“Самсунг”-гүйгээр Солонгосын хөгжлийг төсөөлөхийн аргагүй
2010.05.12

“Самсунг”-гүйгээр Солонгосын хөгжлийг төсөөлөхийн аргагүй

Чо Сан Юн-гийн гэр бүл "Самсунг" хотхоны нэгэн орон сууцны 27 давхарт амьдардаг. Тэднийх зурагт, хөргөгч, цахилгаан зуух гээд "Самсунг" /Samsung/-niiH бүтээгдэхүүнээр гэрээ тохижуулж, гэр бүлийн гишүүд нь "Самсунг"-ийн утсаар хоорондоо ярьж, мөн энэ фирмийн компьютер дээр е-мэйлээ шалгадаг. Саяхнаас эднийх өмнөд Солонгосын хамгийн том " үндэсний цэцэрлэгт хүрээлэн болох "Samsung Everland''-д 30 хувийн хямдралтай үнээр үйлчлүүлэх хөнгөлөптийн карт авчээ. Энэ гэр бүлийг янз бүрийн эрсдэлээс хамгаалдаг даатгалын компани нь бас л "Самсунг"-ийнх. Ер нь л тэдний амьдралд "Самсунг"-аас хамааралгүй зүйл тун ховор. Зөвхөн энэ нэг гэр бүл ч биш, Өмнөд Солонгос улс бүхлээрээ "Самсунг"-аас олон зүйлээр хамааралтай болжээ. Өөрөөр хэлбэл, тус улсын үсрэнгүй хөгжлийг "Самсунг"-гүйгээр төсөөлөхийн аргагүй учраас л энэ компани хан үндэстнүүдийн хувьд дэлхий дахинд гайхуулах ганц бахархал нь болж чаджээ. Өмнөд Солонгос улсыг эдийн засгийн ядуурлын намаг балчигаас гарч, өдгөө хөгжлөөрөө дэлхийд 13 дугаарт жагсах хүчирхэг эдийн засагтай орон болоход үндэсний хөрөнгөтнүүд нь томоохон үүрэг гүйцэтгэжээ.

Ерөнхийлөгч, генерал Пак Чун Хи 1961 онд төрийн эрхэнд гарах үед Солонгосын эдийн засаг уналтад орсон байв. Хүн амын орлого, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ түүхэнд байгаагүй доод төвшиндөө очтол унав. Пак Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хөгжлийн төлөвлөгөөгөө үндэсний хөрөнгөтнүүдээ түшиглэн хэрэгжүүлснээр эдийн засгийн ид шидийг үзүүлж чадсан гэж судлаачид үздэг юм. Пак Ерөнхийлөгч үндэсний хөрөнгөтнүүдээ санхүү болон төрийн бодлогоор дэмжиж хөл дээрээ түргэн босох, үндэсний хэмжээнд өсч томрох боломжийг олгосон байна.

Томоохон бүтээн байгуулалт хийх хүсэлтэй үндэсний хөрөнгөтнүүдэд зээл болон бусад санхүүгийн тусламж үзүүлэв. Зах зээлийнх нь таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд тухайн салбарын өрсөлдөгч гадаадын зарим компанийг Өмнөд Солонгост үйл ажиллагаа явуулахыг ч хориглов. Засгийн газар үндэсний хөрөнгөтнүүдээсээ эргүүлээд ажлын байр бий болгох, бизнесээ үр бүтээлтэй явуулж, улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэлтэй ажиллах зэрэг цөөхөн шаардлага тавьжээ. Үр дүнд нь 1962 онд 3.3 тэрбум ам.доллар байсан тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 1989 он гэхэд 204 тэрбум ам.долларт, 2007 онд их наядыг давсан байна. 1961 онд 70 ам.доллар байсан нэг хүнд ногдох жилийн орлого 2007 онд 20 гаруй мянган ам.долларт хүрчээ. Ердөө дөч гаруй жилийн дотор шүү дээ. Өмнөд Солонгосын эдийн засгийн гэнэтийн энэ өсөлтийг түүхэнд "Хан мөрний хөвөөн дэх ид шидийн явдал" хэмээн тодоор тэмдэглэдэг.

