Онгоц, төмөр замаар зорчигчид үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэх нь
2012.10.22

Онгоц, төмөр замаар зорчигчид үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэх нь

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болон Монголын мэргэжлийн холбоодын зөвлөл хамтран “Үйлдвэржилтийн шинэ эрин үе” арга хэмжээг өнгөрөгч бямба гаригт Төрийн ордонд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ҮХАА-н сайд Х.Баттулга тэргүүтэй салбарын мэргэжилтнүүд болон Монголын өнцөг булан бүрээс ирсэн 800 орчим үйлдвэрлэгч урилгаар оролцов.

Арга хэмжээг нээж ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэл хэлсэн үгэндээ энэ уулзалт Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх замаар хүнд, хөнгөн бүхий л үйлдвэрлэлийн салбарт нийгэм, эдийн засгийн хөгжлийг цоо шинэ түвшинд гаргах, томоохон цогц бодлого, үндэсний хэмжээний үйлдвэржих хөдөлгөөний эхлэл гэдгийг онцоллоо.

Дэлхий дахинд эрдэс баялгийн нөөцийн төлөө өрсөлдөөн ширүүсэж, манай орны газрын дорх баялаг гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах болсон энэ үед дотооддоо нэмүү өртөг бий болгож, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болгох ажлыг үе шаттай хийх шаардлага тулгарч байгаа аж. Арга хэмжээний үеэр Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гүйцэтгэх захирал Х.Ганбаатар эхний ээлжинд хэрэгжүүлэхээр санал болгож буй 120 орчим төслийг 16 төрөлд багцлан, ҮХАА-н сайд Х.Баттулгад гардуулав. Түүнчлэн Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Х.Ганбаатар, УБТЗ нийгэмлэгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж, ИНЕГ-ын дарга С.Батмөнх нар санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Ингэснээр зорчигчдод үйлчилдэг тус хоёр байгууллага үйлчилгээндээ үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг болох юм. Мөн байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай санамж бичигт БОНХ-ийн сайд С.Оюун, ҮХАА-н сайд Х.Баттулга нар гарын үсэг зурлаа. ҮХАА-н сайд Х.Баттулга энэ үеэр “Мэргэжлийн холбоодыг нэгдсэн нэг удирдлагатай, цалинтай, хариуцлагатай болгоё. Үйлдвэрлэгчид холбоодтой харьцаж, бид холбоогоор дамжуулан Засгийн газарт уламжилдаг тогтолцоо руу шилжье” хэмээн санал гаргасан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.