Оюутолгойн шинэ нөөц, Ухаа худагийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдлаа
2012.02.14

Оюутолгойн шинэ нөөц, Ухаа худагийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдлаа

Оюутолгойн орд газарт шинээр их хэмжээний зэс болон алтны нөөц илрээд байгаа билээ. Үүнтэй холбоотой олон асуудал ар араасаа хөвөрч буй энэ үед УИХ-ын Ардчилсан намын бүлгээс Оюутолгойн шинэ нөөц, Ухаа худагийн асуудлаар ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ. Энэхүү шийдвэрийг энэ сарын 13-ны өдөр Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагааны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.22 дахь заалтуудыг тус тус үндэслэн гаргасан байна.

Тус ажлын хэсэг нь Оюутолгойн шинэ нөөцтэй “Entrie Gold” гэх компани холбоотой эсэх, холбоотой бол Монгол Улсын хууль тогтоомж, энэ ордыг ашиглахтай холбогдуулан цаашид авах арга хэмжээ болон Тавантолгойн орд газрын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын тусгай зөвшөөрөлд шилжүүлсэн болон уг ордоос Ухаа худагийн ордыг тусгаарласан үйл ажиллагаа хууль, тогтоомжид нийцсэн эсэх маргааныг судалж, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэгтэй ажээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг ахалж буй агаад бүрэлдэхүүнд нь Р.Амаржаргал, Б.Батбаяр, Н.Батбаяр, Л.Гантөмөр, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нарын гишүүд багтсан байна. Эдгээр асуудлаар боловсруулсан санал, дүгнэлтээ Бүлгийн хуралд танилцуулах үүргийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг хүлээжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.