Байгалийн баялгийг зөв хуваарилж, зарцуулбал хөгжилд хүргэдгийн жишээ Алжир улс
2011.05.03

Байгалийн баялгийг зөв хуваарилж, зарцуулбал хөгжилд хүргэдгийн жишээ Алжир улс

Баялагаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд
/Өнөөдөр сонины цуврал нийтлэл/
АЛЖИР улс
  • Хүн ам:38.2 сая
  • Ажилгүйдэл:10.2 хувь
  • ДНБ:241 тэрбум ам.доллар
  • Нэг хүнд ногдох ДНБ:7100 ам.доллар
  • Инфляц:5.7хувь
  • Үндэсний валют:Алжирийн динар
  • Бизнес эрхлэхэд таатай орчин:136 дугаарт
  • Гадаад валютын нөөц: 149.3 тэрбум ам.доллар

 

Хойд Африкийн баян орнуудын нэг Алжир улсын эдийн засаг газрын тос, байгалийн хийн экспортоос хараат гэдгийг дурдах нь илүүц биз ээ. Уулын орон Алжирийн баялгийн дийлэнх хэсэг нь Зүүн Сахаарт байдаг бөгөөд тус улсын Засгийн газар байгалийн баялгийг юу ч үгуй цөлмөхөөс эмээж, аль 1980 оноос газрын тосны экспортод квот тогтоосон ч 1990-ээд оноос бахь байдагтаа шилжсэн аж. Бүхэл бүтэн 2.4 сая ам дөрвөлжин км газар нутгийн гуравхан хувьд нь л газар тариалан эрхлэх боломж бүрдсэн үржил шимтэй хөрс бий. Тийм ч учраас түүхийн хуудаснаа Алжир хэмээх улс тэмдэглэгдсэнээс хойш эвд газар тариалангийн аж ахуй дорвитой хөгжөөгүй гэнэ. Африкийн орнуудын толгойн өвчин болсон ган энэ оронд ч бас тохиолддог учраас тэр. "Ганц хөлтэй" хэмээн шоглодог эдийн засгаа төрөлжүүлэхээр тэд төрөл бүрээр оролдож ирсэн гэнэ. Үржил шимгүй хөрсөнд тэсвэртэй ургамал тариад ч нэмэр болоогүй аж. Газар тариаланг бодоход хонь, ямаа уүржүүлсэн нь дээр хэмээн энэ нутгийн хөгшид толгой сэгсэрдэг байна. Тиймээс ч газар тариаланг бодох нь ээ, мал аж ахуй чамгүй хөгжсөн гэнэ. Хонь, адуу, ямааны арьс байгалийн баялагтай харьцуулшгүй ч экспортын голлох бүтээгдэхүүний нэгд зүй ёсоор тооцогддог юм.

 

Далайн эргийг барааддаг улсад загасны аж ахуй ч гавьтай хөгжөөгүйд ажиглагчид ихэд гайхдаг гэнэ. Гэр бүлийн бяцхан завь л хаа нэгтээ загас барьж үзэгдэхээс нийтийн эзэмшлийн том онгоц далайд гарах нь тун ховор аж. Тиймээс Алжирийн Засгийн газар боомтоо орчин үеийн өнгө төрхөнд шилжүүлж, юун түрүүнд гаднынхныг загас барихыг зөвшөөрөн, загасчдад төрөөс дэмжлэг үзүүлэн, тэтгэмж олгож эхэлжээ.

 

1990-ээд оноос өмнө Алжир буурай орны ангилалд багтаж байсан аж. 1995-1996 онд газрын тос, байгалийн хийн салбар эрчимтэй хөгжсөнөөр тэндэхийн эдийн засгийн зүтгүүр болж хувирсан аж. Байгалийн арвин баялгийн ачаар Алжирийн Засгийн газар инфляцыг ганц хувьд барьдаг дэлхийн цөөн орны нэгд багтаж чадсан байна. Африк тивдээ ч хамгийн бага инфляцтай орон гэгддэг юм билээ. Түүгээр зогсохгүй төсвийн алдагдлыг бууруулж, эдийн засаг нь жилд дунджаар дөрвөн хувиар өсөж байсан гэх тооцоог Дэлхийн банкнаас гаргажээ. 1999 онд 28 тэрбум ам.долларын гадаад өртэй байсан тус улсын Засгийн газар баялгийн орлогоо зөв хуваарилсны хүчинд энэ тоо өдгөө тавхан тэрбум ам.доллар болж буурсан байна.

