Г.Баярсайхан:Бидний хийж байгаа үйлдлийг Хятадын Засгийн газар бүрэн ойлгоно гэдэгт итгэж байна
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг, эдийн засагч Д.Жаргалсайхан нар хэвлэлийн бага хурал зарлаж Канадын “Айвенхоу” компанийн охин компани “Саусгоби сэндс” нь Өмнөговь аймгийн найман суманд 303 хавтгай дөрвөлжин км талбай эзлэн орших олон зуун сая тоннын нөөцтэй нүүрсний лицензүүдийг Хятадын “Чалько” компанид зарснаар Хятадын Засгийн газар тус ордуудын 71 хувийг эзэмших болсон хэмээн мэдээллээ.Эдийн засагч Д.Жаргалсайхан “Би улс төрийн намын гишүүн биш. Би Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Гадаадын хөрөнгө оруулалт манай улсад хэрэгтэй. Гэхдээ дөрөвдүгээр сарын 2-нд гарсан “Саусгоби сэндс” компанийн мэдэгдэл миний тэвчээрийг барлаа. “Financial times” сонин “Саусгоби сэндс” компанийн 57,6 хувийг Хятадын төрийн өмчийн “Чалько” компанид зарах болсныг мэдээлсэн. “Чалько” буюу “China Charcoal” компани өмнө нь тухайн ордын 14 хувийг эзэмшдэг байсан бол одоо 71,6 хувийг эзэмшдэг болох гэж байна. Тэд Монголоос зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн утгатай зүйл хэлсэн байсан. Тэд хэн болоод бидний өмнөөс албан бусаар зөвшөөрч буйн учрыг олмоор байгаа юм” гэлээ.“Чалько” компани Тавантолгойн нүүрсийг тонныг нь 70 ам.доллараар авахаар тохироод Засгийн газарт 250 сая ам.долларыг нь өгчихөөд байгаа.
Өнөөдөр гэтэл Тавантолгой компани үйл ажиллагаа явуулах мөнгөтэй эсэх нь мэдэгдэхгүй байна. Үнэндээ Хятадын Засгийн газраас авсан мөнгөө Хүний хөгжил сангаар дамжуулан тараагаад дууссан. Төр барьж байгаа хүмүүс сонгуулийнхаа амлалтыг ямар ч үнээр хамаагүй биелүүлэх гэж оролдсоноос болоод ийм байдалд хүрчихлээ” гэсэн юм.УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг “Хятадын Засгийн газрын “Шинхуа” гэх дэлхийн хамгийн том нүүрсний компани үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр бидний байгалийн баялгаасаа олж авах орлогын ганц итгэл найдвар болсон нүүрсний олборлолт, боруулалт, худалдан авалт бүгд нэг гарт төвлөрч байна. Аль ч улсад өөр орны Засгийн газрын компани орж ирвэл монополь үнэ тогтдог. Монополь үнээс бүх улс айдаг. Ийм байдалд орохоос өмнө төр, засаг дуугарах ёстой байсан. Харин төр дуугарахгүй бол иргэд дуугарна” гэж байв.
Гишүүн Г.Баярсайхан “Үнэхээр бид ардчилсан орны ардчилсан иргэд л юм бол бүгдээрээ чадах бүхнээ хийх хэрэгтэй. Иргэдийнхээ хүсч байгаа зүйлийг энэ төр, засаг хийхгүй бол бидэнд өөр төр, засаг хэрэгтэй. Бидний хийж байгаа үйлдлийг Хятадын Засгийн газар бүрэн ойлгоно гэдэгт итгэж байна. Бид шударга үнэний дуу хоолой болж байсан хүмүүс. Тиймээс ч энэ асуудлаар үгээ хэлж байна” гэлээ.Английн хуулиар “Саусгоби сэндс”-ийн зарж байгаа хувьцааг 35 хүртэлх хоногийн турш барьдаг. Бусад хувьцаа эзэмшигчдийн саналыг энэ хугацаанд авах юм байна. Одоогоор 30 хоног үлджээ. Тэгэхээр хууль яаралтай гаргах хэрэгтэй. Австрали, Канад, Англи, Америк гээд өндөр хөгжилтэй бүх оронд ийм хууль байдаг. Харин манайд хууль эрх зүйн орчин нь байхгүй гэдгийг хэллээ.“30 хоногийн дотор хуулиа баталчихвал хувьцааны наймаа хүчингүй болно.
Английн хувьцаа эзэмшигчдийнхээ сонирхлыг хадгалдаг мундаг хуулийн хүрээнд бидэнд боломж гарсан. Хэрэв энэ төр, засаг хуулийг батлахгүй бол сонгуульд оролцохгүй байх нь иргэдийн эрх. Сонгуулиас илүү амин чухал асуудал тулж ирээд байна. Энэ хүмүүсийг хууль баталтал нь Сүхбаатарын талбайд жагсч шаардана. Улс орныхоо амин чухал асуудлын төлөө хууль батлаагүй 76 гишүүнийг дахин сонгохгүй байсан ч болно” гэж эрхэм гишүүн хэлсэн юм.