2012.05.25

Грекээс бус Хятадаас айх хэрэгтэй

“Өнөөдөр даяаршсан эдийн засгийн хамгийн том эрсдэл нь Грек улс биш. Энэ улс дампуурсныг бүгд мэднэ. Харин одоо Хятадаас айх хэрэгтэй” хэмээн “Marc Faber Ltd”-гийн тэргүүн, алдартай хөрөнгө оруулагч, шинжээч Марк Фабер “CNBC”-д ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.


Түүний үзэж буйгаар Грекийг Европын Төвбанк дэмжих магадлалтай гэнэ. Үүнийг батлах мэт пүрэв гарагт Брюссельд чуулсан Европын холбооны саммит Грек улсыг дэмжихээ мэдэгдлээ. Гэхдээ саммитад оролцогч орнууд гол шийдвэрээ дараа гаргахаар болов. Түүнчлэн еврогийн үнэт цааснаас болж, Европын орнууд хоёр хуваагдаж, түнжин хагарах шахсан. Франц, Итали, Испанийн еврогийн үнэт цаас гаргах санаачилгыг Герман эсэргүүцэж байгаа юм.

Марк Фабер “Хэрэв Хятадын эдийн засаг саарвал хөрөнгийн биржийн бараа таваарын үнийг огцом унагана. Улмаар энэ нь Бразил, Ойрхи Дорнод, Төв Ази, Африкийн орнуудад цохилт болж болзошгүй. Хятадын эдийн засаг нь капитал зардлаас их хамааралтай. Гэтэл энэ зардлын хэмжээ хурдан өөрчлөгдөх магадлалтай байгаа” хэмээжээ.

Одоогоор Хятадын эдийн засаг аажмаар удааширч байгаа юм. Энэ оны нэгдүгээр улиралд Хятадын Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 8,1 хувиар өссөн. Гэтэл энэ хэмжээ 2011 оны 12 дугаар сард 8,9 хувь байсан билээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.