Г.Баярсайхан: Би У.Хүрэлсүхийн уучлалыг хүлээж авсан
УИХ-ын гишүүн Г.Баярсайхантай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Намууд ажиглагчдынхаа орон нутгаас ирүүлсэн мэдээллийн дагуу ялалт байгуулсан эсэхээ мэдэгдэж эхэллээ. Таны сонгогдсон Чингэлтэй дүүрэгт чухам ямар дүн гарч байна?
-Манай дүүрэгт ирц хүрээгүй гэсэн мэдээ ирсэн. Зарим дүүрэг, орон нутагт ч адилхан байна.
-Ирц муу байгаа нь чухам юунаас шалтгаалсан бол?
-Сонгогчидтой уулзалт хийж байхад улстөрийн идэвх оролцоо сайн байсан. Улс орны хөгжил өсөн дэвжихийн хэрээр иргэдийн улс орны ирээдүйд санаа тавих нь эрс нэмэгдсэн нь ажиглагдаж байна. Энэ удаа сонгуулийн хугацааг хойшлуулж, өвлийн улиралд зохион байгуулсан нь ирц хүрэлцэхгүй байх бодит шалтгаан боллоо. Дараа, дараагийн орон нутгийн сонгуулийг заавал арваннэгдүгээр сарын сүүлчээр хийх нь оновчтой хугацаа биш гэдэг нь харагдлаа. Мөн манай улсын иргэд гадаадад олноороо ажиллаж, амьдарч байгаа. Эдгээр иргэд хэдийгээр сонгогчдын бүртгэлд хамрагдсан ч яг сонгуулийн үйл ажиллагаа явуулах цаг мөчид эзгүй байдаг нь ирцэд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, бүртгэлтэй иргэд саналаа өгсөнгүй гэдэг асуудал яригддаг. Тиймээс улстөр судлаачид болон ажиглагчдын ярьж буй эзгүй хүмүүсийг сонгогчдын бүртгэлд хамруулалгүй, яг бодит тоонд тулгуурлах хэрэгтэй гэдэгтэй би санал нэг байна.
-Тэгэхээр сая ирц хүрээгүй гэдэг нь тухайн орон нутагтаа эзгүй байсан иргэдтэй бас холбоотой гэсэн үг байх нь ээ?
-Тийм ээ. Энэ утгаараа асуудлыг шийдвэрлэсний дараа дахин сонгуулийн тухай яригдах байх.
-Хөдөө орон нутагт ирц харьцангуй гайгүй байсан бололтой. Харамсалтай нь нийслэлийн сонгогчдын ирц муу байлаа. Энэ нь цаг агаараас илүү сонгогчдын итгэлийг хүлээх чадвартай хүн тухайн тойрогт байгаагүйтэй холбоотой юм шиг. Тэр тусмаа УИХ-ын сонгуулийг хамт зохион байгуулсан Баянзүрх дүүргийн ирц мөн л хүрсэнгүй?
-Тухайн орон нутагт улстөрийн үйл ажиллагаа явуулдаг намуудын мэдээлэл, сурталчилгаа иргэдийн сэтгэл зүйд хүрэхгүй байгаатай холбоотой болов уу. Хэрвээ дэмждэг улстөрч нь тойрог, хэсэгт нь өрсөлдөж байвал ямар ч сонгогч цаг, зав гаргаад саналаа өгнө. Тиймээс Баянзүрх дүүргийн иргэдийн талархлыг хүлээхээргүй нэр дэвшигчид өрсөлдөөд байгаа юм байна гэж ойлгосон.
Бусад газар 60 гаруй хувийн ирцтэй байгаа нь тухайн орон нутгийн иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэж чадах, тэднийхээ төлөө зүтгэх итгэл төрүүлсөн залуучууд өрсөлдсөн учраас ирц гайгүй байсан гэсэн үг.
Ялалтад намаас гадна улстөрчийн өөрийн имиж чухал гэдгийг харуулсан сонгууль болов уу?
-Тэгж хэлж болно. Бид иргэдийнхээ дэмжлэгийг авч чадахуйц залуустай гэдгээ мэдэрлээ. Харин ялагдаж байгааг нь хараад тойрог, хэсэгтээ дэмжлэггүй, хөрсгүй улстөрчид явж байж гэж дүгнэж байна.
Төр өөрсдөө ард иргэдийнхээ төлөө санаа тавьдаг, тэднээсээ талархлыг хүлээж чадах шийдвэр гаргаж, ажил хийхэд дэмжлэг авч болдог юм гэдгийг шинэчлэлийн Засгийн газар харууллаа. Бид олон жилийн туршид ялалт багуулж чаддаггүй байсан Говь-Алтай, Ховд, Увс зэрэг “улаан” аймагт ялалт байгуулсан мэдээ ирээд байгаа.
-Өөрөөр хэлбэл, “цэнхэр” болголоо гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах вэ. Энэ нь АН-ын явуулж буй бодлого иргэн, сонгогч бүрт хүрч байгаа юм байна гэж дүгнэмээр байна.
-Өнөөдөр /өчигдөр/ чуулганы хуралдааныг хойшлууллаа. Уг нь парламент бүл нэмнэ гэж байсан биз дээ?
-Ихэнх гишүүн орон нутагт ажиллаж байгаа болохоор ирц хүрэхгүй байна. Томилолтоор ажиллаж буй гишүүд маргааш гэхэд амжаад ирэх байх. Тэгэхээр хуулийн дагуу гишүүн болох хүмүүс тангаргаа өргөнө.
-Хуулийн дагуу байж чадах юм уу. Өнгөрсөн удаа аль аль нь хууль зөрчиж байна хэмээн бие биедээ бурууг тохоож, эцэст нь буйдантай жагсаалд шилжсэн шүү дээ. АН-ынхан орон нутгийн сонгуулийн дүйвээнээр далимдуулж Г.Батхүү, Д.Зоригт нараар тангараг өргүүлэхээр зүтгэж байгаа юм биш биз?
-Миний хувьд МАН-ын өмнөөс ямар нэгэн тайлбар хийх нь зохисгүй. Гэхдээ тэд орон нутгийн сонгуульд ч ялагдаж, АН ялалт байгууллаа. Тэгэхээр манай намаас ялалт байгуулсан хүмүүс хүлээн зөвшөөрүүлээд, тангаргаа өргөх хэрэгтэй. Сонгуульд шударга өрсөлдөх нь онцгой асуудал. Шударгаар өрсөлдсөн хүмүүс нь тангаргаа өргөх гэж байна.
-Гэхдээ УИХ-ын сонгуульд үнэхээр ялсан юм бол сая орон нутагт ялах байсан биз дээ?
-Сая МАН ялсан мэдээ дуулдсан. АН засаг барьж байгаа учраас бүх газар ялах ёстой гэж ойлгож болохгүй. Өвөрхангайн сонгогчдын итгэл үнэмшил ямар байна. Бид түүнийг л хүндэтгэнэ.
-Ингэхэд гишүүн асан У.Хүрэлсүх та хоёрын асуудал хэрхсэн бэ. Түүнийг гишүүнийхээ эрхээс татгалзахад хэрхэн хүлээж авсан бэ?
-Би тэр хүнийг өргөдөл өгснийг нь зөв, буруу гэж хэлэхгүй. Тухайн хүн асуудлаа шийдэж байгаа байх. У.Хүрэлсүх өөрийн биеэр надаас уучлалт хүссэн. Түүнийг нь хүлээж авсан. Тэгээд ч би Оросын “Унасан хүнийг өшиглөдөггүй” гэдэг зүйр үгээр байр сууриа илэрхийлнэ.