"Бид МАН гэдэг "бохирдсон гол"-той нийлэхгүй"
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба
2012.12.17

"Бид МАН гэдэг "бохирдсон гол"-той нийлэхгүй"

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг “Ярилцах танхим”-даа урьж, тус нам Засгийн газраас гарах эсэх асуудал юу болсон талаар ярилцлаа.

-МАХН-ынхан Засгийн газраас гарна гэдгээ мэдэгд­чихсэн. Харин “Шударга ёс” эвслийн нэг субъект бо­лох МҮАН-ынхантай зөв­шилцөх ёстой. Энэ асуудал юу болов?

-Манай намын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэр хэвээрээ байгаа.
Засгийн газраас гарах эсэх асуудал зөвхөн манай намын Гүйцэтгэх товчооны хурлаар шийд­вэрлэх асуудал биш юм. Яагаад гэвэл бид Засгийн газарт МҮАН-тай нэгдэж, “Шударга ёс” эвслээрээ орсон. Эвслийн Удирдах зөвлөлийн хурал болоогүй байна. Бид “МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэрийг авч хэлэлцэнэ үү” гэсэн бичгийг МҮАН-ынханд хүргүүлчихсэн. Тэгэхээр энэ долоо хоногт багтан эвслийн Удирдах зөвлөл хуралдана. Миний хувьд эвслийн Удирдах зөвлөл, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нартай уулзаж, албан ёсны товоо хурдан гаргахыг шаардсан. Ямартай ч энэ долоо хоногт асуудлыг хэлэлцэх болов уу гэж бодож байна. Үүнээс гадна биднийг Засгийн газраас гаргахыг хүсээд байгаа хүмүүс бий. Бидний засгаас гарах, гарахгүйг Удирдах зөвлөлөөр шийдээгүй байхад зарим улстөрч барьц алдаж, манай намыг засгаас гарахыг яаравчлуулж байх шиг байна. Тэд бараг бидний өмнөөс шийдвэр гаргах гээд байгаа юм уу. Зарим нэг нь манай намын Шадар сайдыг “огцроод өгөөч ээ” гэж гуйж эхэллээ. Үүнээс харахад МАХН-ын Засгийн газраас гарах эсэх асуудал олон хүнд хүлээлт үүсгээд байх шиг.   

-Танай намынхныг засгаас га­рахыг шахаад байгаа гэж хэнийг хэлээд байна вэ?

-Биднийг гараад өгөөч гээд бай­гаа юм биш үү. Хэзээ гарах гээд байгаагаа хэлээд өгөөч гэх мэтчилэн ярьж байна. Зарим нэг улстөрч ингэж ярьж байгаа.

-”Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “МАХН-аас би­дэнд албан бичгээ өгөөгүй. Тиймээс хэлэлцэх боломжгүй байна” гэж байсан. Танай намын зүгээс бичгээ хэзээ өгсөн юм бэ?

-Бид албан бичгээ өнгөрсөн долоо хоногийн дундуур өгсөн. Гүйцэтгэх товчооны шийдвэр албан ёсоор баталгаажиж гарахдаа гишүүн бүрийн гарын үсгийг зурдаг. Үүний дагуу баталгаажуулан Н.Батцэрэг даргад өгсөн байгаа.

-МАХН, МҮАН эвсэх гэ­рээ бай­гуулахдаа одоогийн үүсээд бай­гаа асуудлыг хэрхэн шийд­вэр­лэхээр тусгасан байдаг юм бэ?

