2008 оны хямрал давтагдаж болзошгүй 21 шинж тэмдэг
2012.06.12

2008 оны хямрал давтагдаж болзошгүй 21 шинж тэмдэг

2008 оны зун дэлхийн зах зээлд болсон үйл явдал энэ зун давтагдаж тун болзошгүй байна. Аадрын үүл дэлхийн эдийн засгийг чиглэн айсуй. Эдийн засгийн өсөлт болон зээлжилт удааширч, дэлхийн санхүүгийн тогтолцоонд хямралын аюул нүүрлээд байгаа талаар шинжээчид анхааруулсаар байна.Өнөөгийн дэлхийн санхүүгийн тогтолцоо нь эрсдэл, өр болоод хөрөнгийн маш тэнцвэртэй пирамид босгож чадсан боловч энэ "байгууламжид" итгэх асар их итгэл, тогтвортой байдал зайлшгүй чухал бөгөөд энэ бүхэн үгүй болмогц уг пирамид хэдийд ч нурж болзошгүй цаасан байшин болж хувирна.


Ингээд шинжээчдийн анхааруулсаар байгаа "2008 оны санхүүгийн хямрал давтагдаж болзошгүй шинж тэмдгүүдийг" дор дурдья.
1. Санхүүгийн томоохон хямрал болзошгүй гэж болгоомжилсон санхүүгийн байгууллагууд ажилтнуудынхаа амралтыг хойшлуулсан гэх яриа тархжээ. Тухайлбал, "Minyaville" компанийн тэргүүн Тодд Хэриссон, "Blackbay Group"-ийн өндөр албан тушаалын менежер Тодд Шонбергер нар дорх захидлыг "Twitter" сүлжээгээр солилцжээ.Тодд Хэррисон"Minyaville" компанийн тэргүүн"PIMCO компани "Lehman"-д болсон шиг үйл явдал давтагдах вий гэж болгоомжлон ажилчдынхаа амралтыг хойшлуулсан гэж дууллаа"Тодд Шонбергер"Blackbay Group"-ийн топ-менежер"Энэ тухай "JPM"-ийн ажилтнууд ярьж байсныг би бас сонссон" гэж бичжээ.
2. "The Bank for International Settlements" компаниас зээлжилтийн түвшин 2008 оны санхүүгийн хямралын түвшинд хүртэл унаж болзошгүйг анхааруулсан байна.
3. Еврогийн бүс дэх ажилгүйдэл европын түүхэн дэх хамгийн өндөр түвшинд хүрээд байна.
4. Португалын Засгийн газар улсынхаа томоохон гурван банкийг аврах төлөвлөгөө боловсруулснаа зарлав.
5. Америкийн компаниудын хувьцааных нь ханш эрс унах болсон байна. Тухайлбал, "Morgan Stanley" компанийн хувьцаа сүүлийн дөрвөн сарын хугацаанд 40 хувиар унажээ.
6. Испани, Италийн авсан зээлийн өрийн хүү хямралын түвшинд хүрсэн байна.
7. АНУ-ын улсын сан хөмрөгийн хувьцаа хөрөнгө оруулагчдын болгоомжлолын улмаас хамгийн доод түвшинд хүртэл унажээ. "Wells Fargo Economics" байгууллагын эдийн засагч Марк Витнер "хүмүүс маш их болгоомжлох болсны улмаас облигаци 1,46 хувьд хүртэл унасан" гэж "USA Today" сонинд бичсэн байна.
8. АНУ-д сүүлийн дөрвөн сарын хугацаанд үйлдвэрлэлийн шинэ захиалгын хэмжээ гурав дахин буурчээ. Энэ нь эдийн засгийг эрүүлжүүлэх үйл явц илт удааширсны шинж тэмдэг аж.
9. Өнгөрсөн тавдугаар сард АНУ-д ажлын байрны үзүүлэлт урьд нь тооцоолж байснаас хамаагүй доогуур байгаа бол ажилгүйдлийн түвшин 8,2 хувьд хүрчээ.
10. Дэлхийн томоохон хөгжингүй эдийн засгуудын хурдац удааширч байна."Бразилын эдийн засаг энэ оны эхний хагаст "хий эргэж" эхэлсэн бол Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн үзүүлэлт сүүлийн есөн жилийн хугацаанд хамгийн бага байна. Харин тавдугаар сард шинэ захиалга буурч, агуулахын нөөц нэмэгдсэний улмаас Хятадын үйлдвэрлэлийн HSBC индекс эрс унасан" гэж "Daily Telegraph" сонины редактор Амброз Эванс-Притчард бичжээ.
