МАХН Засгийн газраас гарах шийдвэрээ өнөөдөр өргөн барина
2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан
2012.12.05

МАХН Засгийн газраас гарах шийдвэрээ өнөөдөр өргөн барина

Өчигдөр МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдсан. Оройн 21 цаг хүртэл хуралдсан тус хуралдаанаас дөрвөн шийдвэр гаргасан байна. Өчигдөр оройны хувьд Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайд Н.Алтанхуягт МАХН-ын гишүүд Засгийн газраас гарах шийдвэр гаргасан тухайгаа амаар мэдэгджээ. Харин өнөөдөр албан бичгээр Засгийн газрын тэргүүнд мэдэгдэхээр болжээ. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар МАХН-ын Нийслэл буюу намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэнгээс тодрууллаа.

МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн

-Өчигдөр оройноос эхлээд МАХН Засгийн газраас гарч байна гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ?

-Өчигдөр манай Гүйцэтгэх товчооны  хурал боллоо. Оройн 21.00 цаг хүртэл хуралдсан энэ хурлын дараа Засгаас гарах даалгаврыг Засгийн газарт байгаа гишүүддээ өгсөн. Энэ бол зөвхөн өөрийн намын гишүүддээ өгсөн даалгавар. Харин албан ёсоор, өнөөдрөөс эхлээд Засгийн газраас гарч байгаа юм биш. Үүнийг ялгаж ойлгох хэрэгтэй.

-Тэгвэл албан ёсоор Засгаас гарах тухай Засгийн газарт мэдэгдээгүй хэрэг үү?

-Бид Гүйцэтгэх товчооны хурлаас гарсан шийдвэрийг албажуулаад Засгийн газарт гардуулах ажлаа өнөөдрөөс хийнэ. Бид анх эвслийн Засгийн газарт орж гэрээ хэлэлцээр хийхдээ энэ хууль бус хэлмэгдүүлэлтийг гаргахгүй байхыг тусгаж өгсөн. Гэтэл Засгийн газар энэ тал дээр юу ч хийсэнгүй шүү дээ. Тиймээс намын дарга Н.Энхбаярт тулгаад байгаа хилс хэрэг, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын тулд Засгаас гарах шийдвэрийг гаргасан.

-Эвсэл задарч, эхнээсээ Шадар сайд Д.Тэрбишдагва, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар муудалцаж гар зөрүүлсэн гэх яриа байна?

-Тийм юм болоогүй ээ. Өчигдөр оройны хувьд Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайд Н.Алтанхуягт МАХН-ын гишүүд Засгийн газраас гарах шийдвэр гаргасан тухайгаа амаар мэдэгдсэн. Харин бид өнөөдөр албан бичгээр Засгийн газрын тэргүүнд мэдэгдэнэ.

-Засгийн газраас гарах нь тогтворгүй нөхцөл байдал үүсгэнэ. Тиймээс МАХН энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Тогтворгүй байдал үүсэхэд манай нам хариуцлага хүлээхгүй гэдгээ мэдэгдэж байгаа. Учир нь шударга бус, олигархижсан, улс төрийн зорилгоор хэн нэгнийг хэлмэгдүүлдэг  энэ нийгмийг МАХН эсэргүүцэж байгаа. Өнөөдөр байдал ийм байхад үүнийг хайхарч байгаа удирдлага, албан тушаалтан алга. Ерөнхийлөгч нь хүртэл тоохгүй байгаа юм чинь энэ хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохыг хүсэхгүй байгаа гэсэн үг. Тиймээс намын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлэхээ зогсоохгүй  бол, цаашлаад “их хэлмэгдүүлэлт”-ээс ард түмнээ, нийгмийг аварч шударга ёсыг тогтоохын тулд Засгийн газраас гарах шийдвэрийг гаргаад байна.

-Засгаас гарах болбол МАХН мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадахгүйд хүрэх болов уу?

-Бид ард түмнийхээ сайн сайхны төлөө, шударга ёсыг тогтоож иргэн бүрийг ажилтай, эд баялагтаа эзэн сууж, сайхан ирээдүйд сэтгэл хангалуун алхаасай гэж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Гэтэл мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг бидэнд нээж өгөхгүй байна. Учир нь улс төрийн гурав дахь хүчин болсон энэ намын дарга Н.Энхбаярыг хилс хэргээр хэлмэгдүүлж барьж хорьж, гишүүдийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хүртэл хааж боож байгаа нь мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжгүй болгож байгаа юм. Тиймээс бидэнд боломж олготол нь, бидэнд шударгаар хандтал нь асуудлыг гаргаж тавихаас өөр арга байхгүй. 

-Засгаас гарах шийдвэрт МҮАН-ынхан хэрхэн хандаж байгаа бол?

-Энэ шийдвэр нь “Шударга ёс” эвслийнх биш. Зөвхөн МАХН-ын шийдвэр.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.