2012.12.17

100 гаруй төсөл 1,5 тэрбум ам.долларын санхүүжилтэд “уралдаж” байна

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулаад бүлгээс баримтлах чиглэлийн талаар ярилцжээ. УИХ-ын Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийн талаар санал солилцов.

Мөн бондын санхүүжилтийн талаарх  дэлгэрэнгүй мэдээллийг Сангийн яамны сайд Ч.Улаан болон Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд О.Чулуунбат нараас авчээ.

 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилт монгол улсын дансанд орж ирээд 20-иод хонолоо. Өдөр бүр хүү төлөгдөөд явж байгаа юм.

Уул уурхай, дэд бүтэц, төмөр зам, эрчим хүч, барилгын салбарын төслүүд их ирж байна

Энэ талаар Шударга ёс эвсэл бүлгийн дарга Н.Батцэрэг ярихдаа: “Техник эдийн засгийн үндэслэл бүхий ямар төсөл хөтөлбөрүүд ирж байна, хэрхэн шалгаруулах талаарх мэдээллийг бид авлаа. Ямартай ч Ерөнхий сайдын бодлогын зөвлөл ерөнхийдөө зангидаж ажиллана. Эдийн засгийн яаман дээр одоогийн байдлаар 100 гаруй төслүүд ирсэн байгаагийн 30 төсөл нь техник эдийн засгийн үндэслэлээ хийсэн төслүүд байна” хэмээсэн.

Тэдгээр төслүүдийг  багцалвал уул уурхай, дэд бүтэц, төмөр зам, эрчим хүч, барилгын салбар байгаа гэнэ. Ер нь бондын санхүүжилтийн асуудал Шударга ёс эвслийн бүлгийн зүгээс хариуцлагатай хандаж, холбогдох сайд албан тушаалтнуудаас бодитой мэдээллийг цаг тухай бүрт авч байх бөгөөд шүүмжлэлтэй хандаж, шахалт үзүүлж ажиллах ажээ.