11. Японы хувьцааны ханш 1984 оноос хойшхи хамгийн доод түвшинд хүрэв.
12. Сүүлийн таван жилийн хугацаанд Грек, Испани, Итали, Португал, Ирланд болон Кипр улсын хөрөнгийн биржүүд дээр хувьцааны ханш 50 гаруй хувиар унасан байна.
13. Грекийн эдийн засаг өрийн хямралын улмаас үндсэндээ зогссон бөгөөд улсын мэдлийн "LAGIE" компанийн асар их хэмжээний өр нь эрчим хүч үйлдвэрлэгчид цахилгаан, эрчим хүч дамжуулалтаа зогсоох шалтгаан болж магадгүй байна.
14. Испанийн банкуудын хугацаа хэтэрсэн ипотекийн зээлийн хэмжээ 273 тэрбум долларт хүрчээ.
15. Өнгөрөгч гуравдугаар сард Испанийн банкуудаас 66 тэрбум долларыг гадаадын банкууд руу шилжүүлсэн байна. Гадагш урсах мөнгөний урсгал дээд хэмжээнд хүрсэн тохиолдол Грек, Францад бүртгэгджээ. Дөрөв, тавдугаар сард гадагш урсах хөрөнгийн хэмжээ улам нэмэгдэж магадгүй байна.
16. Испанид ажилгүйдлийн түвшин 24,4 хувьд хүрсэн бол залуучуудын дунд энэ үзүүлэлт 50 хувьтай байна.
17. Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони хэрвээ байдал өөрчлөгдөхгүй бол шийдвэртэй алхам хийхээс аргагүйд хүрч болзошгүй гэж анхааруулсан байна. "Хүмүүс сандралд орж, итгэл найдвараа алдаж байна. Бидний ирээдүй хэзээ ч ийм бүрхэг байгаагүй" гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлсэн нь бодит байдал дээр үнэн байгаа юм. Италийн залуучуудын дунд сүүлийн нэг жилийн хугацаанд ажилгүйдлийн түвшин 27 хувиас 35 хувь хүртэл өссөн байна. Үүний сацуу тус улсад террорист ажиллагаа идэвхжиж эхэлжээ. "Ansaldo Nucleare" АЦС-ын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн тэргүүн анархистуудын халдлагын үеэр шархадсан бол улсын татварын албаны даргад тэсрэх бөмбөг бүхий захидал илгээсний улмаас сохрохоо шахжээ.
18. Санхүүгийн яаралтай тусламж зайлшгүй авах орнуудын тоонд Кипр улс орж магадгүй байна.
19. Швейцарь улс Европ даяар явагдаж байгаа асар их хэмжээний мөнгөний урсгалыг зогсоохын тулд хөрөнгөнд хяналт тавихаас аргагүйд хүрч болзошгүй байна.
20. Энэ зун 2008 оных шиг санхүүгийн хямрал давтагдаж болзошгүйг Дэлхийн банкны тэргүүн асан Роберт Зеллик анхааруулжээ. Тэрбээр "Грекийн үйл явдал Испани, Итали гээд еврогийн бүсийн бүх орнуудыг санхүүгийн хямрал руу түлхэж магадгүй бөгөөд энэ зун 2008 оныхоос ч аюултай хямрал дэгдэж болзошгүй" гэж үзэж байна.
21. Хямралын улмаас Европын Холбоо /ЕХ/ задарч магадгүй гэж Германы дэд ерөнхийлөгч асан Йошка Фишер анхааруулжээ. "Хэрвээ еврогийн ханш унавал ЕХ задрахад хүргэх бөгөөд улмаар үүний улмаас хүн төрөлхтөн урд өмнө нь хэзээ ч тохиож байгаагүй дэлхий нийтийг хямарсан санхүүгийн гүн хямралд нэрвэгдэж болзошгүй" гэж тэрбээр болгоомжлуулжээ.
Нийтлэлч
Д.Жаргал
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.