Хорт хавдарт нэрвэгдсэн ТОСГОН
Элба мөрний хойт эрэг хавийн хавтгайд орших 14 жижиг тосгон нэгдэж нэгэн жижиг дүүрэг үүсгэснийг Вилстермарч гэдэг. Тус дүүргийн дарга Картсенсийн үзүүлсэн газрын зураг дээр тосгодыг саарал эсвэл улаан хүрэн өнгөөр ялгажээ. Учрыг лавлавал саарал өнгөтэй нь хэвийн гэсэн тэмдэглэгээ бөгөөд харин улаан өнгө нь аюултайг зааж буй аж. Вилстермарч дүүргийн зүүн хэсэгт байрлах улбар шар толбо бол Вивилсфлет тосгон юм. Газрын зураг дээр тус бүсийн хорт хавдрын тархалтыг үзүүлжээ. Германы Шлесвиг-Холстен мужийн бусад хот тосгонуудтай харьцуулахад Вивилсфлет тосгоныхон хорт хавдраар өвчлөх магадлал 50 хувь илүү байна. Тухайлбал, 1998 – 2008 онуудад тус тосгоны 142 оршин суугч хорт хавдраар нэмж өвчилжээ. Гэтэл мужийн дундаж үзүүлэлтээр өвчлөлт ердөө 95 байх аж. Мэргэжлийн статистик судлаачид бол ийм өндөр зөрүүг тохиолдлын бус харин ямар нэг ноцтой нөлөөлөлийн үүднээс үүссэн гэж дүгнэдэг.
Үнэний эрэлд
1,500 хүнтэй Вивилсфлет тосгон хүнсний дэлгүүр, гуулин хөгжмийн хамтлагтай, бас Германы алдарт зохиолч Алфред Доблин амьдарч байснаараа бахархдаг. Сүүлийн 14 жилийн туршид дүүргийн даргын албыг хашиж буй Карстенc 1967 онд тус тосгонд нүүж иржээ. Арван жилийн өмнө түүний эхнэр нь дөнгөж 61-тэйдээ уушигний хорт хавдраар нас нөгчжээ. Вивилсфлет тосгоныхон харьцангyй залуугаараа хорт хавдраар өвчлөх нь элбэг гэдгийг мэддэг байсан Карстенc мужийн засаг захиргаанд хандаж хариулт өгөхийг хүсчээ. Тэрбээр “Миний эхнэр нь ямар учраас ингэж эрт нас нөгчив?” гэдэг асуултыг тавьж байсан юм. Учрыг нь тодорхой мэдвэл дотны хайрт хүнээ алдсан уй гашуутайгаа эвлэрч тайтгарахад нь тустай гэж тэр үзжээ.
Вивилсфлет тосгоны ойролцоо гурван ч атомын цахилгаан станц (АЦС) байрладаг. Хамгийн ойрхон нь буюу тосгоноос 2.5 км зайд орших Брокдорфийн АЦС нь тосгоны яг салхин дээр нь байдаг. Брунсбютеллийн АЦС голын дагуу байрладаг. Гуравдахь АЦС нь голын нөгөө эрэг дээрх Штаде хотод байдаг. Ойр орчинд нь гурвын гурван АЦС байдаг гэхээр бүх зүйл тодорхой гэж уншигч та бодож магад. Харамсалтай нь бодит амьдрал дээр үүнийг нотлох нь тийм ч хялбар биш аж.
Любек хотын их сургуулийн судлаачид Вивисфлетэд ирж, оршин суугчдын амь насанд заналхийлж буй үл мэдэгдэх аюулыг судалсан. Тэд тосгоныхны нас, хүйс гээд холбогдох олон хүчин зүйлсийг судалж үзсэн. Вивилсфлет тосгонд улаан хоолой, ходоод, уушигны хорт хавдарын өвчлөлт өндөр байгаа шалтгааныг илрүүлэхийн тулд Брокдорфын АЦС-тай ойролцоо байрласан байдал, дээр үед хортой будаг ашиглаж байсан Вивилсфлет тосгоны усан онгоцны засварын газар, асбест болон хөдөө аж ахуйд пестицид ашиглаж буй байдал, хүн амын тамхидалт гээд олон асуудлыг авч үзсэн ч судлаачид тодорхой хариулт өгч чадсангүй.
