Ч.Улаан: Засгаас гаргах гэж яагаад яарав
МАХН хамтарсан Засгийн газраас гарна гэх мэдэгдлийг өнгөрсөн долоо хоногт МАХН-ын Удирдах зөвлөл хуралдаж, гаргасан. Гэхдээ үүнийгээ албан ёсоор баталгаажуулж, Засгийн газар болон хамтарч буй Ардчилсан намынханд мэдэгдээгүй байгаа юм. Мөн МАХН-тай эвсч буй МҮАН-ын зүгээс хамтарсан Засгийн газраас гарах боломжгүй хэмээн мэдэгдээд байгаа. Энэ талаар МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн, Сангийн сайд Ч.Улаанаас тодрууллаа.
-МАХН-аас хамтарсан Засгийн газраас гарах талаар мэдэгдэл гарсан. Гэтэл одоо болтол баталгаажуулсан зүйл алга. Тиймээс МАХН-ын сүрдүүлэг юм шиг харагдаад байна?
-Үүнийг би эцэслэн хэлж чадахгүй, хэлдэг хүн нь ч биш. “Шударга ёс” эвслийг хоёр нам бүрдүүлдэг. Энэ хоёр намаас бүрдсэн Удирдах зөвлөл гэж бий. Удирдах зөвлөл хамтран хуралдаад хамтарсан Засгийн газраас гарах уу, үгүй юу, нөхөн сонгуульд хэн гэдэг гишүүнийг оруулах вэ зэрэг асуудлыг шийддэг хуультай. Тэгэхээр эвслийн удирдах зөвлөлөөр шийдэгдэнэ.
Одоогоор энэ асуудлыг эвслийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээгүй байна.
Тиймээс урьдчилж тийм шийдвэр гарна, гарахгүй гэдгийг хэлж чадахгүй.
-МҮАН-ын зүгээс хамтарсан Засгийн газраас гарахгүй, энэ бол зөвхөн МАХН-ын удирдах зөвлөлийн шийдвэр гэдгийг хэлсэн?
-Харин ийм л байдалтай байна. Гэхдээ нэгэнт эвсч, нэгдсэн юм чинь хамтарч, хуралдана. Тэгэхээр заавал хамтарсан хурал хийнэ. Мэдээж, нэг нь дангаараа шийдээд Засгийн газраас гардаг зүйл биш. Хамтын удирдлагын байгууллага учраас нухацтай хэлэлцэж, байгууллагаараа шийдэх ёстой.
-Танай намынхан Н.Энхбаярын шүүх хурлын өмнө хамтарсан Засгийн газраас гарна гэсэн. Албан ёсоор Засгийн газраас гарах хүсэлтээ өгөөгүй болохоор сүрдүүлэг байсан гэж харагдаад байна л даа?
-Янз бүрээр хараг л дээ. Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой, асуудалд ханддаг, өөрийн гэсэн ертөнцтэй, өөрөө өөрийнхөөрөө яваг л дээ. Үүнийг чинь л олон ургальч үзэл гэдэг шүү дээ.
-“Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хэзээ хуралдаж, энэ асуудлыг шийдэх вэ?
-Эвслийн Удирдах зөвлөл хоёр талаасаа төлөвлөж байгаад хугацааг товлон хуралдана.
-МҮАН хамтарсан Засгийн газраас гарахгүй гээд байвал яах вэ?
-МАХН-ыг Засгийн газраас гаргах гэж яагаад яараад байгаа юм бэ.
-Танайхан засгаас гарна гэж мэдэгдсэн. Гэхдээ хаа хаанаа засгаас гарахгүй байх нь ашигтай юм биш үү?
-Харин тэгээд яагаад манайхыг засгаас гаргах гэж яараад байгаа юм бэ? Яах гэж байгаа нь тодорхойгүй ингээд байж болохгүй гэж үү, илүү сонирхолтой биш үү. Юмны учир олддог шүү дээ.