-Бид улс төрийн аливаа шийд­вэрийг гаргахдаа бүх зүйлийг бо­лохгүй, бүтэхгүй талаас нь харж хийхгүй нь ойлгомжтой. Хамтарч, эвсэж байгаа намууд хэдийд салах вэ гэдгээ бодож гэрээ байгуулахгүй л дээ. Гэхдээ эвслийн Удирдах зөв­лө­лийн шийдвэрээр олонхиороо асууд­лаа шийдвэрлэнэ. Олонхи бай­лаа гээд дангаараа олонхи байж шийд­вэр гаргахгүй. Өөрөөр хэлбэл МҮАН-ын өөрсдийнх нь олонхийн байр суурь энэ нөхцөл байдалд нөлөөлнө гэсэн үг юм. Нэг намын удирдах хүмүүсийн шийдвэрийг ха­туу дагана гэхээс илүүтэй үүсээд байгаа асуудал улс орны цаашдын үйл ажиллагаанд шаардлагатай гэж үзэх ямар шийдвэрийг гаргах нь чухал вэ гэдгийг тал талаасаа ярилцах ёстой. МАХН, МҮАН гэсэн намын байр сууринаас хандахаас илүүтэй нийтлэг эрх ашгийн төлөө хэрхэн эвсэж чаддаг вэ гэдэгт тулгуурлаж засгаас гарах эсэх асуудлыг ярих болов уу.

Ер нь Засгийн газар гарах, огцруулах, гаргах тухай асуудал улс төрийн амьдралд байдаг үзэгдэл.

Энэ засгийн асуудал яагаад ингэж хүлээлтэд орсон бэ гэвэл хэрэв МАХН засгаас гарчихвал энэ орон зайг нөхөх гэсэн, орохыг яарч байгаагаасаа болж даарчихаад буй хүмүүс олон байгаад оршиж байна.

Энэ байдал аль ч намд байна. Мон­гол Ардын нам, Ардчилсан нам аль, алинд нь. Тиймээс биднийг холдоод өгвөл гүйгээд орчих гээд байх шиг байна. Үүнийгээ бүтэлтэй, бүтэлгүй байдлаар илэрхийлж, биднийг хорон үгээр гүтгэж байна.

-Тухайлбал хэн гэж?

-Ц.Нямдорж, Я.Содбаатар на­рын хо­рон хэлтэй хүмүүсийн хэлж байгаа­гаас нь харахад биднийг засгаас хурдан гараад өгөөч гэж гуйж байгаатай адилхан юм шиг л санагдаж байна.

-МҮАН-ын гишүүдийн зүгээс байр сууриа илэрхийлж байгаа. Тэд МАХН Засгийн газраас гарах шаардлагагүй гэж үзээд байгаа шүү дээ?

-Эвслийн Удирдах зөвлөл хурал­даагүй учир МҮАН-ын албан ёсны байр суурь илэрхийлэгдээгүй гэсэн үг. Хувь гишүүд өөр өөрсдийнхөө өнцгөөс хэлж буй болов уу. УИХ-ын зарим гишүүн засгаас гарах шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Нам дотор ч энэ асуудалд хоёр өөр үзэл бодлоор хандаж байна. Хамгийн гол нь намын эрх ашгаас илүү улс орны эрх ашигт тулгуурлан шийдвэр гаргана гэдэг дээр намын гишүүд хатуу байр суурьтай байгаа.

-Танай намыг засгаас гарах шийдвэр гаргасны дараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл цацагдсан. Үүний нэг нь МАХН-ынхан Н.Энхбаяр даргыгаа суллахын тулд ингэж шантаачилж байна гэж буй. Үүнд та ямар тайлбар хийх вэ?

-Аль нэг намын байр суурь ямар байх нь шүүхийн байгууллагад шантааж болох байдлаар очиж байгаа бол шүүх дампуурсны шинж. Аливаа нэг намын улс төрийн үзэл бодлын асуудлыг шантааж мөн гэж ойлгож байгаа бол шүүхийн байгууллагыг үгүйсгэж байна гэдэгтэй адил сонсогдож байна.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг шударга бусаар яллаж байна хэмээн өмгөөлөгчид нь хэлсэн. Цаашид ч арга хэмжээ авна гэж байгаа. Таны хувьд үүнийг юу гэж бодож байна вэ?

