Эдийн засгийн огцом өсөлт сайн үзүүлэлт биш гэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Макро эдийн засгийн бодлого ба газрын баялгийн сан: Норвеги улсын туршлага” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Монголын улстөрч, эдийн засагчид, Норвеги улсын Сангийн дэд сайд, Сангийн яамны төлөөлөгчид, бусад орны ЭСЯ-ны мэргэжилтнүүд оролцсон уг хэлэлцүүлгийн үеэр маш чухал санаанууд тусгагдсан юм.
Тухайлбал, Норвегийн Сангийн дэд сайд Руй Мануэл Ханжам “Эдийн засгийн өсөлт сайн үзүүлэлт хэдий ч огцом дээшлэх нь амжилт биш. Норвеги улс хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт ордог. Гэтэл эдийн засаг 2001 оноос хойш тогтмол хурдаар өссөн. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 3.4 хувийн өсөлттэй байсан нь энэ амжилтад хүргэсэн юм.
Түүнчлэн инфляцийг сүүлийн 12 жилийн турш 2.5 хувьд тогтооход Засгийн газраас тун хариуцлагатай ажилласан гэж бодож байна.
Хамгийн гол нь хараат бус мөнгөний бодлого чухал. Манай улсад аль нэг улстөрч, улстөрийн бүлгийн нөлөө мөнгөний бодлогод тусдаггүй. Түүнчлэн нийгмийн бүхий л салбарт жигд анхаарах хэрэгтэй” гэсэн юм.
Үүнээс гадна хэлэлцүүлгийн үеэр газрын баялгаас орж ирэх орлогоос хуримтлал үүсгэх шаардлагатай гэдгийг тоо, баримттайгаар харуулсан. Ялангуяа, газрын тосноос олж буй мөнгийг төсөвт суулган, шууд зарцуулалгүйгээр ирээдүйд зориулсан хуримтлал хэлбэрээр сан байгуулах нь хамгийн зөв арга гэсэн.
Энэ санг “Хойч үед зориулсан хуримтлал” гэж нэрлэдэг аж. Гадны төлөөлөгчдийн зүгээс Монгол Улсын талаар шүүмжлэл хэлж байлаа.
Тухайлбал, Монголд эдийн засгийн төрөлжилт бий болгох гэж сүүлийн жилүүдэд хичээж байгаа. Гэхдээ ямар ч үр дүнд хүрээгүй. Мөн олсон хэрээрээ зарж чаддаггүй. Ямагт зарлага нь орлогоосоо давдаг, уул уурхайд бүх анхаарлаа хандуулсан учраас бусад салбар доройтсон гэдгийг хэлж байсан юм.