“Яагаад заавал бид гэж?”
Энэ хооронд Карстенc болон тосгоны оршин суугчдийн хувьд амьдрал үргэлжилсээр. Хэдийгээр АЦС хорт хавдар үүсгэх шалтгаaн болсон гэдэг бүрэн баталгаа алга гэх авч хорт хавдар үүсгээгүй гэсэн нотолгоо ч бас алга шүү дээ гэж тэд бодлогoширно. Фукушимагийн гамшгийн дараа Германы засгийн газраас цөмийн эрчим хүч аюулгүй ашиглах баталгаа гаргаж өгөх боломжгүйн улмаас үе шаттайгаар цөмийн станцуудаа хаасаар 2022 он гэхэд АЦС бүгдийг нь халах шийдвэр гаргасан. Түүнээс хойш Брунсбютелль болон Штаде орчмын АЦС-ууд хаагджээ. Харин хүмүүс эхлээд Брокдорфын АЦС-ын хаах нь дээр байсан гэцгээх аж.
Карстенc өөрийн амьдардаг гудамжны айл бүр дэх хорт хавдраар энэлэн шаналж буй хүмүүс болон нас нөгчигсдыг бүгдийг нь цээжээр мэддэг. Хорт хавдар туссан хүмүүс хамгийн түрүүнд “Яагаад заавал би гэж?” гэдэг асуултыг өөрөө өөртөө тавьдаг бол Вивилсфлет тосгоныхны хувьд “Яагаад заавал бид гэж?” гэж асууж байна. Тэд хорт хавдар туссанаа санамсаргүй байдлаар учирсан азгүй тохиолдол гэж бодохоо больж, харин хараал, ад зэтгэрийн хорлол хүрсэн мэт санах болжээ. Мэдээж хэрэг Вивилсфлет тосгоныхон орон гэрээсээ дүрвэн зайлах эсвэл амьдралын хэв маягаа өөрчлөх аргаар хувь тавилангаа засч залруулахаар оролдож болно. Гэвч тэгэхийн тулд нэн түрүүнд чухам юугаа өөрчлөх вэ гэдгээ мэдэх шаардлагатай.
Арга тасарсан нь
Хэдхэн хоногийн өмнө дүүргийн дарга Карстенc тосгоны бусад оршин суугчдын хамтаар мужийн нийслэл Киел орж шаардах бичиг барьж, мужийн эрүүл мэндийн сайдтай уулзжээ. Харамсалтай нь эрх баригчид тэдэнд тоймтой хариу хэлж чадсангүй, үнэндээ тэдэнд мэдэх зүйл огт байсангүй. Вивилсфлет тосгоныхон зөвхөн тэдний тосгоны хүн амыг судалсан тусгай судалгаа явуулж өгөхийг хүссэн ч хорт хавдраар өвчилсөн 142 хүн гэдэг түүвэр судалгаа хийхэд дэндүү цөөн байна гэсэн хариу сонсчээ.
Хорт хавдраар ханиа алдсан ч Карстенc Вивилсфлет тосгондоо үлдсэн. Энд өсч өндийсөн хүмүүсийн хувьд төрж өссөн нутгаа хаяад нүүхэд бас л хэцүү. Хэдэн жилийн өмнөөс Карстенс нэг эмэгтэйтэй амьдрал зохиожээ. Харамсалтай нь 2009 оны 12 сард тэр эмэгтэй хорт хавдраар өвчилсөн нь оношлогджээ. Түүний өвчин сүүлчийн шатандаа орсон байсан тул тэр гэртээ эргэж ирээгүй юм.