Дайны хөл, ядуу тарчигийн туйлд нэрвэгдсэн улс үндэстнээ аврахын тулд Пак Ерөнхийлөгчийн хараанд хамгийн түрүүнд өртсөн нь үндэсний хөренгөтнүүд, тэр дундаа 1938 онд "Самсунг"-ийг үндэслэн байгуулагч Ли Бун Чул байсан гэдэг. Газрын эзний хүү Бун Чул тухайн үед хэдийнэ худалдааны компани байгуулчихаад байжээ. Нэгэн үе төрийнхөө дэмжлэгийг авч байсан энэ компани өнөөдөр "Самсунг" нэрийн дотор төрийн өмнөөс ажил олгож, төсөв бүрдүүлэх зэргээр Солонгосын хөгжлийг тодорхойлж явна. Жишээ нь, Солонгосын нийт эдийн засгийн 15 хувийг "Самсунг" дангаараа үүрдэг. Тус улсын экспортын 20 хувийг "Самсунг"-ийн бүтээгдэхүүн эзэлдэг. "Самсунг" бол Солонгосын хамгийн том ажил олгогч.


Дөчөөд салбар компаниар манай гаригийн сая сая хунд үйлчилдэг "Самсунг"-д дэлхий даяар нийт 276 мянган хүн ажилладгийн 170 мянга нь Өмнөд Солонгосын иргэд юм. Тэдний жилийн дундаж цалин 70 мянган ам.доллар. Хэрвээ та "Самсунг"-ийн гэр булд багтсан, дээр нь компанийнхаа хөнгөлөлтийн карттай бол олон төрлийн хөнгөлөлт эдэлж, дээд зиндаанд багтана. Олон мянган хүн "Самсунг"-ийн орчин үеийн дөрвөн эмнэлгээр үйлчлүүлж, Солонгосын хоёр хүн тутмын нэг нь "Самсунг"-ийн гар утас барьдаг. Өмнөд Солонгосын олон мянган иргэн "Самсунг"-ийн барьсанорон сууцны 227 цогцолборт амьдардаг.

Ер нь бол "Самсунг"-ийн гэр бүлд багтсан хэн боловч Солонгосын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс гурав дахин их цалин хангамж эдэлдэг нь тус корпорац хэр том болохыг илтгэнэ. Бүр тодруулсан баримт ч дурдаж болно.Хамгийн сүүлийн үеийн тооцоогоор "Самсунг"-ийн нийт хөрөнгийн хэмжээ 252.5 тэрбумд хүрчээ. Үүнийг нэг улс гэж тооцоод жагсаавал эдийн засгийн хүчин чадлаараа дэлхийд 35 дугаарт жагсахаар хүчирхэг орныг "Самсунг" дангаараа бүрдүүлж байна. Тийм ч учраас "Самсунгийн эзэнт улс" гэсэн нэршил судлаачдын дунд байдаг юм. Энэ нь Аргентинаас хүчирхэг эдийн засагтай компани гэсэн үг юм.

Малайзын алдарт ихэр "Petronas Tower"-ын нэгийг, Тайванийн Тайпэй цамхаг, дэлхийн хамгийн өндөр Бурж Дубай зэрэг алдартай тэнгэр баганадсан барилгуудын олонхийг барьсан "Самсунг" корпорац хаа сайгүй, тоо томшгүй утгыг агуулсан хөх цагаан өнгөөр илэрхийлсэн логогоор дэлхийн сая сая хунд танигдсан юм.Дашрамд дурдахад үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжсэн Пак Ерөнхийлөгчийн бодлогыг Солонгосын эдийн засгийн их хямралын жилүүдэд Ким дэ Жүн Ерөнхийлөгч ч үргэлжлүүлсэн юм. Үндэсний хөрөнгөтнүүд үндэстнээ хөгжүүлдгийн тод жишээ энэ ажээ. Үндэсний хөрөнгөтнүүд учраас тэдэнд зориулсан төрийн дэмжлэг, санхүүгийн тусламж бүхэн хил давахгүйгээр, тухайн улсдаа, үндэстэндээ л үлддэг, шингэдэг байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.