2012.09.18

Э.Батшугар: Бусдаар дүгнүүлж, хүлээж зөвшөөрүүлж байж хариуцлагатай албанд томилогдох нь чухал

Түүний ярилцлагыг хүргэе.

  • Тэрээр АНУ-ын Массачусетс мужийн Бентли их сургуулийг төгсчээ.
  • Их сургууль төгссөнийхөө дараа гадаадын банкинд ажиллаж байв.
  • Швейцарь-Монголын худалдааны танхим хэмээх байгууллагыг 2010 оны 9 сарын 23-нд Швейцарийн Луганод байгуулж ерөнхийлөгчөөр нь Э.Батшугар, дэд ерөнхийлөгчөөр нь Лука Морретти хэмээх швейцарийн иргэн, нарийн бичгийн даргаар нь Английн харьяат Жанандриа Жиожетти нар томилогджээ.
  • Тэрээр Э.Бямбадулам, Э.Дашнамжил, Э.Ринченлхам гэдэг 3 дүүтэй.
  • Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд (Хөгжим бүжгийн коллеж, БНХАУ-ын ЭСЯ орчим) байрладаг гэж бүртгүүлсэн “Ремиф” компанийн захирлаар ажилладаг.
  • Э.Батшугар 2010 оны зун эх орондоо бүр мөсөн иржээ.
  • Аавыгаа баригдснаас хойш ил гарч, 2012 оны тавдугаар сард улс төрд орж, одоо МАХН-ын нарийн даргын албыг хашиж байна.
-Та гадаадын банкинд ажиллаж байгаад хэзээ Монголд ирсэн бэ?

-2010 онд Монголд ирсэн. Дунд сургуулиа  төгсөөд АНУ-руу суралцахаар 2000 онд явсан. Тэнд суралцаж, ажиллаж байгаад 2010 онд эх орондоо ирж,  бизнесийн салбарт хүч сорьё гэж бодсон хэрэг. Тэгээд ч эх орноо, гэр бүлээ их санасан байсан.

-Тэр үед аав тань Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан байсан. Нутагтаа ирээд юу хийж эхлэв?

-Хувийн компани байгуулж бизнес хийх гэж оролдсон. Тэгсэн чинь намайг хилс хэрэгт холбогдуулж, Н.Энхбаярын хүүхэд гээд шалгаад, цагдаа, эрүүгийн мөрдөн байцаах хэлтэсийнхэн байцаагаад эхэлсэн юм. Тэгээд миний бизнес эрхлэх боломж хаагдаж эхэлсэн.

-Ямар хэргээр таныг шалгаад байсан юм бол оо?

-Ремиф гэдэг компани байгуулсан юм. Өргөө зочид буудлын хувьчлалтай холбоод  эхэлсэн. Уг нь энэ компанийг би өөрийнхөө нэр дээр байгуулсан. Өргөө зочид буудлыг Ремиф компанид хувьчилсан гэж үзэж байгаа юм билээ. Шүүх хурал дээрээс та бүхэн ажигласан байх.  Ремиф компани хувьчилж аваагүй. Өөр хүний байгуулсан  Хар дун компанид хувьчилсан байдаг. Энэ компанийн захирал, хувь нийлүүлэгч нь надтай ямарч холбоогүй. Яагаад надтай холбож шалгаад байсан нь сонирхолтой байгаа биз дээ.

-Одоогоос хоёр жилийн өмнө байх аа. Таныг Монголоос хилээр гаргахгүй, гарвал дахиж оруулахгүй гэсэн цагдаагийн мэдэгдэл гарч, Нисэх онгоцны буудал дээр саатуулсан гэж байсан. Энэ үнэн үү?

-Анх сайтуудад  Э.Батшугарыг хилээр гаргахыг хориглох шийдвэр гарчээ гэсэн мэдээлэл гарахад  худлаа гээд итгэхгүй байсан. Яагаад ингэж сенсаци дэгдээдэг байна аа л гэж бодоод өнгөрсөн. Гэтэл нэг удаа хилээр гарах гэхэд хорьсон, байцаасан, сэжигтэн болгосон.

-Та гадаадад өндөр боловсрол эзэмшээд, гадаадын нэр хүндтэй банкинд ажиллаж байгаад Монголдоо ирээд бизнес эрхлэх гэхэд ингээд хавчаад, мөрдөөд эхлэхээр ямар санагдаж байсан бэ?

-Шударга бус санагдсан. Би Н.Энхбаярын хүүхэд болж төрсөн нь буруу биш биз дээ. Монгол Улсын нэг иргэн. Аавтай, ээжтэй хүн. Би ч гэсэн өөрийгөө тодорхой хэмжээгээр хэлмэгдэлд өртсөн гэж боддог шүү.

-Танай аав Монгол төрийн бүхий л том албан тушаалыг хашиж байсан. Тэр үед хүмүүс  их долигнодог байсныг сэтгүүлчийн хувьд мэднэ. Танд ч гэсэн мэдэгддэг байсан байх?

