Дэлхийн хүн амын тавны нэгийг дангаараа эзэлж буй Хятад хэмээх энэ том гүрэн хэрхэн хэдэн зуун жилийн турш нэгэн системээр, цөөн хэдхэн хүнээр, хоёр тэрбум орчим хүнийг нэгтгэн захирч “амжиж” байгаа нь нэн сонирхолтой “нууц” мэт бодогдож, дэлхий нийт тэдний улс төрийн түүхийг сөхөж эхэлсэн.
Зүрхнээсээ хайрлан хадгалдаг ард түмний түүхэн бүтээл гэдэг орчин үеийн нийгэмд ч тэдний үнэт зүйл хэвээр байдаг. Сэтгэлгээний онцлог, амьдралын ухаан, зөрчилтэй тулах арга барил, ирээдүйн хараа нь бүтнээрээ биш гэхэд заавал шингэсэн байдаг учраас нийгмийн болон хувь хүний хоорондын харилцаанд нь ч амар замхардаггүй, илэрсээр байдаг тул Хятадын улс төрийн, хятад хүний амьдралын “тулаан”-ы ухааныг “заадаг” стратегийн алдарт номын тухай товчхон танилцуулж байна. Та ч бас олж “аваарай”.
“Дайны Урлаг” бүтээл нь асар үнэтэй философийн ухааныг агуулдаг. Үүнд Хятадын ард түмний дунд түгээмэл хэрэглэгддэг “Хэрэв чи бусдыг, өөрийгөө сайн мэдэж байвал зуун дайралтанд өртсөн ч аюул учрахгүй,” “Дайсныгаа бэлэн бус байгаа үед нь довтолж бай, бодоогүй цагт нь ил гарч ир” гэсэн хэлцүүд байдаг юм.
Номонд стратегийн бодлого болон гүн ухааны агуулга бүхий санаануудын аль алийг багтаасан, сургамжилсан, заасан байдаг тул цэргийн, улс төрийн, эдийн засгийн талбаруудад ч өргөн ашиглагддаг. Нийгмийн төдийгүй худалдааны салбарт ч түгээмэл хэрэглэгддэг, тухайлбал бизнес эрхлэгчид гэртээ болон албандаа тус номын санаануудыг менежментийн ухаанаа тэлэх, маркетингийн чадвараа өсгөхөд туслуулдаг байна.
Номын зохиогч Сан Вү бол Цэргийн Мэргэн хэмээн хүндлэгдсэн Хятадын агуу стратегич хүн байсан аж. Тэрбээр Вү Засагт дайнаас зугатан ирсэн бөгөөд Вү Засагийн хаан түүнийг жанжин болгосон байна. Тэрбээр Чу Засгийн 200,000 цэргийг дөнгөж 30,000 явган цэргээр бут цохьсон нь түүнд алдар хүнд авчирч, цэргийн талбарт нэр төрийг нь өргөжээ. Ийнхүү өөрийн эдгээр туршлагадаа суурилж тэрбээр “Дайны Урлаг”-ийг бичсэн нь ертөнц дахины цэргийн дүрмүүдийн тухай өгүүлсэн, цэргийн бүрэн онолын системийг танилцуулсан яруу бүтээл болж үлдсэн байна.
6,000 гаруй хятад дүр оролцсон “Дайны Урлаг” бүтээл нь 13 бүлэг, 13 зүйлээс бүрддэг. Тухайлбал, “Стратеги” хэмээх бүлэгт тодорхой нэг дайн гарахын учир болоод “гавьяа”-ны тухай өгүүлдэг. Энэ нь уншигч этгээдэд дайн, улс төр, эдийн засгийн хоорондын харилцан уялдааг “сануулдаг” байна. Тэрбээр дайны хувьд тэргүүний шийдвэрлэх таван үндсэн элемент байдаг нь: улс төр, тохирсон цаг хугацаа, зохистой газарзүйн байрлал, командлагч, хууль дүрэм ба эдгээр нь улс төрд хамгийн чухал гэж заажээ. “Тулаан” хэмээх бүлэгт дайныг амжиллтай “авч явах” хамгийн шилдэг арга замын талаар хэлж өгдөг. “Стратегийн Дайралт” хэмээх бүлэг нь дайсан руугаа хэрхэн довтлох талаар зааварчилдаг. Дайралтыг хамгийн бага өртгөөр хийж, бут цохих ёстой гэж Сан Вү үзсэн байна. Жишээ нь: шууд дайралт хийхгүйгээр дайсны оромжыг эзлэх, эсвэл дайныг удаан сунжруулахгүйгээр дайсны байрлалыг эзлэх гэх мэт. Түүний бодлоор ялах хамгийн шилдэг арга бол улс төрийн стратеги байдаг гэнэ. Тэрбээр энэ талаар зөвлөхдөө, үүнийг л амжилттай хийж чадахгүй бол дипломат ёсууд хүчинд автаж, эцэст нь дайны оромж уруу шууд тулан довтолдог гэжээ. Стратегийн дайралтын дүрмээр бол зөвхөн өөрийн хүчин чадлын тухай ч бус мөн дайсныхааг тодорхой тооцоолсон цэвэр харааг толгойдоо байлгах ёстой. “Тагнуулчыг Хэрэглэх” хэмээх бүлэгт тэрбээр дайны өмнө төрөл бүрийн тагнуулчдыг өргөн цар хүрээний мэдээлэл цуглуулахын тулд ашигла гэсэн байдаг.
Тус номонд учир зүйн буюу зочин болон зочлогч, олонхи ба цөөнхи, хүчтэй ба сул дорой, дайралт ба эсрэг хамгаалалт, амжилт ба уналт, хүсэл ба зовлон зэрэг олон зүйлийн хоорондын зөрчил холбооны тухай хэлэлцдэг. Үүнд багтсан эдгээр учир зүйн тухай үзлүүд нь Хятадын учир зүйн ухааны хөгжлийн түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд энэ зөрчил холбоонуудын тухай судалж, хэв маягийг нь дайны стратегид үндэс болгон ашиглахыг уриалдаг байна.
2500 гаруй жилийн өмнө бүтээгдсэн энэхүү ном бол дэлхий дээрх хамгийн эртний цэргийн онолын тухай бүтээлд тооцогддог буюу Карл Вон Каузвицийн “Дайнд” хэмээх номоос 2300 жилийн өмнө бичигдэж байжээ.
“Дайны Урлаг” бүтээлийн өгүүлэмж, стратегүүдийг Хятадын ард түмэн сайн мэддэг, бүтээгдсэн цагаасаа хойш тоймгүй олон цэргийн зүтгэлтнүүдэд өргөнөөр хэрэглэгдсээр ирсэн. Мөн энэхүү бүтээл нь Англи, Орос, Герман, Япон зэрэг орны 29 хэл рүү хөрвүүлэгдэж, дэлхийд хэдэн мянган хувилбарууд нь хэвлэгдсэн байдаг. Тэр ч байтугай олон оронд цэргийн сургуулийн сурах бичиг болгон ашигладаг аж.