С.Зоригийн хэргийн талаар мэдээлэл сонсоно
Ардчиллын алтан хараацай С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн учиг зангилаа тайлагдалгүй өнөөг хүрсэн. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг хөл хөөртэй тэмдэглэхээр бэлтгэж байгаа энэ тэрхүү аймшигт аллагын эздийг олж тогтоох ажил ямар шатанд байгаа талаар УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаан дээр мэдээлэл сонсож магадгүй байна. С.Зоригийн амь насыг хөнөөсөн аравдугаар сарын 2-нд ард түмэн, журмын нөхөд нь түүнийг эргэн дурсаж, хөшөөнд нь хүндэтгэл үзүүлдэг.
Энэ оны аравдугаар сарын 2-нд УИХ-ын гишүүн П.Алтангэрэл С.Зоригийн хэргийг шалгах ажлын хэсэг хэрхэн ажиллаж байгаа болон өмнөх Засгийн газрууд энэ хэргийг илрүүлэх талаар ямар алхам хийсэн, өнөөгийн Засгийн газар хэрхэн анхаарч байгаа, мөн Олон улсын парламентын холбооноос энэ хэргийг шалгах явцтай танилцах экспертүүд ирүүлэх асуудал ямар шатанд байгааг тодруулахаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ.
Уг асуулгын хариуг эрхэм гишүүнд саяхан ирүүлжээ.
П.Алтангэрэл гишүүн уг асуудлаар УИХ-ын холбогдох байнгын хорооны хуралдаан дээр дэлгэрэнгүй мэдээлэл сонсох санал гаргаад байгаа гэнэ. Ардчиллын 20 жилийн хамгийн том алдаа, золиос, эмгэнэл болсон энэ хэргийг илрүүлэх явцтай парламентын гишүүд ойрын үед танилцах бололтой.