Монгол улс хөгжил цэцэглэлтээр дэлхийд 50 дугаар байранд явж байна
Монгол Улс Хөгжил цэцэглэлтээр дэлхийд 50 дугаарт байранд явж байна
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубайд байрладаг судалгааны «Legatum» компани хагас жил тутмын жагсаалтаа шинэчлэн олон нийтэд хүргэлээ.
«Хөгжил цэцэглэлтийн индекс-2009» (Legatum Prosperity Index) хэмээх энэхүү жагсаалтад дэлхийн 104 орон хамрагджээ. Эдгээр оронд дэлхийн хүн амын 90 хувь нь амьдардаг юм байна. Их Британийн « Legatum » компани нь судалгааны бие даасан төв бөгөөд өмнө нь улс орнуудыг жагсаахдаа эдийн засгийн өрсөлдөх чадвар, амьдралын нөхцөлийг харгалзаж байсан бол одоо өөр олон үзүүлэлтийг тооцдог болжээ. 2009 оны жагсаалтыг эдийн засгийн өсөлт, бизнес ба инноваци, ардчилал, боловсрол, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, төрийн удирдлага, нийгмийн капитал, хувь хүний эрх чөлөө гэсэн есөн үзүүлэлтийг үндэслэн гаргасан байна.
Эхний байруудад дотоодын нийт бүтээгдэхүүн их, ардчиллын түвшин өндөр, иргэд нь аз жаргалтай, эрүүл бөгөөд эрх чөлөөтэй орнууд орсон гэж хэлж болно.
Тэргүүн байранд Финлянд улс оржээ. Тус улс дээрх есөн үзүүлэлтээр дандаа эхний 10-т бичигдсэн аж. Дараа нь Швейцарь, Швед, Дани улсууд оржээ. Норвег улс хэдийгээр дээрх үзүүлэлтүүдээр хамгийн олон удаа нэгд орсон ч
нийлбэр дүнгээр тавд жагсав. Энэ улс боловсрол, аюулгүй байдал, хувь хүний эрх чөлөөгөөр дэлхийд тэргүүлдэг билээ. Харин 6-10 дугаар байранд Австрали, Канад, Нидерланд, АНУ, Шинэ Зеланд оржээ. Ер нь эхний 10 байрыг өрнөдийн хөгжингүй орнууд эзлэх нь мэдээж би-лээ. Харин Их Британи 12-т бичигдсэн байна.
Хөгжил цэцэглэлтийн жагсаалтын эхний 20 байрны 16-г Хойд Америк, Европын орнууд, мөн Номхон далайн бүсийн хоёр орон (Австрали, Шинэ Зеланд) эзлэв. Эдгээр оронд манай гарагийн хүн амын 10 хувь амьдардаг ч дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувийг үйлдвэрлэдэг аж.
Судалгаанаас үзэхэд улс орны хөгжил цэцэглэлт, хангалуун амьдрал нь дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс шууд хамаарахын зэрэгцээ тухайн оронд амьдарч байгаа иргэдийн аз жаргал, эрүүл мэнд, эрх чөлөө ч нөлөөлдөг ажээ. Азийн бүсэд Япон (16 дугаар байр) тэргүүлж, араас нь Хонконг 18, Сингапур 23, Тайвань 24-т эрэмбэлэгджээ. Азийн орнууд ийнхүү доогуур байр эзэлснийг эдгээр орны ардчиллын түвшин, хувь хүний эрх чөлөөтэй холбон тайлбарлаж болох юм.
Сонирхуулахад хуучин социалист лагерийн орнуудаас Словени 20, Чех 25. Унгар 27, Словак 34, Хорват 35, Болгар 46,. Казахстан 76 дугаар байранд оров. ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас хамгийн дээд оноог авсан Латви 37-д бичигдсэн байна. Харин АНЭУ 47-д оров.
Манай улс нийлбэр дүнгээр эхний 50 оронд багтаж, хоёр том хөршөөсөө ч дээгүүр давхижээ. Тодруулбал энэхүү жагсаалтад ОХУ 69, Хятад 75 дугаар байранд жагсчээ. Гэтэл хагас жилийн өмнө ОХУ 57 дугаар байранд орж байсан юм.
Хөгжил цэцэглэлтийн рейтингийн есөн үзүүлэлтээр үзүүлбэл Монгол улс нь эдийн засгийн тогтвортой байдлаар 57, бизнесийн орчингоор 70, ардчиллын түвшингээр44, боловсролоор 53, эрүүл мэндээр 76, аюулгүй байдлаар 35, төрийн удирдлагаар 86, хувь хүний эрх чөлөөгөөр 59-д оржээ.
« Legatum Prosperity Index -2009»-ыг дэлхийн хамгийн жаргалтай орнуудын жагсаалт гэж бас нэрлэдэг. Тэгэхээр шинжээчид Финляндыг манай гарагийн хамгийн жаргалтай улс орон хэмээн тооцсон ажээ. Тэгээд ч Финляндад хэвлэлийн болон хувь хүний эрх чөлөөг амьдралын хангалуун чинээлэг байдал, эмнэлгийн үйлчилгээнээс дутуугүй үнэлдэг учир мөрөөдлийн, төгс төгөлдөр орон гэж хэлж болох юм. Харин 2009 оны хавар тэргүүн байрыг эзэлсэн Австрали зургаан байраар доошилсон аж.
Африкийн орнууд сүүл мушгисан ба сүүлийн таван байранд Камерун, Төв Африкийн Бүгд найрамдах улс, Йемен, Судан, Зимбабве оржээ.