-Тэр үед би Энхбаярын Батшугар гэж олонд зарлаад явдаггүй байсан. Намайг Энхбаярын хүүхэд гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Ойр дотны  хүмүүс л мэднэ. Би Энхбаярын хүүхэд гэдгээ  мэдэгдүүлэхийг хүсдэггүй байлаа. Тийм болохоор аавыг өндөр алба хашиж байхад намайг Энхбаярын хүүхэд гээд долигнодог, зусарддаг зүйл ажиглагддаггүй байсан.  Та намайг 2012 оны 4 сараас өмнө харж байгаагүй байх. Миний тухай мэдэх ч үгүй байсан биз.  Тэр үед аавынхаа ажилд ч оролцдоггүй, бизнесээ эрхлээд явъя, улс төрөөс ч хол байна гэж боддог байсан. Тэгээд ч би арваад жил гадаадад  сурч ажиллаж байсан болохоор тэр уур амьсгалыг сайн мэдрээгүй байх.
Намайг хүүхэд байхад аав дандаа ажил ихтэй гээд өглөө гараад шөнө орж ирнэ. Тэр үед нь бид унтсан байдаг байлаа. Тиймээс аавтай уулзаагүй гурав, дөрөв хонох нь энүүхэнд. Аав маань улс орноо хөгжүүлэхийн төлөө нойр хоолоо хугаслан, гэр бүлээ хойш тавиад Монголын төрд зүтгэсэн хүн.

-Та аавтайгаа хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Бие нь ямархуу байна?

-Биеийн байдал сайнгүй байгаа. Олон хоног өлсгөлөсөн зарласнаас болоод  бие нь их дордсон. Буцаж хэвийн байдалдаа ороогүй байхад хорьсон учраас одоо болтол бор хоолонд ороогүй байгаа. Одоо  л зутан шөлийг өдөрт нэг удаа иднэ. Мах идэж чадахгүй. Хэрэв мах, будаа зэргийг идвэл өдөржингөө  ходоод нь өвдөөд хэцүү байгаа юм билээ.
Аавын баруун гар, хөл нь мэдээ алдсан  байгаа. Юунаас болж мэдээ алдсан онош нь тодрохгүй байна.
Манай аав уг нь ууланд авирдаг, алхдаг, биеийн тамираар байнга хичээллэдэг спортлог хүн. Гэтэл өлсгөлөн зарласнаас хойш бие их муудсан.

-Таныг би улстөрд хутгалдах болсонд  харамсдаг. Аав шиг чинь ирээдүй хүлээж байвал яах уу?

-Би залуу хүн. Улс төрийг сайн мэдэхгүй байх. Гэхдээ нэг л зорилго тавьсан. Монголд ардчиллыг хөгжүүлье, дахиад аав шиг минь  хүмүүс хэлмэгдүүлэхээ болиулъя, шударга ёс тогтоое гэсэн чин хүсэл намайг улс төрд хөтөлсөн. Одоо би буцахгүй ээ.

-Өмнө та улс төрд орох  хүсэлгүй байсан гэлээ. Хүмүүс таныг өс авах зорилгоор улс төрд ороод ирэв үү гэж харж байна?

-Би өс санана гэж юу байхав дээ. Шударга ёс, ардчиллын төлөө зүтгэнэ.

-Тийм хүмүүс л миний аавыг шоронд хийлээ гэж гомдлохгүй байна гэж үү?

-Хэн нэгнийг буруутгах гэхээсээ илүү систем нь өнөөдөр ажиллахаа больж, олон алдаа гаргаж байгааг харж байна. Ардчилсан оронд хуулийг ягштал баримталдаг байх учиртай.

-Таны ээжийн бие ямархуу байгаа вэ. Ажил хийдэг үү?

-Гэртээ байгаа. Манай ээж  их тэвчээр,  хатуужилтэй хүн шүү дээ. Бие нь гайгүй байгаа.

-Таныг дэд сайдад нэр дэвшүүлэхэд нэрээ татсан гэж сонссон. Яагаад тэгсэн юм бэ?

-Миний нэрийг дэвшүүлээгүй. Манай намд ардчилсан схем сайн ажилладаг. МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаад ийм хүмүүс нэр дэвшүүллээ, хэнийг дэмжих вэ гээд санал хурааж шийддэг. Олонхийн дэмжлэг авсан нь тухайн албан тушаалд очно шүү дээ. Би өөрийнхөө нэрийг ч дэвшүүлээгүй, намайг хэн нэгэн ч дэвшүүлээгүй ээ. Аль хүн энэ ажлыг сайн хийж чадах вэ гэж дүгнээд шийдвэрээ гаргадаг.

-Дэд сайд болох хүсэл төрөөгүй юу?

-Дэд сайд болох нь чухал асуудал биш. Надад намаас итгэл үзүүлбэл л тэр ажилд очихоос би өөрөө дурлаж гүйгээд байх нь дэмий л гэж боддог. Би өөрийгөө дүгнэх биш бусдаар дүгнүүлж, хүлээж зөвшөөрүүлж байж хариуцлагатай албанд томилогдох нь чухал.

-Таныг Монголбанкны дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэсэн мэдээлэл яваад байна. Энэ үнэн үү?

-Албан ёсоор нэрээ дэвшүүлээгүй ээ.

-Тэгэхээр нэр дэвшүүлж магадгүй гэсэн үг үү?

-Энэ асуудлыг тухайн үед нь шийдэх байх. Намын нөхөд л мэднэ.

-Та найз бүсгүйтэй юу?

-Тиймээ. Бид хоёр цуг амьдардаг.

-Таны найз бүсгүйг өндөр боловсролтой гэх юм билээ. Хаана сургууль төгссөн бэ?

-Боловсрол өндөртэй бүсгүй байгаа. АНУ-д дээд сургуулиа төгсөөд, Голдман сакс банкинд ажиллаж байгаад Пенселваны их сургуульд MBA хамгаалсан. Үүнийгээ төгсөөд буцаад Голдман сакс банкинд ажиллаж байгаад дараа нь Гонконг руу шилжиж Монголыг хариуцсан захирлын алба хашиж байсан.

-Одоо Монголд ямар ажил хийдэг вэ?

-Хувиараа бизнес эрхэлдэг.

-Сентрал Таурт брендийн дэлгүүр нээсэн гэж үнэн үү?

-Тиймээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.