Төрийн банкинд 250 гаруй хүнд орон сууцны зээл олгох мөнгө байна
Зургаан хувийн орон сууцны зээлд хамрагдахаар Төрийн банкинд материалаа хүргүүлсэн иргэд хэвлэлийнхэнд хандсан. Тэд "Жоннатан" компанитай орон сууц худалдан авах гэрээ байгуулсан юм байна. Тус компанитай гэрээ байгуулсан 80 орчим хүний зээл батлагджээ. Харин материал нь банкинд шилжиж эдийн засагч дээр очсон 80 орчим хүний зээл гарах эсэх нь тодорхойгүй байгаа бололтой. Хэвлэлийнхэнд хандсан хүмүүсийн нэг нь Г.Батцэнгэл. Төрийн банкинд долдугаар сард материалаа өгчээ. "Жоннатан" компанийн барьж буй "Саруул тэнгэр-2" хотхонд 44 метр квадратын хоёр өрөө байр захиалж 12 сая төгрөгийн урьдчилгаа төлсөн байна.
Тэрээр "Төрийн банк "Жоннатан"-аас байр захиалсан хүн бүрд материалаа буцааж ав гэсэн шаардлага тавьж байгаа. Өмнө нь "Жоннатан"-аас олон хүнд зээл олгосон, одоо бусдад нь зээл олгомоор байна гэсэн тайлбар хэлсэн. Гэтэл энэ компанид 345 айл оруулах квотыг 100 мянган айл орон сууцны хөтөлбөрөөс өгсөн. Захиалсан байр маань 98 хувийн гүйцэтгэлтэй, 12 дугаар сараас айлуудаа оруулах гэж байна. Хэрвээ бидний зээл энэ хугацаанд шийдэгдэхгүй бол гэрээ цуцлагдах тийшээ хандах юм шиг байна. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн санхүүжилт яасныг мэдэх боломж жирийн иргэдэд алга" гэж ярьж байлаа.
Төрийн банкны зүгээс санхүүжилт зогссон учир иргэдийг материалаа эргүүлэн авахыг хүссэн аж. Тэд энэ сард багтаан зээлийн санхүүжилтийг шийдүүлэхийг УИХ, Засгийн газраас хүсэв.
Тэд хотын даргад хүсэлт хүргүүлжээ. Одоогоор хариу ирүүлээгүй байгаа гэнэ. Төрийн банкны удирдлагад ч ханджээ. Төрийн банкны хувьд санхүүжилт ороод ирвэл шийдэж болно гэсэн хариу хэлсэн бололтой. Хэвлэлийн хурал зарласан иргэд "Зуун мянган айлын орон сууц хөтөлбөрт санхүүжилт орж ирвэл энэ хүмүүст зээлийг нь өгнө гэсэн шийдвэрийг Төрийн банк юм уу эрх бүхий газраас нь гаргаад өгвөл гэрээ байгуулсан компанитайгаа тохироод байр сууцандаа ороод явах боломжтой" гэж ярьж байв.
Төрийн банкны Бизнес хөгжлийн хэлтсийн захирал А.Ганбаатараас энэ талаар тодруулахад "Манай банкны 109 дүгээр салбар барилгын 19 компанитай хамтран ажиллах гэрээтэй. Тэдний нэг нь "Жоннатан". Энэ компанитай орон сууц худалдан авах гэрээ байгуулсан 80 хүн манайхаас зээл авсан. "Жоннатан" манайтай дөрвөн тэрбум төгрөгийн батлан даалтын гэрээ байгуулсан юм.
Одоогоор 3.6 тэрбум төгрөгийн зээл буюу батлан даалтын хэмжээний 80 хувийг нь олгоод байна. Үлдсэн 400-гаад сая төгрөгийн зээлийг нь олгоно. Батлан даалтын хэмжээ болсон учраас зарим иргэдийн хувьд ийм асуудал гарч байгаа. "Жоннатан"-тай гэрээ байгуулсан олон хүний зээл гарсан учраас дахиж олгохгүй гэсэн шаардлага тавиагүй" гэж ярилаа.
Банкны зүгээс байр нь ашиглалтад ороогүй хүмүүсээс өөр байр барьцаал гэсэн шаардлагыг тавьж буй. "Жоннатан" компанийн хувьд гэрээ хийсэн иргэдийнхээ өмнөөс батлан даалтын гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл эдний компанитай гэрээ байгуулсан иргэд барьцааны өөр байр хайх шаардлагагүй гэсэн үг. Батлан даалтынх нь хэмжээ дууссан учраас "Жоннатан"-тай орон сууц худалдан авах гэрээ байгуулсан хүмүүсийн зээлийн асуудал шийдэгдэх боломжгүй болчихоод байгаа аж.
Төрийн банкинд өнгөрсөн долоо хоногт "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн 10 тэрбум төгрөгийн санхүүжилт орж иржээ.
Үүнээс өмнө тус банк 40 тэрбум төгрөгийн зээл олгоод байсан юм. Засгийн газар "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхдээ эхний ээлжинд 50 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ гэж байв. Энэ мөнгөний сүүлч нь болох 10 тэрбум төгрөгийг олгож эхлээд байгаа аж. Нийтдээ 250 гаруй хүнд зээл өгөх мөнгө л бэлэн байгаа бололтой. Энэ мөнгийг зээлийн шаардлага хангасан хүмүүст ондоо багтан олгоно гэсэн тайлбарыг тус банкнаас өгч байна.
Засгийн газрын түвшинд одоогоор нэмэлт санхүүжилтийн асуудал яригдаагүй байна. Засгийн газар "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг цаашид яаж хэрэгжүүлэх тал дээр ажлын хэсэг гаргажээ. Ажлын хэсэг хөтөлбөрийг энэ хэвээр нь үргэлжлүүлэх үү, хэлбэрийг нь өөрчлөх үү гэдгээ ярилцаж байгаад шийдэх бололтой.