ болгон барьсан байна.

 

Үүний дараа Засгийн газраас гаргаж байгаа бондуудын талаар мэдээлэл хийлээ.

Үндсэндээ 4000 айлын орон сууцанд зориулж 137 тэрбум төгрөгний бонд гаргасан, банк дампуурсантай холбогдуулан 80 орчим тэрбум төгрөг, ноос ноолуур жижиг дунд үйлдвэрийг дэмжихээр 286 тэрбум төгрөгийг гаргаснаас 197 тэрбум үлдэгдэлтэй, хүний хөгжил сан 314 тэрбум төгрөгийг тус тус гаргажээ. Өнөөдрийн байдлаар нэг их наяд тэрбум төгрөгний үлдэгдэлтэй байгаа ажээ.