“Саусгоби сэндс”, “Чалько”-гийн наймаа үндэсний аюулгүй байдалд ноцтой халдсан гэв
2012.04.12

“Саусгоби сэндс”, “Чалько”-гийн наймаа үндэсний аюулгүй байдалд ноцтой халдсан гэв

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг болон эдийн засагч Д.Жаргалсайхан нар сүүлийн үед Монголын улс төрд үүсээд байгаа Оюутолгойн маргааныг уул уурхайн салбарын цаана хийгдэж байгаа нууц гэрээ хэлэлцээрийг далдлах үүднээс олон нийтийн анхааралд хандуулах гэсэн оролдлого гэж хэлэв. Мөн Канадын “Айвенхоу” компанийн охин компани “Саусгоби сэндс” нь Өмнөговь аймгийн найман суманд 303 хавтгай дөрвөлжин км талбай эзлэн орших олон зуун сая тоннын нөөцтэй нүүрсний лицензүүдийг Хятадын “Чалько” компанид зарснаар Хятадын Засгийн газар тус ордуудын 71 хувийг эзэмших болсныг тэд мэдэгдсэн юм. “Саусгоби сэндс” болон “Чалько”-гийн энэхүү наймаа үндэсний аюулгүй байдалд ноцтой халдсан үйл явдал бөгөөд үүнийг таслан зогсоох арга байгааг хэллээ. Энэ үеэр эдийн засагч Д.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

Д.Жаргалсайхан: Энэ төр засаг хийхгүй бол бидэнд өөр төр засаг хэрэгтэй

-Чухам ямар наймаа болсон юм бэ. Төр засгийн зүгээс ийм том наймааг зөвшөөрсөн хэрэг үү?


-Би аливаа улс төрийн намын гишүүн биш. Би Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Гадаадын хөрөнгө оруулалт манай улсад хэрэгтэй. Гэхдээ дөрөвдүгээр сарын 2-нд гарсан “Саусгоби сэндс” компанийн мэдэгдэл миний тэвчээрийг барлаа. “Financial times” сонин “Саусгоби сэндс” компани “Айвенхоу” компанийн 57.6 хувийг Хятадын төрийн өмчийн “Чалько” компанид зарах болсныг мэдээлсэн. “Чалько” буюу “China Charcoal” компани өмнө нь тухайн ордын 14 хувийг эзэмшдэг байсан. Одоо 71.6 хувийг эзэмшдэг болох нь. Энэ тухай Засгийн газарт албан бусаар мэдэгдсэн гэж байна билээ. Ер нь бол Монголоос зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн утгатай зүйл хэлсэн байсан. Тэд хэн болоод бидний өмнөөс албан бусаар зөвшөөрч буйн учрыг олмоор байгаа юм.

-Яагаад ийм зүйл болчихов оо?


-Би иргэний нийгмийн төлөөлөл. Яахаараа хаа хамаагүй нэг компани Монгол Улсын томоохон ордыг зарахдаа зүгээр л албан бусаар дуулгаад өнгөрдөг юм бэ. Үүнийг манай хууль зөвшөөрч байгаа бол бид зогсоох хэрэгтэй. Угаасаа “Чалько” компани Тавантолгойн нүүрсийг тонныг нь 70 ам.доллараар авахаар тохироод энэ Засгийн газарт 250 сая ам.долларыг нь өгчихөөд байгаа. Өнөөдөр гэтэл Тавантолгой компани үйл ажиллагаа явуулах мөнгөтэй эсэх нь мэдэгдэхгүй байна. Үнэндээ Хятадын Засгийн газраас авсан мөнгөө “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан тараагаад дууссан. Төр барьж байгаа хүмүүс сонгуулийнхаа амлалтыг ямар ч үнээр хамаагүй биелүүлэх гэж оролдсоноос болоод ийм байдалд хүрчихлээ. Энэ бол аль нэг намын асуудал биш.

-“Чалько”-гоос гадна Хятадын ямар компани манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа вэ?


-Хятадын Засгийн газрын “Шинхуа” гэх дэлхийн хамгийн том нүүрсний компани үйл ажиллагаа явуулж байгаа. Өнөөдөр бидний байгалийн баялгаасаа олж авах орлогын ганц итгэл найдвар болсон нүүрсний олборлолт, боруулалт, худалдан авалт бүгд нэг гарт төвлөрч байна. Аль ч улсад өөр орны Засгийн газрын компани орж ирвэл монополь үнэ тогтдог. Монополь үнээс бүх улс айдаг. Ийм байдалд орохоос өмнө төр засаг дуугарах ёстой байсан. Харин төр дуугарахгүй бол иргэд дуугарна.

-Одоо яах ёстой вэ?


-Маш яаралтай, энэ сардаа багтаан бусад орны Засгийн газрын оролцоотой компанийн эзэмшлийн хувь хэмжээнд хязгаарлалт тавьсан хууль батлах хэрэгтэй байна. Английн хуулиар бол “Саусгоби сэндс”-ийн зарж байгаа хувьцааг 35 хүртэлх хоногийн турш барьж байдаг. Бусад хувьцаа эзэмшигчдийн саналыг энэ хугацаанд авах юм. Гэтэл одоо 30 хоног үлдээд байна. Тэгэхээр хууль яаралтай гаргах хэрэгтэй. Австрали, Канад, Англи, Америк гээд өндөр хөгжилтэй бүх оронд ийм хууль бий. Гэтэл манайх ийм хууль батлахгүй байна.

-Манайхан хууль батлах гэж цаг их алддаг. Нэн шаардлагатай байгаа энэхүү хууль 30 хоногийн дотор амжиж батлагдахгүй бол яах вэ?


-Үнэхээр бид ардчилсан орны ардчилсан иргэд л юм бол бүгдээрээ чадах бүхнээ хийх хэрэгтэй. Иргэдийнхээ хүсч байгаа зүйлийг энэ төр засаг хийхгүй бол бидэнд өөр төр засаг хэрэгтэй. Бидний хийж байгаа үйлдлийг Хятадын Засгийн газар бүрэн ойлгоно гэдэгт итгэж байна.

-30 хоногийн дотор хуулиа баталчихвал тухайн ордууд Монгол Улсад үлдэх үү?


-30 хоногийн дотор хуулиа баталчихвал хувьцааны наймаа хүчингүй болно. Английн хувьцаа эзэмшигчдийнхээ сонирхлыг хадгалдаг мундаг хуулийн хүрээнд бидэнд боломж гарсан. Хэрэв энэ төр засаг хуулийг батлахгүй бол сонгуульд оролцохгүй байх нь ч иргэдийн эрх. Сонгуулиас илүү амин чухал асуудал тулж ирээд байна. Энэ хүмүүсийг хууль баталтал нь Сүхбаатарын талбайд жагсаж шаардана. Бид хууль батлаагүй 76 гишүүнийг дахин сонгохгүй байсан ч болно шүү дээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.