Энэ жил 16 мянган тонн махыг нөөцлөнө
Өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд ирэх оны махны нөөцийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 63 дугаар тэмдэглэл, Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд байгуулсан "Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг", Монголбанкны Ерөнхийлөгч, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хамтарсан A-166/A-24 дугаартай тушаалаар батлагдсан "Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2013 оны хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан Улаанбаатар хотод 14,0 мянган тонн, Дархан, Эрдэнэт хотуудад тус бүр 1,0 мянган тонн, нийт 16,0 мянган тонн махыг хүлээн авах "Нөөцийн махны менежер"-ийг сонгон шалгаруулжээ. ,
Мөн "Нөөцийн махны менежер" хадгалах, жижиглэн савлах, худалдан борлуулах ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй юм байна.
Шалгаруулалтыг Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс оролцсон ажлын хэсэг бүх оролцогчдыг байлцуулан нээлтгэй зохион байгуулсан ба. Улмаар нөөцийн махны менежментийн гэрээг УБ хотод "Жаст Арго" ХХК-тай, Дархан хотод "Баатарууд тэнгэр" ХХК-тай, Эрдэнэт хотод "Эрдмийт" ХХК-тай Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөцийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрууд хамтран гэрээ байгуулжээ.
Өмнөх жилүүдэд нөөцийн махтай холбоотой элдэв маргаан гардаг байсныг үндэслэн энэ жилийн хувьд нөөцийн махны үнийг олон нийтэд зарлахгүй хэмээн мэргэжилтнүүд мэдээлсэн юм.
Нөөцийн мах бэлтгэн, нийлүүлж, түгээх үүрэгтэй "Жаст агро" группын гүйцэтгэх захирал С.Батхишиг хэвлэлийн хурлын үеэр ярихдаа: "Бид малчдаас зах зээлийн үнээр мах худалдан авах болно. Харин нөөцөлсөн махаа борлуулахдаа дүүргийн хорооны хэсгээс судалгаа авч, амьжиргааны түвшин доогуур хүмүүст ваучер олгох байдлаар зохион байгуулна" гэсэн юм.