Европчууд ядуурч, хүнсний банкинд хандах нь олширчээ
2012.05.24

Европчууд ядуурч, хүнсний банкинд хандах нь олширчээ

“Хэдэн сарын өмнө эдийн засагч Жорж Соросын зөгнөж байсанчлан евро бүс улам доройтсоор байна. Иймээс Грекийн хямрал яаж ч төгссөн та бидний мэддэг Европ тивийн мөхөл иржээ. Валютын холбооны загвар буруу байсан. Европын холбооны орнууд нэгдмэл валюттай хэрнээ тус тусдаа санхүүгийн бодлого явуулж байгаа. Ирээдүйд энэ холбоо задрах магадлалтай” хэмээн олон улсын тоймч Войцех Рогачин “Polsk” сэтгүүлд бичжээ.


Ирланд, Португали, Грек, Итали, Испани, Франц, Словени, Словакийн лидерүүд сүүлийн 15 сард суудлаа орхилоо. Улстөрийн энэ өөрчлөлт нь Засгийн газрууд төсвийн хомсдолыг 450 тэрбум еврогоор бууруулах арга хэмжээ авч байгаатай холбоотой. Тэр бүү хэл унашгүй гэгддэг Голланд ч хямралд өртжээ. Голландын Ерөнхий сайд Марк Рютте өнгөрсөн сард огцорсон шалтгаан нь “Эрх чөлөө” хэмээх цагаачлалын эсрэг нам төсвийн зардлыг бууруулах, татвар нэмэх бодлогыг дэмжээгүйгээс бол­жээ.

Амстердамын Эдийн засгийн их сургуулийн профессор Сведер ван Винберген “Хямрал ойртож байгааг бид мэдэж байсан. Манай орон Испани, Грек биш, гэхдээ бас Герман ч биш. Бид энэ хямралаас гарахыг оролдож байгаа. Гэхдээ бүх зүйл Германаас хамаарна” хэмээн тайлбарлаж байна.

Энэ талаар “businessweek.com” сайт “Хүнсний тусламж авдаг голландчууд Европ тивийг нөмөрсөн эдийн засгийн хямралыг бодитоор харуулж байна” хэмээн бичжээ. Нийслэл Амстердамын дагуул хот Бос эн Ломмерт л гэхэд үдийн хоолны үеэр асар олон хүн үнэгүй талх, төмс, будаа, жүүс авахаар дугаарладаг. Тэдний тоо ирээдүйд улам нэмэгдэх төлөвтэй.

Ер нь Голландад 135 хүнсний банк байдаг. Эдгээр банкны ачаар сард 180 еврогоос бага цалинтай хүмүүс өлбөрч үхэлгүй амьдардаг аж.

Өмнө нь зөвхөн орон гэргүй хүмүүс л хүнсний банкаар үйлчлүүлдэг байсан. Гэтэл ажилгүйдэл ихсэхийн хэрээр дунд давхаргынхан хүртэл энд ирэх болжээ. Мөн цалин тавихгүй уддагаас дундаж орлоготой хүмүүс хүртэл хүнсний банканд хандах тохиолдол олширсон байна. Хүнсний банкны зөвлөлийн гишүүн Пит ван Дьепен “Голландад нийт 23 мянга гаруй хүн ийм тусламж хүртдэг” хэмээн мэдэгдлээ.

Их Британи зэрэг оронд хүнсний банкны тоо нэмэгдсээр 200 гаруй болжээ. Энэ улс Европын холбооны зардлаа хамгийн их танасан 10 орны нэг боловч тавдугаар сард бас л бууралт ажиглагджээ. “2015 он гэхэд 445 хүнсний банкаар жилд 450 мянган хүн үйлчлүүлэх төлөвтэй байна. Сүүлийн жи­лүүдэд залуус их нэмэгдэж, 41-65 мянгад хүрсэн” хэмээн “Trussell Trust” мэдэгдэв.

Нэмж өгүүлэхэд хамгийн анхны хүнсний банкийг “Trussell Trust” хэмээх Христийн байгууллага 2000 онд санаачилжээ. Анх байгалийн гамшигт өртсөн хүмүүст гурав хоногийн хүнсний тусламж үзүүлэх зорилгоор байгуулсан бөгөөд одоо Англи даяар түгсэн аж. Их Британийн хүн амын гуравны нэг нь ямар ч хадгаламжгүй. Зарим нь байрны төлбөр, хувцас хунар, хоол хүнсэнд цалингаа хүргэх гэж зовдог аж. Тэр бүү хэл хүүхдүүдээ хооллохын тулд өөрсдөө хэд хоног өлсдөг гэр бүлүүд байна. Хүйтний улиралд хүнс, түлшний үнэ огцом өссөнтэй холбоотойгоор анг­личууд түрээсээ төлж дулаан байх, эсвэл хооллох хоёрын аль нэгийг сонгоход хүрч байв. Жишээлбэл, жирэмсэн эмэгтэй дулаацах гэж номын тавиураа ша­таасан тохиолдол гарчээ.

Их Британийн 13 сая иргэн ядуугийн туйлд амьдарч байгаа талаар “trusselltrust.org” мэдээлж байна. 2011-2012 онд 128687 англи хүн “foodbanks”-аас тусламж авчээ. Харин Норвег улсад нөхцөл байдал харьцангуй гайгүй. Гэвч энд үнэгүй шаурм /махан хавчуургатай хоол/, жимсний ундааны төлөө зодолдож байна.

Европын өрийн хямралын төв нь Афин боловч энэ тив бүхэлдээ дэлхийн II дайны үеэс хойш үзэгдээгүй уналтын эсрэг тэмцэж байна. Дөрөвдүгээр сард евро бүсийн ажилгүйдэл 15 жилийн хугацаанд хамгийн дээд хэмжээнд хүрсэн, гэтэл эдийн засаг сүүлийн гурван жилд хоёр дахь удаагаа буурсан. Иймээс бага цалин, зах зээлийн хөдөлгөөн, эдийн засгийн сааралтад зохицохын тулд европчууд дасал болсон ажил, орон байр, дадал зуршлаа ч өөрчлөх болжээ. Үнийн индексийн “Euro Stoxx 50” үзүүлэлтээс үзэхэд евро бүсийн хамгийн том 50 компанийн зах зээлийн үнэ сүүлийн таван жилд нэг триллионоор багассан байна. Мөн Европын үл хөдлөх хөрөнгийн үнэ 2007 оны оргил үеэс 33 хувиар унажээ.

Сүүлийн 12 сард Ирланд улсад цагаачлал XIX зуунаас хойш дээд түвшинд хүрч, 76400 хүн гадагшилжээ. Харин Испаний хувьд 2006 онд евро бүсдээ хамгийн олон цагаач хүлээн авч байсан. Гэтэл зөвхөн өнгөрсөн жил 50090 хүн энэ улсыг орхин оджээ. Түүнчлэн Грек, Испанид ажилгүйдэл 50 хувьд хүрсэн учраас залуус гадаад руу дүрвэх нь олширчээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.