Уругвай бол Латин Америкийн цагаан хэрээ
2011.10.20

Уругвай бол Латин Америкийн цагаан хэрээ

Өмнөд Америкийн Уругвай улс нь Бразил, Аргентины хооронд хавчуулагдсан жижигхэн орон. Үүгээрээ манай Монголтой төстэй. Гэхдээ Уругвай нь ашигт малтмал зэрэг байгалийн баялгаар хомс, мөн халуун орны ховор модод ч энд бараг ургадаггүй. Гэтэл энэ улсын нэг хүнд ногдох орлого 13 мянган доллар байгаа нь бүс нутагтаа дээгүүрт орно.

Ер нь Уругвай бол Латин Америкийн хамгийн хөгжилтэй орнуудын нэг бөгөөд гэмт хэр-гийн гаралт бүс нутагтаа маш бага. Энэ улс эдийн засгаа экс-портод чиглүүлжээ. Хөдөө аж ахуй, ялангуяа мал аж ахуйгаас төсвийн гол орлого орж ирдэг. Уругвайчууд бод малыг махны, хонийг ноосны чиглэлээр үржүүлдэг бөгөөд газар нутгийнхаа аравны есийг хөдөө аж ахуйн зориулалтаар ашигладаг. Малын бэлчээр л гэхэд 14 сая гектар эзэлдэг аж. Хачирхалтай нь энэ улсын хөдөлмөр эрхэлж буй иргэдийн ердөө есөн хувь нь хөдөө аж ахуйд, 76 хувь нь үйлчилгээний салбарт, 15 хувь нь үйлдвэрлэлд ажилладаг.3,5 сая хүнтэй энэ орны хүн амын 92 хувь нь хотод амьдардаг. Учир нь үйлдвэр, байгууллагын 75 хувь нь нийслэл хот Монтевидеод төвлөрчээ. Эрчүүдийн дундаж наслалт 73, эмэгтэйчүүд 80.

Уругвай нь цагаан арьстнууд зонхилсон Латин Америкийн цөөхөн улсын нэг. Учир нь XVI зууны үед Испани, Португаль өнөөгийн Уругвай улсын газар нутгийг эзэлж,уугуул оршин суугчид болох чарруа омгийн индианчуудыг устгажээ. Уругвай газар нутгийн хэмжээгээр дэлхийд 88-д ордог. Албан ёсны хэл испани. Уругвай улс хөлбөмбөгчдөөрөө дэлхийд алдартай. Уругвайчууд 2010 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /ДАШТ/ хагас шигшээд шалгарсан. Өмнө нь ДАШТ-д хоёр ч удаа түрүүлсэн билээ.

Хоёр том улсын хооронд хоршдог энэ орон 1828 онд тусгаар тогтнолоо зарласан. Түүнээс хойш Уругвай хоёр хөршийнхөө дунд жийрэг, халхавчийн үүрэг гүйцэтгэх болсон юм. Латин Америк гэхээр л цэргийн эргэлт санаанд ордог. Харин Уругвай улстөрийн хувьд тогтвортой орон. 1960-аад оны сүүлээр Уругвайд мөнгөний ханш унаж, ядуурал нүүрлэжээ. Улс орон даяар партизаны хөдөлгөөн дэгдэж, зүүний радикал үзэлт «Тупамарос» бүлэглэл хүчээ авав. 1971 оны парламентын сонгуульд «Өргөн фронт» эвсэл ялахад Ерөнхийлөгч Хуан Бордаберри партизануудыг номхотгохын тулд армийн бүрэн эрхийг нэмэгдүүлсэн. Гэтэл 1973 онд цэргийн эргэлт гарч, 11 жил ноёрхжээ. Ингээд 1984 оноос энэ улс иргэний, ардчилсан засагтай болж, байдал тогтворжив.


Уругвайн эрх баригчид хувьсгалаас татгалзаж, иргэдийнхээ амьдралыг сайжруулах олон арга хэмжээ авснаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээжээ. Засгийн газар татварын шинэчлэл явуулж, дунд ба өндөр орлоготой иргэдийн татварыг нэмэв. Мөнбага ангийн бүх сурагчдад интернэтэд холбогдсон зөөврийн компьютер тарааж өгснөөр хүн амын 98 хувь нь бичиг үсэгт тайлагдлаа. 2009 оны сүүлээр Хосе Альберто Мухика Кордано Уругвайн Ерөнхийлөгчөөр сонгогдов. 76 настай Мухикаг дэлхийн хамгийн ер бусын улстөрч гэдэг.

Уругвайн 40 дэх Ерөнхийлөгч Мухика ямар ч хамгаалалтгүй явдаг. Тэрбээр Ерөнхийлөгчийн өргөөнд бус хотын захын жижиг фермд эхнэртэйгээ амьдардаг. Эхнэр нь тус улсын парламентын дээд танхимийн гишүүн аж. Тэд 2005 онд гэрлэжээ. Мухика 1987 оны «wolkswagen beetle» машинаас өөр өмчгүй, данс ч байхгүй. Тэр хуучин машинаа өөрөө унаж, ажилдаа явдаг. Мухика сарын 11680 долларын цалинтай ч ихэнхийг өөрийн нам, орон сууцны улсын хөтөлбөрт хандивладаг.

Иймээс түүнийг дэлхийн хамгийн даруу Ерөнхийлөгч гэдэг. Мухика 1960-1980 онд «Тупамарос» партизаны хөдөлгөөнийг тэргүүлэгчдийн нэг байв. Пепе хочит Мухика партизануудын хамт цагдаагийн хэсэг, банкууд руу дайрч, улстөрчид, бизнесмэнүүдийг олзолж, мөнгө нэхэх, рэкет хийх зэргээр Засгийн газрын эсрэг тэмцэж байжээ. Тэр 15 жил шоронд сууж, эрүү шүүлт, тамлалыг биеэр туулсан хүн.Ямар ч гэсэн Уругвай улс АНУ-ын «гарын нохой» болоогүй, гэхдээ америкчуудыг үзэн ядаж, хэт туйлширдаггүй. Мухика хэдийгээр Венесуэлийн Уго Чавес шиг АНУ-ын эсрэг дуулиантай мэдэгдэл хийдэггүй ч америкчуудын эсрэг саналаа, ил хэлэхээс огт эмээдэггүй. Мухика Ерөнхийлөгч болмогцоо л Бразилтай гэрээ байгуулж, хоёр талын худалдааны тооцоог доллараар хийхээ больсон юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.