Элчин сайдуудыг зөвшилцөн дэмжив
УИХ-ын нэгдсэн чуулганы баасан гаригийн хуралдаан боллоо. УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж, Монгол Улсаас гадаад улсад суух зарим элчин сайдыг томилох, эгүүлэн татах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг чуулганаар зөвшилцсөн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны танилцуулга болон УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийн дараа нэгдсэн чуулганд оролцож буй УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт авав.
Гадаад улсад суухаар Элчин сайдад нэр дэвшин, чуулганаар хэлэлцүүлж буй найман хүн чуулганы хуралдааны үеэр нэг бүрчлэн өөрсдийн хийх ажил, үүрэг, хариуцлагынхаа талаар ярьж, өөрсдийгөө нэг ёсондоо гишүүд, олон нийтэд танилцуулсан. Тэд эх орноо төлөөлөн суух тухайн улс орны талаар хэрхэн мэдлэгтэй байгаагаа ярихын хамт цаашид баримталж ажиллах чиг, үүргийнхээ тухайд ч тодотгож байсан.
Монгол Улсаас Австри улсад Г.Батжаргалыг, АНУ-д суугаах Элчинд Б.Алтангэрэлийг, Бүгд найрамдах Казахстан улсад Суух Элчин сайдаар Ж.Сүхээг, Лалын Бүгд найрамдах Афганистан улсад суух Элчин сайдаар О.Дамбийнямыг, Бельгийн Вант улс болон Европын Холбоонд суух Элчин сайдаар Х.Даваадоржийг, Кувейт Улсад суух Элчин сайдаар С.Энхбатыг, БНСУ-д суух Элчин сайдаар Б.Ганболдыг, Бүгд найрамдах Турк улсад суух Элчин сайдаар Б.Батхишигийг тус тус зөвшилцөн, гишүүд дэмжсэн юм.
Та бүхнийг бид биш энэ гадаа байгаа ард иргэд томилж байгаа гэдгийг бодоорой, Монгол Улсын ямар ч иргэн, хэн ч байсан ялгалгүй тосч үйлчлээрэй, гадаадад байгаа монгол иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалж ажиллах, Монгол Улсаа гадаад улс оронд үнэн зөв, бодитоор сурталчлан илэрхийлж байх, эргүүлээд мөн бодит тодорхой, үнэн мэдээлэл Монголд илгээн явуулж байх, монголчууд олноороо байгаа газарт очих Элчин сайдууд онцгой анхаарал тавьж ажиллах, Монголын соёл, уламжлал, зан заншил, хөгжил дэвшил, газар нутгийн онцлог зэрэг таатай мэдээллээр гадаадынхныг зөв хангаж ажиллах зэрэг нэлээд олон чухал асуудлыг УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэхдээ хөндөж ярьж байлаа. Түүнчлэн гадаадад суух Элчингүүдийг томилохдоо найр тавих, шагналын маягаар ханддаг зэрэг хуучин хандлагуудыг өөрчлөх нь зүйтэй, гэхдээ энэ удаа ажлын туршлага, дадлага бүхий боломжийн хүмүүс нэр дэвшин орж ирсэн байна гэх зэргээр УИХ-ын гишүүд ярьж, шүүмжилж байлаа.
Элчин сайдуудын асуудлаар чуулганы танхимд асуулт асууж, санал бодлоо илэрхийлсэн гишүүдийг дурдвал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Ганбат, С.Бямбацогт, Г.Баярсайхан, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Н.Энхболд нар байв.
Ц.Даваасүрэн: Улс орнуудад томилогдсон элчин сайдуудаас мэдээлэл авдаг байх хэрэгтэй.
Д.Тэрбишдагва: 3 элчин сайд нэг улсаас нөгөө улс руу томилогдож байгааг буруу гэж бодож байна.
С.Бямбацогт гишүүн үг хэлэв
Г.Баярсайхан: Гадаадад байгаа Монголчуудаа хамгаалах хэрэгтэй, Монгол улсын паспорт барьсан хүн бүрт үйлчилэх хэрэгтэй.
Н.Энхболд элчин сайдуудыг дэмжиж үг хэлэв
Д.Ганхуяг элчин сайдад томилогдохоор нэр нь орж ирсэн гишүүдийг дэмжиж үг хэлэв
Ингээд санал хураалт болоход, нэр дэвшсэн найман хүн тус бүрээр санал хураалт явуулж, гишүүдийн дийлэнхийн саналаар бүгд дэмжигдсэн юм.
УИХ-ын дарга З.Энхболд, чуулганаар зөвшилцүүлэн, олонхийн дэмжлэг хүлээсэн нэр дэвшигч Элчин сайдуудад баяр хүргэхийн хамт чуулганы танхимд яригдсан асуудлууд бодлогын түвшинд дурдагдаж байгаа гэдгийг ойлгохыг онцолсон.
Түүнчлэн зарим улс орноос Элчин сайдуудыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэн, санал хураалтаар дэмжигдлээ.