-Хоёулаа нэг зүйлийг ойлгохыг хичээе. Энэ хүнд анх зургаан хэрэгт ял төлөвлөж байсан. Гурван шатны шүүх хурлын явцад дөрвөн хэрэг нь байхгүй болсон. Анхан шатны шүүх хурлын дараагийн шатны шүүх хурлаар дөрвөн хэрэгт энэ хүн холбогдолгүй гэдгийг шүүгчид баталсан. Үнэнд гүйцэгдээд зо­хиомлоор үүсгэсэн хэрэг гэдгийг нь нотлоод байна. Харин үлдсэн хоёр хэрэг болох “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс”-ын асуудлыг ярья. “Улаанбаатар таймс”-ын тухайд менежментийн хувьчлал хийн өөр хүмүүс авчихсан байгаа. “Өргөө” зочид буудал нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явуулж байна. Н.Энх­баяр гэдэг хүнийг энэ хоёр хэрэгт холбоод буй нь ямар ч утгагүй. Хэрэв хамаатай гэж үзвэл энэ хүн хөрөнгө оруулагч байсан байгаа юм биздээ. Тэгвэл өнөөдөр хөрөнгө оруулсан хүнээ хэлмэгдүүлчихээд байна. Энэ хэрэг хэрэгсэхгүй болох нь ойлгомжтой. Харин хэзээ вэ гэдэг нь л байгаа юм. Удахгүй цагаадна гэдэгт би итгэлтэй байгаа. Энэ бол улс төрийн хэлмэгдүүлэлтийн хамгийн болхи хэлбэр гэж боддог. Удахгүй энэ байдал эцэслэгдэхээр олон хүн нүүр хийх газаргүй болох байх.

-Н.Энхбаярын биеийн байдал муудсан гэж дуулдсан. Та хэзээ очиж уулзсан бэ?

-Уулзах боломжгүй байгаад байна. Яагаад гэвэл хүнтэй уулзах бололцоогүй гээд байгаа. Би хоёр өдөр очиж уулзах гээд чадсангүй. Зөвхөн сахиурыг нь уулзуулж байна. Хамгийн аюултай нь өдөрт 300-500 грамм жин алдаж байгаа гэсэн. Өнгөрсөн дөрөв дэх өдөр би Эрүүл мэндийн яамнаас гаргасан эрүүл мэндийнх нь талаарх сүүлийн дүгнэлттэй танилцсан. Ноцтой дүгнэлт гарсан байна билээ.

-МАХН-ын даргыг цагаатгах асуудлыг Ерөнхийлөгчийн сон­гуультай холбох хүмүүс бий?

-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга учраас байр сууриа илэрхийлэх боломжгүй. Хүмүүс үүнийг янз бүрээр ярьж байгаа. Үүний нэг нь таны хэлж байгаа асуудал юм.

-Хоёр намын Удирдах зөвлөлөөр засгаас гарах шаардлагагүй гээд шийдчихвэл ажлаа хэвийн үргэлжлүүлнэ биздээ?

-Өөр яах билээ. Шийдвэр гаргах байгууллага нь ингэж шийдэж байгаа бол. Ямар уйлалтай нь биш. Миний хувийн байр суурь гэвэл Монгол Улсын өнөөгийн түвшинд, тэр тусмаа сонгууль болоод удаагүй байгаа энэ үед өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэх нь энэ Засгийн газарт туйлын чухал.

-Хэрэв танай намыг засгаас гарлаа гэхэд хуулийн дагуу Засгийн газар огцрохгүй. Цаашид танай намгүйгээр л үйл ажиллагаагаа явуулна шүү дээ?

-Огцрох, огцрохгүй гэдгийг би хэлж мэдэхгүй. Засгийн газар, УИХ-ын хэмжээнд шийдвэрлэх асуудал.

-МАХН засгаас гарахаар шийд­сэн нь нэг хүний асуудлаас болж ард түмний төлөө хийнэ гэсэн амлалтаасаа ухарч буй хэрэг биш үү?

