Жижиг арлуудын том асуудал хурцдав
Саяхан Владивосток хотноо болж өнгөрсөн "АРЕС"-ийн уулзалтын үеэр Хятадын удирдагч Ху Жинтао Японы Ерөнхий сайд Ёшихико Нодатай уулзахдаа маргаантай арлуудыг өөрийн болгох ямар нэгэн алхам хийх нь хууль бус, хүчингүйд тооцогдох болно хэмээж байсан. Тэгвэл Японы Засгийн газар өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын гурвыг нь өчигдөр албан ёсоор төрийн эзэмшилд авсан талаар "BBC" мэдээллээ. Тус улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Осамү Фүжимүрагийн сэтгүүлчдэд мэдээлснээр арлуудыг бизнесмэн Күниоки Күрихарагаас худалдаж авахад энэ оны улсын төсвийн нөөцийн сангаас хоёр тэрбум иен зарцуулахаар болсон байна. Тэрээр мэдээлэл хийх үеэрээ өөрийн газар нутгийн нэг хэсгийг хувийн эзэмшлээс төрд шилжүүлж байгаа өөр аль нэг улсад асуудал үүсгэхгүй хэмээн найдаж буйгаа дахин илэрхийлжээ.
Гэвч талаар мэдээлэл хийснээс төд удалгүй Хятадын тал эргүүлийн хоёр усан онгоцыг маргаантай арлууд руу илгээсэн талаар "Синьхуа" мэдээлсэн юм. Энэ нь газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг сахин хамгаална гэсэн Хятадын Засгийн газрын хатуу, хөдөлшгүй байр суурийн илэрхийлэл болж байна гэж эх сурвалжид тайл-барлажээ. Хятадын Гадаад хэргийн яамнаас хийсэн мэдэгдэлд "Хятадын Засгийн газар газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой асуудлыг зүгээр хараад суухгүй. Японы тал хууль бус үйлдлээсээ гарах бүх ноцтой үр дагаврыг бодож үзэж, сайтар тунгаах хэрэгтэй" гэсэн байна.
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао мөн энэ байр суурийг бататгажээ. Тэрээр "Дайяою (японоор Сенкакү) арал бол Хятадын газар нутгийн салгашгүй нэгэн хэсэг. Тиймээс манай Засгийн газар болон ард түмэн улсынхаа бүрэн эрхэт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой энэ асуудлыг хүлээн зөвшөөрч, буулт хийхгүй" гэсэн байна. Хятадын эргүүлийн онгоцууд арлын эрэгт хүрсэн талаар "Синьхуа" мөн мэдээлжээ. Тэд газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хамгаалах үйл ажиллагааны урьдчилсан төлөвлөгөө гарсан бөгөөд нөхцөл байдал цаашид хэрхэн өөрчлөгдөхтэй холбогдуулан хариу үйлдэл үзүүлэх үүрэг хүлээжээ. Үүнээс гадна Бээжин дэх Японы Элчин сайдын яамны гадна цөөн тооны иргэд цугларч эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тухайн арлыг өөрийнх хэмээн маргадаг Тайванийн тал нь албан ёсоор хариу үйлдэл үзүүлэхээ мэдэгдэж, Японы Засгийн газрыг туйлын нөхөрсөг бус алхам хийлээ хэмээн буруутгажээ.
Маргаантай арлууд Японы Окинавагийн өмнөд, Тайванийн хойд талд оршдог бөгөөд усан замын гол түшиц газар, дээр нь байгалийн хийн асар их нөөцтэй гэдгээрээ чухалд тооцогддог байна.