2012.06.09

Нийслэлд наадмаас өмнө 5000 гэрэлтүүлэг нэмж суурилуулна

НЗДТ-аас мэдээлж буй­гаар 2012 онд Улаанбаатар хотод нийтийн цэцэрлэг, хүүхдийн тоглоомын тал­бай, биеийн тамирын гээд 103 талбайг шинээр байгуулжээ. Түүнчлэн хот тохижилтод зориулж, 5000 орчим гэрэлтүүлэг нэмж суурилуулахаар болсон байна.


Одоогийн байдлаар нийслэлд бүрэн ажил­лагаатаэй 1900 орчим гэрэлтүүлэг байдаг аж. Үүнээс гадна 192 км явган хүний замыг дэлхийн стандартын шаардлага хангасан хавтангаар тавих бөгөөд 93 км/кв зүлэг тарихаар төлөвлөсөн байгаа аж. Мөн 10 мянга орчим м.кв талбайд цэцгийн мандал байгуулж, 14 усан оргилуурыг шинээр байгуулахаар болжээ.

Хамгийн гол нь дээр дурдсан ажлуудыг Улсын баяр наадмын өмнө хийж дуусгахаар төлөвлөсөн байна. Эдгээр ажлын хажуугаар замын тэмдэглэгээ, цагаан шугам, замын урсгал засвар, нөхөөс тавих зэрэг ажлуудыг ч наадмаас өмнө амжуулахахаар ажиллаж байгаа гэлээ.

Хотын Ерөнхий менежер Ч.Батын хэлснээр хот тохижилттой холбоотойгоор шинээр хийгдэж буй ажлууд энэ онд цөөнгүй бий аж. Тухайлбал, нийслэлийн төв хэсэгт байрладаг барилгын пассадыг шинэчлэх асуудал. Одоогоор ОХУ-ын Элчин сайдын яамны орчим, Бага тойруу, Их дэлгүүрээс хойших Жуулчны гудамж хүртэлх барилгуудын пассадыг шинэчилж эхэлсэн байна.

Улаанбаатар хот Японы “JICA” байгууллагатай хамтарч “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах” мастер төлөвлөгөөг гаргаж үе шаттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүний хүрээнд Улаанчулуутын хогийн цэгийг хааж, Нарангийн энгэрт орчин үеийн технологи бүхий хогийн цэг байгуулсан. Нарангийн хогийн цэгийн дэргэд эмнэлгийн хог хаягдлыг шатаах үйлдвэрийг ашиглалтад оруулсан.

Мөн өдөрт 80 тонн хог ялгаж, ангилаад хатуу, утаагүй түлш үйлдвэрлэх үйлдвэрийг Солонгосын “Койка” байгууллагын тусламжтайгаар байгуулаад, ашиглалтад хүлээж авч байгаа аж. Одоогоор хогийн цэгээс хог түүдэг 30-аад хүнийг ялгах дамжлага дээр ажиллуулж, шинээр ажлын байр бий болгох, энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэхэд нэмэр болох ажлыг эхлүүлжээ.

Мөн хотын зүүн талд Цагаан даваанд шинээр хогийн цэг байгуулах шийдвэр гарч, нийслэлийн төсөвт тодорхой хөрөнгө мөнгө хуваарилж, ажлаа эхлүүлсэн байна. Цагаан давааны хогийн цэгийн ажил ирэх сард дуусна. Эхний ээлжинд Баянзүрх дүүргийн хогийг энэ сарын дөрөвнөөс Цагаан давааны хогийн цэгт хүлээж аваад эхэлчихсэн. Харин долоодугаар сараас Сүхбаатар дүүргийн хогийг тээвэрлэнэ. Тэгэхээр өдөрт нэг эргэлт хийдэг байсан бол 2-3 явах давтамж нь нэмэгдэж байгаа юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.