 

Өгүүлэн буй улс маань Европын холбооны  байгалийн хий импортын 25 хувийг дангаараа хангадаг гэхээр бахархамаар байгаа биз. Алжир улс 160 их наяд шоо дөрвөлжин фут байгалийн хийн нөөцтэйг шинжээчид тогтоосон байдаг бөгөөд эл нөцөөрөө дэлхийд наймдугаарт бичигддэг байна. Түүнчлэн 11.8 тэрбум баррель газрын тосны нөөцтэй нь тогтоогдсон бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд арван-наймдугаарт эрэмбэлэгддэг аж.

 

1999-2000 онд газрын тосны үнэ тэнгэрт тулах үед Алжирийн Засгийн газар баялгийн орлогыг дэмий үрээгүйн ачаар өдий зэрэгтэй явааг эдийн засагчид онцолжээ. Тухайн үед Алжирийн гадаад валютын нөөц бараг гурав дахин өсөж, худалдааны тэнцэл ашигтай гарсан боловч тэд мөнгөөр тоглоогүй төсвөө танаж, "бүсээ чанга бүслэх"-ийг иргэддээ анхааруулан тэрхүү богинохон хугацаанд эдийн засгаа төвхнүүлж амжсан аж.

 

Эдийн засгаа эерэг үзүүлэлтүүдээр чимсэн Алжирийн Засгийн газар ингээд тайвширсангүй гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, эрчим хүчнээс бусад салбараа хөгжүүлэх бодлого баримталж буйгаа бардам дуулгасан байна. Гэхдээ бодлогын хүрээнд бусад салбар дорвитой хөгжиж чадаагүй ч ажилгүйдлийг бууруулж, иргэдийн амьжиргааг нэмэгдүүлж чадсандаа тэд өдгөө додигор сууна. Алжирт ядуурлын төвшнөөс доогуур амьдардаг иргэд арав хүрэхгүй хувийг эзэлдэг бөгөөд ажилгүйдэл ч мөн дээрх үзүүлэлттэй эн зэрэгцдэг байна.

 

Төрийн өмчит цементийн үйлдвэр, ган хайлуулах үйлдвэрийг хувьчилж, бусад аж үйлдвэрийг ч бас чадалтай нэгэнд нь худалдаж саналыг Алжирийн Засгийн газар гаргаж, эдүгээ үүнийгээ амжилттай хэрэгжүүлж буй гэнэ. 2007 онд л гэхэд Алжирийн Засгийн газар 41.4 тэрбум 41.4 тэрбум ам.доллар зарлагадсан бол эргээд 58.4 тэрбумыг орлого болгон төвлөрүүлсэн нь Гэхдээ үүний 60 хувийг өнөөл байгалийн хий, газрын тосны салбар дүүргэжээ.

 

Өдөрт дунджаар 18- 22 ам.долларын цалинтай алжирчуудын ажиллах хүчний 14 хувийг хөдөө аж ахуйн салбар ажлын байраар хангадаг аж. Харин ДНБ-ий найман хувийг бүрдүүлдэг тул дотоодын хүн амын хүнсний хэрэгцээг хангахад яагаад ч хүрдэггүй байна. Тиймээс хэрэглээнийхээ хүнсний бүтээгдэхүүний 45 хувийг, улаан буудай, төмс зэргийг гаднаас импортолдог аж.

 

Алжир яалт ч үгүй уул уурхайн орон юм. Төмөр, цахиур, зэс, сурьма, каламин тэнд элбэг бий. Түүхий нефтийн ханш огцом өссөнөөс тус улсын гадаад валютын нөөц өнгөрсөн арванд огцом өсөж, 2007 оны байдлаар 99.3 тэрбум ам.долларт хүрч, 2000 оныхоос даруй 12 тэрбумаар өссөн нь дөрвөн жилийн импортын нийт дүнтэй тэнцэж буй гэнэ. Харин өнгөрсөн оны байдлаар Алжирийн гадаад валютын авдар 149.3 тэрбум ам.долларын нөөцтэй гарчээ. Хэдийгээр хүн ам ихтэй, хүнсний бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг импортолдог боловч тус улсын гадаад худалдааны тэнцэл үргэлж ашигтай гардаг аж. Гэхдээ алжирчууд эдийн засгаа төрөлжүүлэхээр цаг үргэлж оролдсоор байгаа бөгөөд өнгөрсөн онд нефть химийн, тээврийн салбарт 1.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт цутгажээ. Түүгээр зогсохгүй эдүгээ цахилгаан, усны салбарт хөрөнгө оруулагч хайж буй гэнэ. Алжир бол байгалийн баялгийг зөв хуваарилж, зарцуулбал хөгжилд хүргэдгийг баталсан орнуудын нэг юм.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.