Сонгууль хүчингүй болбол хариуцлагыг хэн хүлээх вэ
“Цаг агаарын хувьд арваад хоногийн өмнө Алтай, Хангай, Ханхөхийн нуруугаар бага зэргийн цас орсон бол сүүлийн хэд хоногт цас эрчимтэй орж нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтлоо. Ялангуяа Ханхөхий, Завханд Хангайн нурууны ар хэсэг, Хөвсгөл, Төв, Архангай, Өвөрхангайн хил залгадаг Элсэн тасархайн орчим, Орхоны сав нутгаар нэлээд зузаан цасан бүрхүүл тогтоод байна. Увсын Хяргас, Наран сумын хойд хэсгээр 30-51 см, хунгар газраа 50-70 см цастай байгаа.
Одоогийн байдлаар Архангайн урд, Өвөрхангайн хойд, Булганы баруун урд талаар цас ихтэй. Эхний цас нийт нутгийг хамарсан ч нягтшил багатай тул ихэнх нутагт айхавтар хүндэрлээ гэж ярих болоогүй. Гэхдээ цас их орно гэдэг амаргүй. Зарим газар 54 см цас орсон нь 46 см хүртэл доош сууж нягтарлаа гэсэн мэдээ ирж байна. Ер нь арваннэгдүгээр cap намраас өвөлд шилждэг улирал. Хүйтний эрч эрс чангарч их цас унасны дараа огцом хүйтэрдэг. Хүйтний зааг дээр салхи шуурга тавина. Бид яг л тэр цагтай золгоод байна.
Эхний арав хоногийн байдлаар нутгийн зүүн болон зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага зэрэг дулаан. Бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэрсэн. Тиймээс энэ сарын сүүлч гэхэд л хүйтний эрч чангарах уу, үгүй юү гэдэг тодорхой болно. Цасан бүрхүүл агаарыг их хүйтрүүлдэг. Одоогийн байгаагаас хүйтрэх талдаа л байх болов уу. Энэ cap дуусахад 15 хоног дутуу байна.
Ус цаг уурын хүрээлэнгийн урьдчилан мэдээнд энэ сарын 14,15,20,21-нд цаг агаар муудах төлөв тэмдэглэгджээ.
Ус цаг уурын хүрээлэнгийн секторын эрхлэгч Ж.Цогт хэвлэлд ингэж ярьжээ.
Өмнө нь намрын налгарт есдүгээр сард явуулдаг байсан орон нутгийн сонгуулийг энэ жилээс өвлийн улиралд хийж байхаар хуульчилсан. Хотын бид ч яах вэ. Бүх нийтээрээ амрах учраас өглөө аажуухан босоод айвуу тайвуухан очоод сонгуульдчихна. Харин хөдөөгийнхөнд л хамгийн хүндрэлтэй тусч байгаа юм. Ялангуяа нийт нутгийн 70 хувьд цасан бүрхүүл тогтож, орсон цас нягтаршиж халтиргаа гулгаа хот хөдөөгийн замд хүндрэл учруулах хэмжээнд хэдийнэ хүрсэн. Хотын хажууханд Төв аймгийн Эрдэнэ сумаас Налайх хүртэл арав гаруйхан км газарт авто зам эгээ л мөсөн гулгуурын талбай шиг болж машинууд явах биш мөлхөж байна билээ. Ийм газар ганц энд ч байгаа хэрэг биш.
Хөдөөгөөс ирсэн жолооч нар бүгд л зам таарууг ярьж, Онцгой байдлын албаныхан ч сэрэмжлүүлэг мэдээлэл хийж байгаа. Тийм болохоор орон нутгийн сонгуульд санал өгөх гэдэг ялангуяа хөдөөгийнхний хувьд чамгүй хүндрэл авчрах нь тодорхой. Өөрөөр хэлбэл, цаг хүндэрч цас зудны түрүүч хаалга тогшоод эхэлсэн энэ өдрүүдэд болох орон нутгийн сонгуульд санал өгнө хэмээн хөхөө өвлийн хүйтэнд төв орохоор морио эмээллэх зоригтон ч гэх үү сонгогч хэр олон гарах бол гэсэн эргэлзээ тэнгэрийн ааш муудах тухай мэдээтэй хамт нисч байна. Үүнээс үүдээд энэ сонгуулийн ирц хүрэх л байгаадаа гэсэн давхар эргэлзээг төрүүлж улмаар хэрэв ирц хүрэхгүй, энэ сонгууль хүчингүй болох тохиолдолд хариуцлагыг нь хэн хүлээх ёстой вэ гэсэн асуулт гарч таарна.
Цаг агаар муудах төлөвтэй хэмээн онцолсон 21-ний өдөр нь монголчууд орон нутгийн сонгуульд саналаа өгөх ёстой.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд долоон нам буюу МАН, АН, ИЗНН, МАХН, МҮАН, Эх-орон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, түүнээс гадна МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, МАХН-ИЗНН-ын “Иргэний шударга ёс” эвсэл оролцохоор батламжаа аваад байгаа. Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод 19400-гаад нэр дэвшигч бүртгүүлсний 893 нь бие даагч. Энэ хүмүүс аймгийн ШХ-ын 745, дүүргийн 295, сумын хурлын 7068 суудлын төлөө өрсөлдөх бөгөөд нийт суудлын 5241 нь мажоритар хэлбэрээр сонгогдож, үлдэх 2779-ийг хувь тэнцүүлэх хэлбэрээр хуульд заасны дагуу хуваарилж төлөөлөгчдийг сонгох учиртай. Хуульд сонгогч саналаа урьдчилан өгөх заалт байхгүй. Харин санал авахын өмнөх өдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах бөгөөд зөвхөн эрүүл мэндийн улмаас саналаа очиж өгч чадахгүй сонгогч, мөн нийтийн дайчилгаанд хамрагдсан сонгогч, баривчлагдсан, саатуулагдсан, цагдан хоригдсон сонгогчоос л ийм маягаар саналыг нь авна.
Түүнээс бусад нь сонгуулийн байранд очиж саналаа өгөх ёстой. Гэтэл яг энэ өдөр нь тэнгэр авхайн ааш муудаж, салхи шуургатай байна, мал ахуй, орон гэр үр хүүхдээ хаяж бүү яваарай гээд онцгойгийнхон анхааруулаад байдаг, яадаг юм билээ хэмээн сонгогчид санааширч сууна. 9.2 тэрбум төгрөг зарлагадах сонгууль энэ шалтгаанаас ирц хүрэхгүй будилвал хариуцлагыг нь ааш муутай тэнгэр авхайд үүрүүлэх үү, автомат тооллогын машин Америкаас авчрах нэрээр хугацааг нь хойшлуулсан парламенттай тооцох уу.