С.Эрдэнэ: Энэ бол сонгуулийн шоу
2012.11.13

С.Эрдэнэ: Энэ бол сонгуулийн шоу

УИХ-ын гишүүн, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ өөрт нь хамаатай асуудлаар дараахь тайлбарыг өглөө.

-Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд таньтай хамааралтай 12 хүн нэр дэвшиж байгаа гэж өнөөдөр /өчигдөр/ МАН-ынхан мэдээллээ. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Би ардчиллын төлөө 20 гаруй жил зүтгэсэн хүн. Хүний сонгох, сонгогдох эрх бол ардчиллын үндсэн суурь зарчмуудын нэг.

Хүн бүр хэнээс ч хараат бусаар сонгох, сонгогдох эрхээ эдлэх ёстой шүү дээ.

Хэн нэгэн хүний хамаатан учраас л сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарлана гэдэг бол ардчилалд бүдүүлгээр халдаж буй хэрэг.

20 гаруй жилийн турш ардчиллын төлөө, хүний язгуур эрхийн төлөө зүтгэчихээд эцсийн дүндээ өнөөдөр би яагаад гэр бүлийнхнийхээ эрхэнд халдах ёстой юм бэ. Болохгүй шүү дээ.

-Таны гэр бүлийнхнээс гадна ах дүү, хамаатан садан нэр дэвшиж байгаа нь эсрэг намынхны эгдүүцлийг төрүүлээд байгаа юм биш үү. Тэд Баянгол дүүрэг С.Эрдэнийн гэр бүлийнх болох нь, нэг гэр бүлээс хамааралтай дүүрэг болох нь гэж ярьж байна л даа?

-Баянгол дүүргийн ИТХ-д хүмүүсийн яриад байгаа шиг миний олон ах дүү, хамаатан садан нэр дэвшсэн юм байхгүй ээ.

Надтай хамааралтай гурван хүн бий. Гэвч би тэднийг надаас хамааралгүйгээр нэр дэвших бүрэн эрхтэй гэж үзэж байгаа.

Миний туслах, жолооч, бие хамгаалагчийг Баянгол дүүргийн ИТХ-д нэр дэвшиж байна гэх мэтээр зарим хүнийг надад хамаатуулах гэж хичээсэн л байна билээ.

Гэвч нэр дэвшиж байгаа хүмүүсийн дунд миний туслах, бие хамгаалагч, жолооч аль нь ч байхгүй.

Тэгээд ч дүүргийн ИТХ гэдэг бол цалин мөнгө авдаг, эрх ямба эдэлдэг албан тушаал биш. Харин хариуцлага үүрч буй сонгуульт ажил, тэдэнд албан тушаалын ямар ч зэрэг дэв байхгүй.

Миний гэр бүлийн хүмүүст албан тушаал горьдох ямар ч шаардлага байхгүй. Тэд дор бүрнээ эрхэлсэн ажилтай хүмүүс.

Нийгмийн сайн сайхны төлөө ажиллая л гэж яваа. Баянгол дүүргийн иргэний хувьд иргэдийн төлөөлөл болж ажиллах гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр нэр дэвшсэн.

Би Баянгол дүүргийн АН-ын дарга нь. Тэгвэл манай дүүргийн намын гишүүн бүр надтай хамааралтай шүү дээ. Энэ бол сонгуулийн шоу. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.