-Үүнийг зөвхөн нэг хүнтэй холбож ойлгоод байх юм. Аливаа зүйл нэг хүнээс эхэлдэг. Улс төрийн хэлмэгдүүлэлт гэдэг асуудал дээр бид ийм байр суурь илэрхийлж байгаа. Ганц хүнд байгаа юм биш. Энэ хүнд тохиолдож буй хэрэг одоогийн Ерөнхийлөгчид тохиолдохыг үгүйс­гэхгүй. Нээрэн шүү. Дараа нь одоогийн Засгийн газар, намын дарга нарт тохиолдож мэднэ. Өнөөдөр XXI зууны хэлмэгдүүлэлт эхэлчихсэн. Хэлмэгдүүлэлтийг зогсоохын төлөө төр засгийн удирдлагууд анхаарал тавих хэрэгтэй. Үүнд төрийн удирдлагууд анхаарахгүй байгаа нь бидний ёс зүйтэй холбоотой болсон учир энэ асуудлыг тавьсан.   

-МАХН, МАН-тай нэгдэх үү?

-Үгүй байлгүй дээ. Ц.Нямдорж өөрсдийгөө том гол мөрөнтэй зүйрлэж, биднийгээ арай өөр зүйлтэй зүйрлэх шиг болсон. Тэгэхээр нийлэхгүй байх. Бидний зүгээс Ардын намтай нийлье гээд байгаа юм байхгүй. Буруу тийшээ урсаж байгаа бохир голтой нийлэх нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Тэд том гол байж болно. Гэхдээ бохирдчихсон гол байгаль орчныг сүйтгэдэг биздээ. Бид жижиг булаг байж болох ч цэвэр юм шүү. Ардын намынхан Ц.Нямдоржийн хэлснээр өөрсдийгөө том гол гэж бодож байгаа бол эхлээд цэвэрлэх хэрэгтэй.

-Нам дотор нь МАХН-ынхан нэгдэх тухай асуудлыг тавибал болохгүй гэх зүйлгүй гэж бодож яваа хүмүүс бий?

-Ж.Энхбаяр зориуд тэгж хэлэв үү. Чин сэтгэлээсээ хэлсэн юм уу, мэдэхгүй юм. Иймэрхүү эрүүл бодол санаатай хүмүүс байдаг. Бид ийм хүмүүстэй санал бодлоо солилцдог. Эцсийн эцэст улс оронд эв нэгдэл хэрэгтэй. Нэгэн үе хамт ажиллаж байсан хүмүүс учир бид хамтраад хүчээ нэгтгээд, улс орныхоо төлөө ажиллана гэвэл болохгүй зүйл байхгүй. Ирээдүйд ийм боломж гарахыг үгүйсгэхгүй. Бид юуг ч үгүйсгэдэггүй.

-УИХ-ын чуулганаар зарим ги­шүүн тангаргаа өргөсөн. МАХН-ын нэг суудал парламентад бий. Танай нам хэнийх нь тангаргыг өргүүлэх гэж байна вэ?

-МАХН-ын нэг суудал байгаа нь тодорхой. Харин хэн байх вэ гэдгийг Сонгуулийн ерөнхий хороо, шүүхийн эцсийн шийдвэрээр гарах ёстой. Түүнээс биш би барин тавин тэрийг гишүүн болгоно гэж хэлэх боломжгүй.

-Сонгуулийн ерөнхий хорооноос Ц.Оюунбаатарыг УИХ-д өргөн барьчихсан байгаа. Гэтэл яагаад тангаргыг нь өргүүлэхгүй байгаа юм бол?

-Өнөөдрийг хүртэл тангаргаа өргөөгүй байгаа. Асуудал байгаа учир л өргөхгүй байна гэсэн үг шүү дээ. Ямар асуудал буйг би хариулах эрхгүй.
-Ярилцсанд баярлалаа.