Дэлхийн банк, Монголбанк хоёрын аль нь үнэнийг хэлдэг вэ?
2012.10.04

Дэлхийн банк, Монголбанк хоёрын аль нь үнэнийг хэлдэг вэ?

Ирэх долоо хоногт Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засаг, сан­хүүгийн салбарын үнэл­гээний тоймыг албан ёсоор танилцуулна. Улиралд нэг удаа болдог энэ арга хэмжээ өмнөхөөсөө илүүтэй олны анхаарлыг татах болов. Учир нь инфляцийн өсөлт, дотоод валютын уналт, төсвийн тодотголтой зэрэгцэн банк, санхүүгийн салбарт олон улсын хэмжээнд тэргүүлэгч Дэлхийн банк Монголын тухай судалгаа, дүгнэлтийг гаргажээ.


Энэ ажлыг угтан Монгол­банк эдийн засгийн тойм, төсөөллийг олон нийтэд дуулгасан бөгөөд үүнийг хэд хэдэн өнцгөөс харж болохоор байна. Нэгдүгээрт, нэг нь дэл­хийн санхүүгийн асууд­лыг зохицуулдаг, нөгөө нь буйд Монголын эдийн зас­гийг жолооддог энэ хоёр байгууллагын үзэл бодол ер нь зөрчилдөх талдаа байдаг.
Аль,  аль  нь  чадварлаг мэр­гэжил­тэн, эдийн за­сагч­даар ажил­лах хүчээ бүрдүүлсэн гэдэг утгаар дүг­нэлтүүд нь нийцэх­гүй байх учиргүй бай­тал үнэндээ алд, дэлмээр зөрдөг.

Өнгөрсөн хугацаанд Дэл­хийн банкны эдийн засгийн төсөөллийг Монгол­банк үгүйсгэх, няцаах маягаар ажиллаж байсан гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, Дэлхийн банк 2011 оны эдийн зас­гийн тойм, ирээдүйн зураг­лалыг гаргахдаа “Мөн­гө­ний бодлогын тухайд Мон­гол­банкнаас инфляцийг хазаар­лах, зээлийн өсөлтийг хумих чиглэлээр 2011 онд чухал арга хэмжээ авч ажил­ласан.


Гэвч бодлогын хүүгийн бодит түвшин сөрөг утгатай хэвээр мөн банк­ны зээл хурдацтай өссөөр /өмнөх оны мөн үетэй харь­цуулахад 73 хувь/ бай­гаа учраас мөнгөний бод­логыг нэмж чангатгах шаардлагатай байна”, “ДНБ-ий өсөлт 2010 онд 6.4 хувь бай­сан бол 2011 онд 17.3 хувьд хүрсэн нь түүхэнд бай­гаа­гүй үзүүлэлт боллоо” гэж бай­сан юм. Харин үүнээс хэд­хэн хоногийн дараа Монголбанкнаас хэвлэлийн хурал хийж, инфляцийг нэг оронтой тоонд барьж буй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байв.

Энэ үед чухам хэнд нь итгэхээ мэдэхгүй байсан хэдий ч 2011 онд монголчууд кг  махыг 8000 төгрөгөөр авч, сарын 300 мянган төгрөгийн цалинтай хүн дунджаас доогуур орлоготонд тооцогдох болсон юм. Өөрөөр хэлбэл, 2008 оны хямралд гал алдаагүй Монгол Улсыг үнийн их өсөлт, төгрөгийн хүчгүйдэл 2011 оноос ээрч эхэлсэн.

Тиймээс Дэлхийн банк­наас яаралтай арга хэм­жээ авахыг хатуу сануулж, “Инфляцийг хазаарлахын тулд төсвийн болоод мөн­гөний бодлогын аль алиныг хумьж, банкны салбар дахь системийн эрсдэлийг буу­руулах зорилгоор макро зохистой бодлого хэрэг­жүүлж, гадаад цочрол биеллээ олсон нөхцөлд анхан шатны хамгаалалт болох уян хатан ханшийн тогтолцоог хадгалж үлдэх нь зүйтэй” гэсэн бол Монголбанкны цорын ганц найдвартай арга нь үүний эсрэг мөнгөний бодлогыг чангалах явдал байлаа. Одоо ч энэ шийдвэрээ даган мөрдөж, бодлогын хүүг нэм­сээр байгаа.


Гол нь, энэ зохицуулалт сайнаар нөлөөлөх ёстой байтал улам дордож, эцэстээ бодлогын хүүг буулгах аргагүй болоод буйг Төвбанк хүлээн зөвшөөрсөн.

Үүнээс харахад манай Төвбанк эдийн засгийн ирээ­дүйг зөгнөхдөө тааруу ч юм шиг. Гэтэл бүхэл бүтэн улсын банк, санхүүгийн салбарыг зохицуулдаг учраас шууд чадварыг нь шүүмж­­лэх буруу ч юм шиг. Тиймээс хүмүүсийн яриад байдаг шиг Монголбанкны үйл ажил­лагаанд улстөрийн нөлөө орсон гэдэг нь үнэн болол­той.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.